“Бороо”-ын алтны уурхайд 2010 оны арваннэгдүгээр сард төсөл хэрэгжүүлж дууссан Канадын “Centerra Gold Inc” компани Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь “Гацуурт”-ын ордод олборлолт явуулах зөвшөөрөл нь хойшлогдсоноос төслийг хэрэгжүүлэхэд саад болж байна гэж мэдэгджээ. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани “Гацуурт”-ын ордоос жилд 635,000-685,000 унци алт олборлоно гэж төлөвлөсөн байжээ. Өнгөрсөн 2011 онд тус компани 642,380 унци алт олборлосон гэж “Ройтерс” мэдээлсэн байна. Гэсэн хэдий ч тус компани 2012 оны төлөвлөгөөнд “Гацуурт” төслөөс олох ашгийг оруулаагүй байгаа гэнэ. УИХ “гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа нь “Гацуурт” төслийг хэрэгжүүлж эхлэхэд саад болж байгаа талаар “Centerra Gold Inc” мэдэгдсэн гэнэ. Хэрэв уг хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар авч хэлэлцээгүй бол “Centerra Gold Inc” энэ оны эхний улиралд багтаан төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байжээ. “Centerra Gold Inc” 2008 онд “Бороо”-ын ордод олборлолт явуулж байх хугацаанд компанийн ажилчид ажил хаялт зарлан 15 жилд олборлох байсан баялгийг 5 жилийн дотор бүтээж өгсөн тул үлдсэн хугацааныхаа цалинг тэтгэмж болгон авахыг шаардаж байсан билээ. УМБГ-аас өнгөрсөн оны эхээр тус компанийг байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан хэргээр эрүү үүсгэсэн боловч хэргийг АТГ-т шилжүүлсэн аж.
Н.Энх