Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ху Жинтао нар хэлэлцээ хийв

Хуучирсан мэдээ: 2010.05.01-нд нийтлэгдсэн

Ц.ЭЛБЭГДОРЖ

Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ху Жинтао нар хэлэлцээ хийв

Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ху Жинтао нар хэлэлцээ хийв
БНХАУ-д төрийн айлчлалаар хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг албан ёсоор угтах ёслол өнөөдөр Шанхай хотод боллоо. БНХАУ-ын дарга Ху Жинтао Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг угтан мэндчилж, хоёр талын албан ёсны төлөөлөгчдийг харилцан танилцуулсны дараа хүндэтгэлийн тавцанд байр эзлэхэд Монгол Улс, БНХАУ-ын төрийн дуулал эгшиглэв. Үүний дараа БНХАУ-ын хүндэт харуулын дарга илтгэл өргөж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ху Жинтао нар хүндэт харуулын өмнүүр явж мэндчилэв. БНХАУ-ын дарга Ху Жинтао мөн Тэргүүн хатагтай Х.Болормааг тусгайлан угтаж мэндчиллээ.
Угтан авах ёслолд Монголын талаас Ерөнхийлөгчийг дагалдан яваа УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны сайд Г.Занданшатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, УИХ-ын ЭЗБХ-ны дарга Ц.Баярсайхан, УИХ-ын ТББХ-ны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн О.Чулуунбат, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг төлөөлөгчид, хятадын талаас ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын хорооны гишүүн, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга Юй Шэнжэн, ХКН-ны ТХ-ны Тамгын газрын дарга Лин Жихуа, ХКН-ны ТХ-ны Бодлого судалгааны хүрээлэнгийн Ван Хулин, Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингуо, Гадаад хэргийн сайд Ян Жэчи, Хөгжил шинэчлэлийн хорооны дарга Чан Пин, Худалдааны сайд Чэнь Дэмин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Юй Хуняо нар оролцов.
Угтан авах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ху Жинтао нар албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ хөрш зэргэлдээ БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлж, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой урт хугацаанд хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотолж, сүүлийн жилүүдэд Монгол Хятадын эдийн засгийн харилцаа өргөжин хөгжиж байгааг сайшаан тэмдэглэв.
Харилцан тохирсон дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлэх томоохон төслүүдэд санхүү, техникийн туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, Хятад улсын зүгээс үзүүлсэн тусламжийг үр дүнтэй болгоход хамтран ажиллахыг санал болгов. БНХАУ-ын дарга Ху Жинтао , тус улсын зүгээс Монгол Улсад шинээр 40 сая юаны тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг хэлэлцээний үеэр мэдээлэв. Мөн хүмүүнлэгийн салбарын солилцоог идэвхжүүлэх, олон талт хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах, Монгол Улсыг бүс нутагтаа илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хятадын тал хүсэн хүлээж байгааг БНХАУ-ын дарга Ху Жинтао цохон тэмдэглэв.
БНХАУ-д анх удаа зохиогдож байгаа Шанхай Экспо дэлхийн үзэсгэлэн нь хөгжиж буй улсуудын өөрийгөө таниулж, сурталчлах чухал боломж болохыг тэмдэглэж, Монгол Улсыг энэ үзэсгэлэнгийн үеэр хятадын ард түмэнд өөрийгөө таниулах боломжийг өргөн ашиглахыг урив. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад уул уурхай, мал аж ахуйн гаралтай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч байгааг мэдээлж, бэлэн бүтээгдэхүүнийг Хятад улс болон бусад зах зээлд нийлүүлэхэд шаардлагатай тээвэр, түүний дотор дамжин өнгөрөх тээврийн асуудал онцгой чухал байгааг тэмдэглэж, энэ талаар хамтран ажиллах санал дэвшүүллээ. Мөн Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд БНХАУ-ын талаас арилжааны зээлийн шугам нээх боломжийг судалж үзэхийг хүсэв. Мөн тэрээр, Монгол Хятадын хоорондын харилцан ойлголцол итгэлцлийг бэхжүүлэхэд хоёр орны ард түмний түүх, ялангуяа үндэсний билэгдлийн зүйлүүдэд хүндэтгэлтэй хандах нь чухал болохыг тэмдэглэж, энэ чиглэлээр хамтран ажиллах эхлэл тавигдаж байгааг сайшаав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт байгалийн гамшигтай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал дэвшүүллээ.
Хэлэлцээрийн үеэр мөн бүс нутгийн хамтын ажиллагаа, түүний дотор Төв болон Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов. Хятад улсын талаас, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Хэлэлцээний төгсгөлд, Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Хятадын харилцааг шинэ түвшинд гарган хөгжүүлэх нь хоёр талын хамтын зорилт гэдгийг цохон тэмдэглэж, БНХАУ-ын дарга Ху Жинтаог тааламжтай цагтаа Монгол Улсад хариу айлчлал хийхийг урив. БНХАУ-ын дарга Ху Жинтао, Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд амжилт хүсээд урилгыг талархан хүлээн авч Монгол Улсад дахин айлчлахдаа баяртай байх болно хэмээн мэдэгдэв. Хэлэлцээ харилцан ойлголцсон, найрсаг уур амьсгалд болж өнгөрөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал ӨМӨЗО-ны Хөх хотоос үргэлжлэх болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж