“Автобустай аялал”-д урьж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

“Автобустай аялал”-д урьж байна

ЕБС-ийн сурагчдын хоёр­дугаар улирлын буюу хагас жилийн амралт эхлээд бай­гаа билээ.  Нэг, хоёрдугаар ангийн сурагчид өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригаас 14 хоног амарч эхэлсэн бол бусад ангийн сурагчдын долоо хоногийн амралт маргаашнаас эхэлнэ. Сурагчдын амралтыг зугаатай өнгөрүүлэх үүднээс Үндэсний соёл амралтын хүрээ­лэн олон сонирхолтой арга хэм­жээ зохион байгуулахаар төлөв­лөжээ.Тэд бага ангийн сурагчид зориулан “Автобустай аялал”-ыг санал болгож байгаа аж.  Бага ангийн хүүхдүүд энэхүү аялалд оролцох хүсэлтээ ирүүлбэл  ҮСАХ-гийнхэн тусгай автобусаар сургууль дээрээс нь авах юм байна.  Ингээд парк дээр ирж Бонгын ертөнцийн 10 гаруй төрлийн тоглоомоор хоорон­доо өрсөлдөн тоглохоос гадна авто­мат тоглоомоор тог­­лох боломжтой. Мөн анги, хамт олноо­роо паркын хүссэн газраа гэрэл зургаа даруулахаас гадна ҮСАХ-гийнхний зүгээс үдийн хоолоор дайлах юм байна. Дөрвөн цаг үргэлжлэх энэхүү аяллын үнэ 10 мянган төгрөг гэнэ. ҮСАХ-гийнхэн  дунд болон ахлах ангийнханыг ч мартаагүй бөгөөд тэдэнд зориулан “Аз жаргалын гулгалт”-ыг санал болгож байгаа юм. Анги хамт олноороо болон найз нөхдөөрөө ирж цагаа сайхан өнгөрөөх боломжтой энэхүү аялалд хамрагдсанаар паркийн мөсөн гулгуурын талбай дээр дураараа гулгаж болох нь ээ. Зөвхөн гулгаад зогсохгүй хамт олных нь дунд олон төрлийн хөгжөөнт тоглоом зохионо гэдгийг паркийнхан хэлж байна. “Ур чадвараа шалгацгаая”, “Хамгийн хурдан гулгагч хэн бэ”, “Хэний баг хамгийн чадварлаг вэ”, “Уран гулгалтын тэмцээн” зэрэг уралдаанд амжилттай оролцсноор бэлэг гардаж авах боломжтой гэсэн шүү. Түүнээс гадна энэхүү аяллын хөтөлбөрт үдийн хоол багтжээ.

Мөн тус төв нь орчин үеийн тоноглолтой боулингийн танхим, ширээний теннис, биллъярд, караоке зэрэг чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх олон газартай юм.  Үнийн хувьд боулинг нь насанд хүрсэн хүн ажлын өдрүүдэд 4000, амралтын өдөр 7000. Хүүхэд 3500 төгрөгийн үнэтэй ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж