Г.Батхүү Японы Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Г.Батхүү Японы Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Г.Батхүү Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг хүлээн авч уулзлаа.

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож буй. Японы Элчин сайд манай улсад анх 1977 онд томилогдон ирж ажиллаж байжээ. Үүнээс хойш дөрөв дэх удаагаа ирэхдээ Элчин сайдаар томилогдсон байна. Тэрбээр УИХ-ын дэд дарга Г.Батхүүд хандаж өөрийг нь хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд “Монгол Улс сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг магадгүй зургаан жилийн дараа 10 мянган ам.долларт хүргэх бололцоо Монголд байна. Цаашид Япон, Монголын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Элчин сайдын хувьд анхаарч ажиллана” гэлээ.

УИХ-ын дэд дарга Г.Батхүү Монгол, Японы парламентын бүлгийн гишүүн. Түүнчлэн Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбооныхоо шугамаар Япон Улстай нягт, ойр хамтын ажиллагаатай. Тэрбээр “Монгол Улс уул уурхай, байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг түлхүү баримталж байгаа. Гэхдээ зөвхөн уул уурхайд шүтэх бус эдийн засгийн бусад салбарыг хөгжүүлэх нь чухал. Уул уурхай ДНБ-ий 22 хувийг дангаараа үйлдвэрлэж байгаа ч ажлын байр бий болгох үзүүлэлт нь дөнгөж 3.5 хувьтай гэсэн баримт байдаг. Тиймээс хүнд, хөнгөн үйлдвэр барих, хөдөө аж ахуй, мал аж ахуйг эрчимжүүлэх, ажлын байрыг олноор бий болгох, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх нь төрийн бодлого байх учиртай. Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбооны шугамаар ШУТИС-тай хамтран 25 инженерийг Японы үйлдвэрүүдэд дадлага хийлгэж байна. Өнөөдөр холбооны гишүүн компаниуд автомашины тоног төхөөрөмж үйлдвэрлэж Японд нийлүүлж байна. Японд мэргэжил дээшлүүлсэн, туршлага судалсан монгол инженерүүд автобус угсарлаа. Бидэнд хийж бүтээх их бололцоо байна” гэв. Түүнчлэн Японоос сурах зүйл, Монголд авчирч нутагшуулах дэвшилтэт технологи их байгааг дурдаад Монгол Улс хүнд хэцүү байх цаг үед Япон Улс тусламжийн гараа сунгаж байсныг мөн онцоллоо.

Манай улс нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжсэн жилүүдэд гадны орнуудын тусламж дэмжлэг чухал байсан. Тухайлбал, 1991-2004 онд Япон Улс манайд үзүүлсэн тусламжийн хэмжээ 31 тэрбум 625 сая иенд хүрчээ. Энэ нь гадаад улсуудаас Монголд үзүүлсэн тусламжийн 70 хувийг эзэлж буй. Өдгөө ч Японы дэмжлэгээр манай улсад олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа юм.

Уулзалтын үеэр Японы Элчин сайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын талаар сонирхон асууж байсан. Тэрбээр Их Монгол Улсын түүхийн өлгий нутаг Хархоринд Японы жуулчинд их очдог гээд тэднээр дамжуулан Японд Монголын талаархи мэдлэг, мэдээллийг түгээх боломжтойг тодотгов.

УИХ-ын дэд дарга Г.Батхүү “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хархориныг жишиг хот болгохоор шийдвэрлэж, шавыг нь тавьсан. Энэ жил Хархоринд жишиг баг байгуулах хөрөнгө оруулалт, төсөл хийгдэж байна. Ингэснээр жишиг хотын эхний алхам тавигдах юм. Хархорин-Хужиртын чиглэлийн хатуу хучилттай замыг энэ онд барьж дуусна. Мөн Хужиртаас цааш Орхоны хүрхрээ хүртэл хатуу хучилттай зам тавих хөрөнгийг төсөвт суулгасан байгаа. Орхоны хөндий бол аялал жуулчлалын бүс нутаг. Тиймээс Хархориныг жишиг хот болгох, Орхоны хөндийд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төр анхаарч байна” хэмээн товч мэдээлэл өглөө.

Уулзалтын төгсгөлд Японы Элчин сайд Такэнори Шимизү хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийлсэн бол УИХ-ын дэд дарга Г.Батхүү үүнд бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа тэмдэглэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж