Цагаан ордон руу утаат бөмбөг шиджээ

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Цагаан ордон руу утаат бөмбөг шиджээ

Мягмар гаригийн орой Цагаан ордон руу утаат гар бөмбөг шидсэн тухай ИТАР-ТАСС мэдээлэв.

АНУ-ын Ерөнхийлөгчийн хамгаалалтын нууц албаны төлөөлөгч сэтгүүлчдэд болсон явдлын талаар мэдэгдсэн бөгөөд утаат бөмбөг шидэх үед Цагаан ордонд Ерөнхийлөгч Барак Обама байгаагүй гэжээ. Тэргүүн хатагтайн 48 насны төрсөн өдөр байсан учир Ерөнхийлөгч гэргийн хамт ойролцоох зоогийн газарт байсан байна. Тэд орон нутгийн цагаар оройн 21:45 гэртээ ирсэн аж.

Болсон хэрэг Уолл стритийг эзэл хөдөлгөөнтэй холбоотой байж магадгүй юм. Учир нь өчигдөр АНУ-ын Конгрессын гадаа жагсагчид эсэргүүцэл илэрхийлж байсан бөгөөд дөрвөн жагсагч баривчлагдсан байна. Түүнчлэн Цагаан ордны ойролцоо нэг мянгаас мянга таван зуу орчим жагсагчид оройн 22 цагийн үед цугларсан байсан юм. Хамгаалалтын албаныхан жагсагчдаас хэн нэгэн утаат бөмбөг шидсэн гэж үзэж байгаа бөгөөд тэднийг Цагаан ордны орчмоос гарахыг шаардан, нэмэлт шалгалт хийсэн аж.

Одоогоор гэмтэж бэртсэн хүн байхгүй байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж