Хуралдаанаар Ногоон эдийн засгийн хөгжлийн тогтолцоонд шилжих үндсийг бүрдүүлэх тухай асуудлыг хэлэлцэж “Таван 20” гэсэн хөтөлбөрөөс “нэг 20” буюу төсвийг тусгайлан хуваарилах асуудлыг хасч, түүний оронд ГЕГ-аас хэрэгжүүлж буй “Ногоон гааль” хөтөлбөрийг нэмж оруулахаар болжээ. Улс төрийн намуудад хандан эдгээр асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх талаар Сангийн сайдын зөвлөлөөс уриалга гаргахаар тогтсон байна.
Стандартчилал, тохирлын үнэлгээтэй холбоотойгоор Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 16.14.2 дахь заалтыг өөрчлөх, түүнтэй холбогдуулан Засгийн газрын 2003 оны 222 дугаар тогтоол, 2005 оны 127 дугаар тогтоолоор баталсан Тохирлын баталгаанд заавал хамрагдах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалтаас хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй бараа бүтээгдэхүүнээс бусад бараа бүтээгдэхүүнийг хасах саналыг уг асуудлыг эрхлэн хариуцсан Монгол Улсын Тэргүүн шадар сайдад зөвлөмж болгон хүргүүлэхээр болжээ.
Ургамлын үр, үрслэг, суулгац нэвтрүүлэх хилийн боомтуудын жагсаалтад Дорнод аймгийн Баянхошуу, Хавирга боомтуудыг шинээр оруулах, дөрөвдүгээр зүйлд заасан түүхий мах, дайвар бүтээгдэхүүнээс гадна загасны махыг Баянхошуу боомтоор экспортлохыг зөвшөөрөх тухай Засгийн газрын тогтоолын төслийг холбогдох журмын дагуу Зөсгийн газарт оруулахаар шийдвэрлэсэн байна. Үүний хамт Гаалийн ерөнхий газрын даргын тушаал Улсын хилээр нэвтрүүлэх барааны гаалийн бүрдүүлэлтэнд шаардагдах баримт бичгийн жагсаалтыг хүчингүй болгохыг дэмжиж, Сайдын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээр ГЕГ-ын даргад үүрэг болгохоор болжээ.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр МҮХАҮТ-аас гаргасан санаачлагыг сайшааж, БОАЖЯ-аас боловсруулсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөтэй уялдуулах, түүнд тусган хэрэгжүүлэх зөвлөмжийг уг асуудлыг хариуцсан салбарын яам болох БОАЖЯ-нд хүргүүлэхээр тогтсон байна.
Хуралдаанаар төрийн зарим чиг үүргийг ТББ-д шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэж төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, нийгмийн зарим суурь үйлчилгээг ТББ, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, хяналт шинжилгээ, үнэлгээ зэрэг төрийн үйлчилгээний чиг үүргүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, шийдвэр гаргах процесст ТББ, мэргэжлийн холбоодын оролцоог хангах нь зүйтэй гэжээ. Энэ үүднээс төрийн зарим чиг үүргийг шилжүүлэх тухай санал, дүгнэлтэд үндэслэн Засгийн газраас нийтэд хандан зарлах асуудлыг Сайдын зөвлөлийн хурлаас сайшааж, зөвлөмж болгон ЗГХЭГ-т хүргүүлэхээр шийдвэрлэжээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Төрийн бус байгууллагын тухай хуульд нийгмийн чиглэлийн ТББ, мэргэжлийн холбоод, улс төрийн байгууллагуудын ялгаа, чиг үүргийг тодорхой болгох, энэ чиглэлээр төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодыг оролцуулсан хамтарсан ажлын хэсэг байгуулан ажлуудыг эрчимжүүлэх арга хэмжээ авах саналыг ЗГХЭГ-т хүргүүлэн шийдвэрлүүлэхээр тус тус тогтжээ.