МУИС-ийн оюутнууд 70 мянгаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

МУИС-ийн оюутнууд 70 мянгаас татгалзав

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн санхүүгийн тэнхимийн багш оюутнууд хэвлэлийн бага хурал хийлээ. МУИС-ийн багш оюутнууд оюутны тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг үр ашиггүй үрж байхаар хувьцаа эзэмшигч болж их бүтээн байгуулалтад хандив өргөхийг нийт оюутнуудад уриалж  байна.

2012 онд 787,1 тэрбум төгрөгийг хүний хөгжил сангаас эх орны хувь хишиг болгон тараахаар төсөвт суулгасан. Үүний уршгаар эдийн засагт эрэлтээс давсан мөнгө их хэмжээгээр нийлүүлэгдэж инфляци улам өсөхөд хүрээд байна. Үр ашиггүй хүн ардыг бэлэнчлэх сэтгэлгээ, ядууралд түлхсэн арга хэмжээнд цэг тавих цаг болсон гэж оюутнууд үзэж байна.Төр, Засгийн газрын гаргасан шийдвэрээр нэг оюутан сард 70 мянган төгрөг авахаар болж байна. Ингээд 160 гаруй мянган оюутанд 100 гаруй тэрбум төгрөгийг олгохоор болсон. Хэрэв энэхүү олон тэрбумыг эх орныхоо хөгжил бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулбал их хэмжээний  ажлын байр бий болж сүүлийн хэдэн жил буурахгүй байгаа ядуурлын төвшинг 40 хувь хүртэл бууруулах боломжтой. Оюутнуудын дунд тэтгэлгийн мөнгөө хэрхэн зарцуулах талаар судалгаа явуулахад унааны хөлсөнд зарцуулна гэж 22 хувь, хуримтлалдаа гэж 28 хувь, энэ мөнгө нь инфляци өсгөнө гэж 21 хувь нь үзжээ. Инфляци тэтгэмжээс шалтгаалж 20 хувьд хүрч болзошгүй. Тэр цагт  өгч байгаа мөнгө нь 56 мянга болтлоо үнэ цэнээ алдах гэнэ. Тэд “Оюутнуудыг тэтгэлгийн мөнгөнөөс багахан хэмжээтэйг ч гэсэн хандив болгон өөрсдийн нээх дансанд хийхийг уриалж байна.Та хөрөнгө оруулагч, мөн хувьцаа эзэмшигч болно.  Ингэснээр уул уурхайн болон хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэр барьж баялгийг бий болгоно. Иргэдэд хэтэрхий их бэлэн мөнгө тарааснаар манай улс үндэсний үйлдвэрлэлээр хэрэгцээгээ хангаж чаддаггүй учир түүхий эдийн бааз орон болж хувирна” гэж онцоллоо.

МУИС-ийн Санхүүгийн тэнхимийн багш доктор профессор Л.Оюунаас цөөн асуултад хариулт авлаа.

–    Та бүхэн хэрэв энэ санал тань дэмжигдвэл хаана хөрөнгө оруулалт хийх вэ?

–    Улсад дэмжигдээгүй 2000 гаруй төсөл хөтөлбөрүүд байгаа. Тэндээс сонгон шалгаруулалт хийж хөрөнгө оруулах болно. Мэдээж энэ нь Монгол эзэнтэй Монгол компани байх ёстой. Манай оюутнууд жижиг дунд бизнест үү, уул уурхай хөдөө аж ахуйд уу гэж маргалдсан. Эцэст нь шинэхэн үйлдвэр бүтээн байгуулалт хийх нь зөв гэдэг дээр санал нэгдээд байгаа.

–    Одоогоор хэдэн оюутан та бүхэнтэй нэгдээд байна?

–    МУИС нийт 23 мянга тэр дундаа эдийн засгийн сургууль 2600 оюутантай. Тэд биер болон манай өөрийн сайтаар дэмжихээ мэдэгдсэн. МУИС-ийн удирлага багш ажилчид ч мөн адил.

–    Хэрэв таны хүүхэд хандив өгөлгүй өөрөөр хэлбэл сард таниас мөнгө авалгүйгээр 70000 төгрөгөөрөө мөнгөний хэрэгцээ зохицуулж чадна гэвэл та яах вэ?

–    Их сайхан асуулт байна. Надаас мөнгө авалгүй өөрийгөө болгоно гэвэл би баярлана.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж