Шави: Бид тэнцэхийн төлөө тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Шави: Бид тэнцэхийн төлөө тоглохгүй

Өнөө шөнө Испанийн “Реал” болон “Барселона” багууд “Эзэн хааны цом”-ын шөвгийн дөрөвт багтахын төлөө эхний тоглолтоо хийнэ. Эзэн хааны албат гэгддэг “Реал Мадрид” багийн талбай “Сантьяго Бернабау”-д болох тоглолтын өмнө “Барселона” багийн хагас хамгаалагч Шави мөнхийн өрсөлдөгч “Реал” болон энэ улиралд төгс гэмээр формтой байгаа Криштиан Роналдугийн талаар өөрийн бодлоо хуваалцжээ.


-“Эзэн хааны цом”-ын төлөөх эхний тоглолтоо зочин багаар тоглоно. Танай баг зочин багаар тоглохдоо илүү хянамгай, болгоомжтой хэрэгтэй байдаг уу?

-Үгүй ээ. Бид “Реал”-тай хийсэн тоглолт бүрдээ хянамгай, болгоомжтой ханддаг. Тэгээд ч “Реал”-тай тэнцэхийн төлөө тоглодоггүй. Тэдний талбайд ч довтолж, өөрийн хэв маягийн тоглолтоо хийдэг шүү дээ. Энэ удаа ч мөн адил тоглодгоороо л тоглоно. 

-“Барселона”, “Реал” багууд хоёр сарын хугацаанд гурван удаа тоглох нь. Энэ нь хөлбөмбөгчдийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг болов уу?

-Энэ хоёр багийн түүх л хоорондын тоглолтыг улам онцгой болгодог. Түүнээс тоглолт хөлбөмбөгчдийн өдөөн хатгалтаас болж, ширүүн болдоггүй юм.

-Мадридчууд ямар зүйл бэлдсэн бол? Магадгүй Моуриньо гэнэтийн зүйл бэлдсэн байж болох юм…

-Би дээр хэлсэн шүү дээ. Бид “Реал”-ын талбайд тэнцэх гэж тоглодоггүй. Тэд бас манай талбайд тэнцэхийн төлөө тоглодоггүй. “Реал”-ыг ямар тактикаар, хэрхэн тоглохыг би хэлж мэдэхгүй.

-Гэхдээ танай баг бөмбөгийг ямагт илүү эзэмшин тоглоно биз дээ?

-Тоглолт хэрхэн өрнөхийг хэн ч хэлж мэдэхгүй. “Реал”-д тоглолтыг эргүүлж чадах хэмжээний гурав, дөрвөн хөлбөмбөгч бий. Бид хялбархан ялалт авахгүй. Тэд булангийн цохилт, торгуулийн цохилтуудаараа биднээс илүү. Энэ улиралд “Реал” маш хүчирхэг байгааг харсан биз дээ.

-Месси, Роналду дэлхийн шилдэг хөлбөмбөгчид олгодог “Алтан бөмбөг”-ийн нэр дэвшигчдээс сүүлийн шатанд үлдсэн. Тэгвэл талбай дээр хэн нь илүү бэ?

-Месси, Роналду хоёр өөр, өөрийн гэсэн өвөрмөц тоглолттой хөлбөмбөгчид. Лео бол ямагт ялахын төлөө тэмцдэг тоглогч. Түүний хүмүүжлээс нь харж болно. Тэр их, бага гэлтгүй тоглолт бүрд жигд сайн тоглолтыг үзүүлдэг.

-Энэ улиралд Криштиан Роналду төгс гэмээр формтой байгааг ярилцаж байна.

-Энэ бол довтлогч хүний хувьд энгийн л үзэгдэл. Түүний тоглолт, гоолууд багуудын “шүдний өвчин” болсоор л ирсэн. Мэдээж, шилдэг довтлогчийн эсрэг анхааралтай тоглох хэрэг гардаг.

-ФИФА “Барселона”-г өнгөрсөн оны шилдэг багаар шалгарсан. Харин танай багийн шилдэг тамирчнаараа дасгалжуулагч Гуардиало Серхио Бүскетсийг нэрлэсэн. Түүнтэй нь санал нийлэх үү?

-Тийм  ээ. Би дасгалжуулагчтай санал нэг байна. Бүскетс . Тэр бол хамгаалалт болон довтолгоог амжилттай болоход хамгийн ихээр нөлөөлдөг чухал тоглогч. Тэр багийн хамгаалалт, довтолгоог тэнцвэржүүлдэг манай багийн түлхүүр тоглогч. Манай багийн хамгийн үнэтэй, мэргэжлийн хөлбөмбөгчдийн нэг дээ.

-Та олон “Эл класико”-д оролцсон. Хамгийн сэтгэлд үлдсэн тоглолт аль нь бэ?

-Бид “Реал”-ыг 5:0-ийн харьцаатай хожсон тоглолт. Тухайн тоглолт бол ямар ч алдаа мадаггүй тоглолт болж, үр дүн нь ч “Барселона” багийнханд нийцсэн.

Б.Ойнбилэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж