Салман Рушдиг Энэтхэгт хүлээн авах уу?

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Салман Рушдиг Энэтхэгт хүлээн авах уу?

Жайпур хотод болох утга зохиолын наадамд үг хэлэх байсан энэтхэг гаралтай британи зохиолч Салман Рушдиг уригдсан хүмүүсийн жагсаалтаас хасчээ. Agence France-Presse-ийн мэдээлж байгаагаар, Энэтхэгт хийх түүний айлчлалыг тасалдуулж болзошгүй байна.

Энэ сарын 10-нд Энэтхэгийн лалын байгууллагын төлөөлөгчид Рушдиг тус улсад нэвтрэхийг хориглож, виз олгохгүй байх хүсэлтийг эрх баригчдад тавьсан юм. Гэвч Рушди Энэтхэг улсад төрсөн учраас түүнд виз хэрэггүй гэж тэр дор нь мэдэгдэж байсан билээ. Засаг захиргааныхан ч Рушдигийн гарал үүслийг гэрчлэх үнэмлэх (PIO) түүнд байгаа учраас түүнийг Энэтхэгт зорчихыг хориглох аргагүй гэдгийг баталж байна.

Уг нь зохиолч энэ сарын 20-нд дээрх наадамд үг хэлэх ёстой байсан ч түүнийг нь хойшлуулсан бөгөөд үүнийгээ наадмын цагийн хуваарь өөрчлөгдсөнтэй холбоотой гэж албаны эх сурвалж тайлбарлаж байгаа юм.

Улмаар, энэтхэгт лалын шашныг дэлгэрүүлэгч томоохон их сургуулийн нэг болох Дар ул Улюмийн дэд захирал, муфтий Абул Казим Номани энэ талаар эрх баригчидтай хэлэлцээр хийсээр байгаа тухайгаа мэдэгдэж байна. Тэрээр мөн, Рушдиг Энэтхэгт ирсэн тохиолдолд тэдэнд хэрэгжүүлэх төлөвлөгөө байгаа тухай яриад үүнийгээ тодруулахаас татгалзжээ.

Энэтхэгийн лал шашинтнууд Салман Рушди болон түүний “Шулмасын шүлгүүд” номыг сүсэгтэн хүмүүсийг доромжилсон хэмээн эсэргүүцдэг юм. 1988 онд хэвлэгдэн гарч зохиолчдоо нэр хүндийг авчрахын зэрэгцээ түүний эсрэг лалын ертөнцийг босгосон энэ бүтээлийг Пакистан, ӨАБНУ, Сингапур зэрэг улсад оруулахыг хориглодог билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж