Сайдад нэр дэвшигчдэд Ерөнхийлөгч ”жавтий” хүртээв

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Сайдад нэр дэвшигчдэд Ерөнхийлөгч ”жавтий” хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан зургаан сайд мөн тэдний оронд сайдад нэр дэвшээд буй эрхмүүдийг хүлээн авч уулзаж, байр сууриа илэрхийллээ. Энэхүү уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд мөн оролцсон юм.

Төрийн тэргүүний хувьд эхлээд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан сайд нарын асуудлыг УИХ-аар авч хэлэлцэн шийдвэрээ гаргасны дараа шинээр томилогдох сайдуудыг хэлэлцэн батлах ёстой. Чөлөөлдөг УИХ нь яараагүй байхад, томилох, зөвшилцөх гэж байгаа Ерөнхий сайд Ерөнхийлөгч хоёр яарах шаардлагагүй гэсэн юм. Ингэж хаширласан нь, УИХ-аар чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн сайд нарын асуудлыг хэлэлцтэл олонхи гишүүн зарим сайдуудыг “Чөлөөлөхгүй” гэдэг шийдвэрийг гаргаж болох талтай тул сайдад нэр дэвшигчдийг хоёрдугаарт тавих ёстой гэж үзэж байна. Мөн Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөхөөр өргөдөл мэдүүлсэн сайдууд төрд ажлаа тайлагнах ёстойг санууллаа. Учир нь тэд УИХ-аас томилогдохдоо тодорхой ажил хийнэ гэж амласан. Тухайн үед сайд нарыг томилохдоо байнгын хороо хүн бүрээр ярьж, УИХ-аар баталсан. Нөгөөтэйгүүр, хамтарсан Засгийн газар их зовж байгуулагдсан учраас түүнд багтаж байсан сайдууд юуны өмнө ард түмэндээ хийсэн бүтээснээ тайлагнаж дүгнүүлэх ёстой болохыг онцлов. Тиймээс ч Тамгын газрын дарга Д.Баттулгаар дамжуулж өнөөдөр “Чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн зургаан сайдын асуудлыг УИХ-аар ярихыг зөвшилцлөө” гэдэг агуулгатай бичгийг хүргүүлэх болно гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ “Томилогдох гэж байгаа хүмүүстэй одоо би ярина. Зургаан хүнийг гаргаж ирсэн шалгуур юу байв. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Ерөнхий сайдтай уулзаж ярилцах үеэрээ “Засгийн газрын гишүүдийг оруулж ирэхдээ УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр давхар томилдгоо болъё” гэж тодорхой асуудлыг тавьсан.  Үндсэн хуулийн практикаар одоо УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болно. Гэхдээ байхгүй ч байж болно. Гол нь байхгүй байдаг энэ жишгийг цаашаа авч явъя л гэсэн. Өнөөдөр УИХ-ын гишүүнийхээ ажлыг дийлэхгүй шахам байж, дээр нь Засгийн газрын гишүүн болно гээд орж ирж байгаа нөхдүүдийн үйлдлийг бид зогсоох ёстой. УИХ, Засгийн газрын хооронд хяналтын тогтолцоо бүрэн алдагдсан. Үүнийг энэ удаагийн бүтэц бүрэлдэхүүнээр залруулъя гэж маш тодорхой хэлсэн. Сонгууль болох гэж байна, улстөрчид тодорхой сонголтоо хийх гэж байна. Гэтэл сайдад нэр дэвшүүлсэн зургаан хүний гурав нь УИХ-ын гишүүн байна. Үүнд тайлбар өгье гэвэл сонсъё” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд:-Монгол төрийн үйл ажиллагаа өнөөдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хууль, хууль дүрмийнхээ хүрээнд явах ёстой. Тийм учраас өнөөдөр Засгийн газрын гишүүдээс чөлөөлөгдөх асуудал, Засгийн газрын гишүүнээр томилогдох асуудал хуулийн дагуу шийдэгдэх ёстой учраас хуулийн дагуу асуудлыг тавьсан. Цаашдаа УИХ дээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд мөн УИХ, Засгийн газрын хуульд зохих хязгаарлалт өөрчлөлтийг оруулж УИХ, Засгийн газрын гишүүний давхцлыг ярилцах ёстой гэдэг асуудал цаашид бидний батлах хууль дүрмийн хүрээнд маш тодорхой болгох ёстой зүйлийн нэг гэлээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:- Үндсэн хууль бол бүхний хаалт биш. Хууль тогтоох эрх мэдлээс илүү том эрх мэдэл гэж байхгүй. Энэ эрх мэдлийг хэрэгжүүлээд сууж байгаа УИХ-ын гишүүн нэмж Засгийн газрын гишүүний эрх эдэлнэ гэдэг байж болохгүй. Үүнийг Үндсэн хуулиар хориглоогүй, амьдралд хэвшил болгоод явчих ёстой. Өвөг дээдэс сургасан байдаг, их яарсан хүнээр төрд битгий ажил хийлгэ, их хүссэн хүнийг төр лүү битгий ойртуулаа гэж…

Өчигдөр харж байхад нэг их яарсан хүмүүс. Сайдад нэр дэвшигчдийг томилоогүй байснаар ямар нэг хийдэл, завсардал гарахгүй. Засгийн газрын гишүүд өөрчлөгдөөгүй байгаа. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаа хийлээ. 3.6 жил бид яараагүй. Тавдугаар цахилгаан станцыг бариач гэдэг асуудлыг би хоёр, гурван жилийн өмнө ярьж байсан, огт шийдэгддэггүй. Утаа, төмөр замын асуудал байна, энэ бүхэн дээр яараагүй шүү. Хугацаа хангалттай байсан. Зөвшилцөнө гэдэг бол Үндсэн хуулийн ойлголтоор энэ томилгооны зөв бурууг ярилцана л гэсэн үг гэж ойлгож байгаа. Тэгэхээр намын гаргасан шийдвэр, бидний гаргасан шийдвэр, үүгээр Ерөнхийлөгч ажиллах ёстой энэ бол эцсийн шийдвэр гэж харж байгаа бол туйлын буруу. Энэ асуудал дээр бодлоготой хандах ёстой. Лав л сайдгүй боллоо, энэ хүнийг хурдан томилоодох гэж яамдууд яарахгүй байна. Хандлага нь харин сайдад нэр дэвшсэн сулхан, тааруухан хүмүүсийг нэг өдөр ч болов хол байгаасай гэж хүсч байна гэсэн өнгөтэй байгаа шүү гэдэг үгийг хэлсэн юм. Ингээд УИХ-ын гишүүн, сайдад нэр дэвшсэн зарим эрхмүүдийг ёстой нэг болгож тавив.

 Хамгийн эхний хүн нь УИХ-ын гишүүн Ц.Дашдорж байлаа. “Дашдорж гэж нөхөр байна уу, сайдын албыг чөлөөт цагаараа хийдэг ажил юм биш шүү. Тэгж ойлгож байгаа бол эндүүрэл. 2004-2008 онд Барилга хот байгуулалтын  яамны дэд сайд байсан байх аа. Өөрийг чинь Барилга хот байгуулалтын дэд сайд гэж танихгүй ажлаа өгч байлаа, би тэр үед. Одоо тэр ажил дээр чинь зам тээвэр,  төмөр зам, авто зам, онгоц гээд маш олон зүйл нэмэгдсэн. Үнэхээр ажилламаар байгаа бол надтай хамт маргааш Оюутолгой, Тавантолгойн орд руу явах ёстой. Өмнөх сайдуудтайгаа уулзсан уу, хийсэн ажилтай нь танилцсан уу. Өмнө нь Ерөнхий сайдаар гарч ирж байхад сайдад нэр дэвшигчиддээ ийм шаардлага тавьдаг байсан. Энэ бүхнийг Ц.Дашдоржоо хийсэн байх ёстой. Ямар ид шидээр юугаар олон санал авсан нь хамаагүй, энэ бол Ерөнхий сайдын санал гэж ойлгож байгаа” гэсэн юм. Ямартай ч Ц.Дашдорж гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч сайд болох  төвшний хүн биш гээд бараг ил тод дүгнэчихлээ.

Мөн гишүүн Д.Хаянхярваад хаягласан үг ч хэллээ. “Таны нэр сайдад дэвшсэн үеэс Хонгор сумаас надад маш олон гомдол ирсэн. Хонгор суманд долоо хоногт 2-3 хүн хорт хавдраар нас барж байна гэж мэдээлсэн. Та  Хонгор суманд заавал очих ёстой, Төсвийн байнгын хорооны дарга учир хөрөнгө мөнгийг нь шийдэх ёстой. Өмнө нь манайхаас Ерөнхий сайд очоод тодорхой зүйлүүд амлаад шийднэ гэж байсан, Засгийн уламжлалт бодлого байх ёстой” гэсэн юм.

Батлан хамгаалахын сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын тухайд, “Батлан хамгаалах яаманд очих хүн зангарагтай хүн байх ёстой, тэр хамт олон маш чухал шүү гэж би маш тодорхой хэлсэн.” гэлээ. Эндээс төрийн тэргүүн, бүх цэргийн Ерөнхий командлагчийн хувьд нэр дэвшигчийг “голж” байгаа нь харагдлаа.

Тэрээр үгийнхээ төгсгөлд “Оюутолгой, Тавантолгойн орд руу төлөвлөснийхөө дагуу маргааш өглөө явна. Ирэх даваа гаригт үдээс хойш буцаж ирнэ. Тэр болтол УИХ чөлөөлөх хүмүүсээ чөлөөлөг. Хэвлэл мэдээллээр дамжуулж ажил хиймээргүй байгаа шүү, араас битгий мэдэгдэл хийгээд байгаарай. Би тэнд ажил хийж яваа хүн. Даваа гаригийн үдээс хойш ирээд зөвшилцөл, миний хэлсэн ярьсан зүйлүүд өмнө нь байгаа сайд нарын асуудал энэ бүхнийг харна. Төрийн ажил бол өөрийн хууль дүрэм жаягтай. Бид үүнийг хийх ёстой” гэсэн юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж