Төсвийн мэдээллийн эрх чөлөө

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Төсвийн мэдээллийн эрх чөлөө

Монгол улсын сүүлийн 10 жилд баримталсан төсвийн бодлого нь санхүүгийн харилцааны хууль эрх зүйн орчныг үндсээр нь шинэчлэн, төсвийн бодлогыг макро эдийн засгийн тогтворжуулалтын нэг үндсэн хэрэгсэл болгож төлөвшүүлэх замаар санхүү-төсвийн харилцааны тунгалаг, оновчтой байдлыг хангаж төсвийн сайн засаглалд шилжих түүхэн алхам хийхэд чиглэгдэж зохих үр дүнд хүрээд байна. Үүний тод илрэл бол УИХ 2010 онд баталсан Төсвийн тогтвортой байдлын хууль болоод түүний үргэлжлэл болгож 2012 оны төгсгөлд баталсан Төсвийн тухай хууль юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улс орны макро түвшний зорилтууд болох нийт орлого, нийт зарлага,  улсын өрийн хязгаар зэрэг үндсэн хязгаарлалтууд буюу тусгай шаардлагуудыг тогтоож, түүнийг хууль тогтоох засаглал хэрхэн хэрэгжүүлэх тухай хэм хэмжээг  тогтоож өгсөн. Харин Төсвийн тухай хуулиар Төсвийн тогтвортой байдлын хуулиар тогтоосон тэрхүү тусгай шаардлагын хүрээнд  иргэдэд хүргэх төрийн үйлчилгээ, улс орныг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүд хэрхэн хамгийн үр ашигтай байдлаар жилийн төсөв болж батлагдан зарцуулагдах үйл явцын дараалал, зарчим, оролцогч талуудын эрх, үүрэг, хяналт, хариуцлагыг  тогтоож өгч байгаа юм.

Төсвийн тухай хуулиар тогтоосон томоохон шинэлэг зүйлсийн нэг бол төсөв болон төсөвлөлттэй холбоотой бүх үйл явц иргэд, олон нийтэд ил тод байхын зэрэгцээ иргэд өөрсдөө төсөв боловсруулж батлах үйл явцад оролцох ёстой гэсэн  зарчим, түүнийг хэрэгжүүлэх үйл явцыг хуульчилж өгсөн явдал юм. Хүн бүхний амьдралд чухал ач холбогдолтойн хувьд мөн төсвийг бүрдүүлэгч гол эх үүсвэр нь татвар байдгийн хувьд төсвийн үйл явц нь олон нийтэд ил тод байх гэсэн  зарчим, шаардлагад нийцэж байх ёстой билээ. Төсвийн ил тод байдлын нэг хэсэг бол төрөөс олон нийт, иргэдэд төсвийн талаархи мэдээллийг ойлгомжтой хүргэх асуудал байдаг. Нөгөөтэйгүүр төсвийн үйл явцын ил тод байдал болон төсвийн талаар шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хэрхэн хангах вэ гэдгийг эрх зүйн хувьд баталгаажуулах нь зарцуулалтын үр ашигтай байдлыг дээшлүүлэхэд чухал хөшүүрэг болж өгдөг. Төсвийн тухай хууль энэ боломжийг иргэддээ нээж өгч байна. Үүний зэрэгцээ Улсын Их Хурлаас саяхан баталсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар жилийн төсөв, урьд оны төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн төслийг төр өөрийн цахим хуудсанд хуулинд заасан хугацаанд байрлуулж, мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлэхээр заасан нь иргэд олон нийт мэдээлэлээр хангагдах эрхийг давхар баталгаажуулсан явдал боллоо.

Төсвийн үйл ажиллагааны ил тод, найдвартай, шуурхай байдлыг хангах,  авилгал, хүнд суртлыг арилгах, иргэд олон нийтээс төрд  хандах мэдээллийн илүү нээлттэй, чөлөөтэй шинэ урсгалын орчинг бүрдүүлэх зорилгоор 2006 оноос "Төсвийн ил тод байдал" буюу www.iltod.gov.mn цахим хуудсыг Сангийн яам ажиллуулж байна. Гэсэн хэдий ч энэхүү цахим хуудсанд байршуулсан төсвийн баримт бичгүүд иргэдэд хялбар ойлгогдох боломж хомс, хэтэрхий их тоон өгөгдлүүдтэй байдаг зэрэг дутагдал байгааг анхааран  шинэчилж байна.

Иргэд, олон нийт төсвийн шийдвэр гаргалтад оролцох, мэдээлэл олж авах эрхээ хэрхэн эдлэх вэ?  Үүнийг Иргэдийн төсөв гэж энгийнээр томьёолж болох бөгөөд цахим мэдээллийн хэрэгслийг оролцуулаад иргэдэд хүргэж байгаа бүхий л боломжит хэрэгсэлүүд нь иргэдэд хүрэх гарын авлагын нэг хэлбэр байж болох юм.  Ингэснээр олон нийт төсөв гэж юу болох түүнийг  хэрхэн ангилдаг,  агуулга бүтэц нь ямар байдаг болон төсөв боловсруулах, түүнийг өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, хэрэгжүүлэх процесс, түүний  календарчилсан хугацаа хийгээд хамгийн гол нь  иргэдийн татварт төлсөн мөнгийг төр яагаад, юуны төлөө  аль салбар, яам, байгууллагад хэрхэн, яаж  хуваарилдаг вэ гэсэн асуултад  хамгийн энгийн, ойлгомжтой байдлаар хариулт өгөх арга замыг  иргэддээ нээж өгч байгаа хэрэг юм.  

Энэ зорилгоор Сангийн яам "Төсвийн ил тод байдал" цахим хуудсанд иргэдийн төсвийн гарын авлагын шаардлагыг хангахуйц www.iltod.gov.mn/tusuv/ веб хуудсыг байршуулан Та бүхэнд толилуулж байна.

Судлаач, эрдэмтэд, энэ чиглэлээр сурч байгаа оюутан залуус, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд энэхүү цахим хуудаснаас илүү өргөн хүрээний буюу  төсвийн бодлого тэр дундаа татвар, төсвийн зарлага, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн бодлогын эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөл, төсвийн чиглэлээр хийгдсэн судалгаа, шинжилгээ, улсын төсвийн төслийг Засгийн газар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлсэн болон УИХ-аар хэрхэн хэлэлцэгдэж, батлагдсан байдлыг үзэж, дүгнэлт хийн ажил, амьдралдаа ашиглах боломжтой болно.  Жилийн төсвийг зарцуулах сар, улирлын хуваарийг төсвийн байгууллага бүрээр мэдэх, адил чиг үүрэг хэрэгжүүлдэг дурын хоёр байгууллагын төсвийг хооронд нь харьцуулан харах боломж бүрдэж байгаа нь төрөөс худалдан авч буй бараа, ажил, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал гэх мэт үйлчилгээний гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа болон хэрэгжсэн эсэхэд олон нийт нийгмийн аудит хийх боломжтой болж байна. Харин энэ цахим хуудаст хуульд заасан шаардлагын дагуу Монгол улсын нууцтай холбоотой төсвийн мэдээллийг оруулаагүй болно.

Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудад олон нийт, иргэд нь өөрийн орны төсвийн талаархи мэдээллийг олж мэдэх, харах боломж хомс бөгөөд манай улс ийм нөхцөлийг бүрдүүлж буй цөөхөн орнуудын нэг болж байна. Ийнхүү төсвийн ил тод байдлыг хангаж, олон нийтийн оролцоог түлхүү хангах нөхцөлийг бүрдүүлж өгснөөр сайн засаглалыг төлөвшүүлэн, төсвийн бодлогыг үр ашигтай хэлбэрээр оновчтой хэрэгжүүлж эдийн засгийг сайжруулах нөхцөл бүрдэнэ гэдэгт бид бат итгэлтэй байна.

Цаашид бид төсвөөс хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний ач холбогдлын эрэмбэ, хэрэгжүүлэх дараалал, арга замыг тодорхойлох тал дээр эрх бүхий этгээдээс засаг захиргааны анхан шатны нэгж болох баг, хороодын иргэдийн саналыг хэрхэн харгалзаж, жилийн төсвийн төсөлдөө тусган батлах, түүнийгээ эргээд олон нийтэд мэдээлдэг байх хариуцлага, зэрэг иргэдийн оролцоо талыг хангахад чиглэсэн мэдээллээр энэхүү цахим хуудсаа  үргэлжүүлэн баяжуулах болно.

Энэхүү цахим хуудас таны хүссэн мэдээллийг өгч чадаж байгаа эсэх, цаашид хэрхэн сайжруулах талаар  та бүхэн саналаа энэ цахим хуудсаар болон Сангийн яаманд шууд хандаж ирүүлэх нь нээлттэй бөгөөд ингэснээр иргэдийн оролцоотой, бодитой, нээлттэй, ил тод төсөвтэй болоход чухал ач холбогдолтой байх болно.

САНГИЙН ЯАМ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж