С.Эрдэнэ гишүүнийг хурал хаяхад хүргэлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ гишүүнийг хурал хаяхад хүргэлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх үед дэмжлэг авсан 24.4 дэх заалт болох “Сум, хорооны нийгмийн ажилтныг сум, хорооны Засаг даргатай зөвшилцөн аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга томилж, чөлөөлнө” гэснийг ажлын хэсгээс хоёр хувилбар болгон санал хураалгахаар оруулж иржээ. Эхний хувилбараар “Сум, хорооны нийгмийн ажилтныг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргатай зөвшилцөн сум, дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлнө”, хоёр дахь хувилбарт “Сумын нийгмийн ажилтныг сумын Засаг даргатай зөвшилцөн аймгийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга, хорооны нийгмийн ажилтныг дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга томилж, чөлөөлнө” гэсэн байна. Гишүүд аль хувилбарыг  дэмжих талаар байр суурийн зөрөлдөөнтэй байв. Гишүүн С.Эрдэнэ, Д.Одбаяр нарын дэмжсэн хоёр дахь хувилбараар санал хураалт хураахад12 гишүүний тэн хагас дэмжсэн дэмжих боломжгүй болсон юм. Гэвч “Санал тоолоход танхимд 12 гишүүн хүрээгүй тул санал хураалт хүчингүй, будилаантай боллоо. Бүлэг дээр ярьж энэ асуудлаар завсарлага авна. Энэ санал хураалт хүчингүй шүү” хэмээн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хуралдааныг хаяж гарлаа.

Байнгын хорооны дарга Д.Очирбат “Өнөөдөр хуралдаанд ирсэн гишүүдийн ирцийн бүрэлдэхүүнээр хуралдаад санал гаргаж байна. Өөрсдөө хуралдаанд цагтаа ирээгүй, ирц ямар байгааг мэдэхгүй байж ингэж цадиггүй загнаж болохгүй” гэсэн юм. Гишүүн Д.Дондог “Өглөө гурван гишүүн ирцэд орсон тул энд байгаа есөн гишүүний хамт 12 болж байгаа. Удаа дараа хойшлуулж, боломжийн хэрээр боловсруулаад оруулж ирж байгаа асуудлыг улстөржилгүйгээр шийдэх хэрэгтэй. Гацаагаад байж болохгүй” гэсэн бол гишүүн Л.Гүндалай “Нэг гишүүнийг хууль гацаалаа гэж хамаагүй улс төр хийж болохгүй” гэж байлаа. С.Эрдэнэ гишүүн дараагийн асуудал хэлэлцэхэд хуралдаанд буцан орж ирэв. Тэгэхдээ “Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийх үеэр гишүүдийн өгсөн санал гуравны хоёроор хүчинтэйд тооцогдох ёстой. Иймд санал 50,:50 хувьтай тохиолдолд дэмжсэнд тооцогдоно” гэсэн үг хэлэв.

Үүний дараа Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай, Инновацийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч холбогдох байнгын хороодын бжлын хэсгүүд дээр ярилцаж байж оруулж ирэх нь зүйтэй гэсэн УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн горимыг саналыг гишүүд дэмжсэнээр хойшлуулахаар болов.

Ингээд гишүүн С.Эрдэнэ нараас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тэтгэврийн зөрүүг арилгах агуулгатай хоёр хуулийн төсөл зарчмын хувьд ижил тул нэгтгээд хэлэлцье гэсэн горимын саналыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гаргав. Гишүүн Ө.Энхтүвшин ”Тэтгэврийн зөрүүг арилгах асуудал чухал. Гэхдээ Засгийн газраас өргөн барьсан Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төсөл бий. Энэ төслийг Засгийн газар сайжруулж чамбайруулсан ч түр хойшлуулж өнөөдрийг хүргэсэн. Иймд Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төслийг гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй нэгтгээд хэлэлцээд явбал яасан юм бэ” гэсэн саналтай байлаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Суурь тэтгэврийг хэлэлцэх нь зөв ч зарчмыг нь сайтар тодорхойлох ёстой. Эдгээрийг хооронд нь уяж холбох хэрэггүй. Шимтгэл төлөлгүй тэтгэвэр авна гэдэг бол  нийгмийн даатгалын үндсэн суурь хуультай зөрчилдөж байна. Олон шатлалтай тэтгэвэр олгоно гэдэг нэрийн дор ямар ч шимтгэл төлөлгүй тэтгэвэрт хамрагдах нь халамжийн тэтгэмж л болно. Тэтгэвэр, тэтгэмж хоёроо ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Бид 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг түүнээс хойш тэтгэвэрт гарсан иргэдийнхтэй адил хэмжээнд болгож зөрүүг арилгах бодлого барьсан. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг төр хариуцана гэж заасан. Иймд хоёр өөр субьект санаачилсан өөр өөр хуулийн төслийг нэгтгэх боломжгүй. Тухайлбал, 1995 оноос өмнө багшилж байсан хүний тэтгэвэр түүнээс хойш багшилж байсан хүний тэтгэвэртэй адил байх ёстой гэдэг зарчим явж байгаа” гэв. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди энэ талаар тайлбар хийж “Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуульд дор хаяж арваас доошгүй жил тэтгэврийн шимтгэл төлсөн иргэд хамрагдана. Харин огт шимтгэл төлөөгүй хүмүүс хамрагдахгүй. Төсвийн тухай хуулийг хэлэлцэж байх үед Нийгмийн даатгалын сангаас суурь тэтгэврийн мөнгийг шийдвэрлэхэд 60 тэрбум төгрөг байршуулж өгсөн. Үндсэн хуулийн хүний эрхийн тухай заалтын 16.5-д бүх өндөр настан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гэж заасан. Итгэлцүүр нэмэх асуудлыг та агентлагийн дарга байхдаа хийсэн. Түүнийг л засах гээд байгаа юм. Үүнийг бид хийгээгүй. Нийгмийн суурь хууль Нийгмийн даатгалын үндсэн суурь хуультай зөрчилдөхгүй” гэж байлаа.

Гишүүн Д.Оюунхорол 1995 оноос өмнө тэтгэвэр тогтооход бодож байсан аргачлал, итгэлцүүр буруу байсныг хэлж “Тэтгэврийн зөрүүг арилгахын тулд тэтгэвэр бодох итгэлцүүрийг таван удаа өөрчилж байсан. Тэтгэврийн хэмжээг ажилласан жил, авч байсан цалин гэсэн хоёр хэмжүүрээр тогтоодог зарчмаар явна. Харин тэтгэврийн хэмжээг бүхэлд нь ойртуулах гэсэн асуудал биш. Өндөр цалин авч байсан нь өндөр, бага нь багаараа тэтгэвэр тогтоолгоно. Энэ нь төсөвт ачаалал өгч өсөх тоо биш. Үндэсний статистикийн газар тухайн цаг үед нь таарсан цалин тэтгэвэрийн итгэлцүүрийг тогтоож явах нь зүйтэй” гэлээ.

Гишүүн С.Эрдэнэ “Нийгмийн суурь тэтгэврийн тухай хууль Нийгмийн даатгалын тухай хуулийн үзэл баримтлал, агуулгатай шууд зөрчилдөж байгаа ч суурь тэтгэврийн тухай хуулийг 100 хувь эсэргүүцээгүй. Ярилцья, ажлын хэсэг гаргая. Харин заавал гишүүдийн өргөн барьсан хуультай барьцалдуулж, хойшлуулах шаардлагагүй” гэдгээ илэрхийлж гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан юм. С.Эрдэнэ гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн дэмжлэг авсангүй. Харин дээрх хуулиудыг нэгтгэж ажлын хэсэг байгуулан богино хугацаанд дахин оруулж ирэх тал дээр гишүүд санал нэгдлээ.

Технологи дамжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж