”Монгол орны ойн үндэсний бодлого” хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

”Монгол орны ойн үндэсний бодлого” хэлэлцүүлэг боллоо

2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Ойн газрын хурлын танхимд “Монгол орны Ойн үндэсний бодлого” хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл нээж үг хэлсэн байна. Уг хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны Тогтвортой хөгжил, стратеги төлөвлөлтийн газрын дарга Ц.Банзрагч, Ойн газрын дарга М.Тунгалаг, тус газрын хэлтсийн дарга Л.Ням, холбогдох мэргэжилтэнүүд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн техникийн ахлах зөвлөх Доминик Рийб, аймгуудын БОАЖГ-ын дарга нар оролцлоо.

Уг хэлэлцүүлэгт Монгол улсын ойн үндэсний бодлогын баримт бичиг боловсруулахаар ой бүхий аймгийн нутагт санал асуулга, уулзалт, хэлэлцүүлэг хэрхэн зохион байгуулсан тухайгаа Ойн үндэсний бодлого боловсруулах судалгааны багийн ахлагч, эрдэмтэн З.Цогт танилцуулсан байна. Мөн Монгол улсын ойн үндэсний бодлогын баримт бичгийн төсөл хэрхэн боловруулсан тухай Төсөл боловсруулах багийн ахлагч, эрдэмтэн Ч.Доржсүрэн илтгэл тавьж, нийт оролцогчдоор хэлэлцүүлжээ. Уг хэлэлцүүлэгт оролцогчид зохион байгуулах ажлын хэсэгт хуваагдан “Ойн үндэсний бодлого” баримт бичгийн төслийг эцэслэн хэлэлцээд гарсан санал шүүмжлэлийг дахин тусгаж холбогдох төрийн төв байгуулллагад өгөхөөр болжээ. 

Энэхүү баримт бичгийн төслийг боловсруулахын тулд ой бүхий аймгуудын нутгаар ойн үндэсний бодлого боловсруулах эрдэмтэд өнгөрсөн 2011 онд судалгааны ажлаар явж, ойн бодлогод тусгах тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлгүүдийг Баруун бүс (Өвөрхангай, Архангай, Завхан аймгийн Тосонцэнгэл, Хөвсгөл),  Зүүн бүс (Хэнтий, Дорнод аймаг)-т, Төвийн бүс (Орхон, Дархан уул аймаг, Улаанбаатар хот)-д  удаа дараа зохион байгуулсан байна. Бодлогын энэ баримт бичгийн төсөлдөө ойн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, нөхөрлөл, иргэд болон төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, багш нараас гарсан санал хүсэлтийг тусгасан байна.

Ойн үндэсний бодлогын баримт бичгийн төслийг  боловсруулах ажлыг НҮБ-ын ХХААБ-ын санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд гүйцэтгэсэн ажээ.






“Ногоон ертөнц байгаль орчин” ТББ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж