Ираны найруулагч Аскар Фарадийн бүтээл “Салан тусгаарлалт” кино өнгөрөгч ням гаригт “Алтан бөмбөрцөг” наадмын гадаад хэл дээрх шилдэг киногоор шалгаран шагнал хүртсэн. 2010 онд тус киноны зураг авалтыг Ираны эрх баригчид зогсоон, шалгалт хийж, мөн бэлэн болсных нь дараа дэлгэцэнд гаргахыг хориглож байсан ч өндөр шагнал авсных нь дараа тун сүржин мэдэгдэл гаргав. “Ноён Фарад болон кино урлагийн салбарынханд, мөн нийт Ираны ард түмэнд баяр хүргэе” хэмээн тус улсын Соёлын сайд мэдэгдлээ.
“Энэ бол Исламын хувьсгалын ачаар манай кино урлаг хэрхэн амжилттай хөгжиж буйг харуулсан хэрэг боллоо” гэж тэрбээр бас дүгнэжээ.
Өнгөрсөн жил Ираны эрх баригчид хэд хэдэн найруулагч, киноны уран бүтээлчийг баривчилсны дотор тус улсын хамгийн алдартай найруулагч Жафар Панахигийн кино хийх эрхийг 20 жилээр хассан билээ. “Салан тусгаарлалт” киног ирэх сард болох “Оскар”-аас юм дуулгаж мэднэ хэмээн киноны мэргэжилтнүүд таамаглаж байгаа билээ.