Бурхан багшийн шүдийг өөхөнд боогоод нохойд өгье

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Бурхан багшийн шүдийг өөхөнд боогоод нохойд өгье

"Улс төрийн тойм" сонины "Буруу эргэлт" булан үргэлжиж байна.

Монголд Бурхан багшийн шүд байна гэнэ ээ. Тэгээд тэр шүдэнд нь хүмүүс очиж залбирдаг юм байх. Энэ шүдийг Бурхан багшийн цахиур эрдэнэ хэмээн нэр­лэдэг бөгөөд Монголд 436 жилийн өмнө залж авчирсан эд аж. Энэхүү шүдэнд залбирч буян заяагаа даатгасан нэлээд хэдэн “азтай” хүмүүс байдаг аж. Ямартай ч Ажа Ренбүүчий, XIV Далай лам Данзанжамц нар энэхүү шү­дэнд залбирч мөргөсөн байна. Ажа рен­бүүчийгийн тухайд бүр гу­рав дахь удаагаа уг шүдэнд залбирсан гэнэ. Бирмэд 1993 онд иргэний дайн болоход Ажа ренбүүчий Бээжингийн Бадачү сүмд байсан Бурхан багшийн нэг шүдийг авч очоод дайны галыг зогсоож байсан гэж байгаа. Тэгэхээр Бурхан багшийн шүд их л айхтар ид шидтэй зүйл бололтой. Гэхдээ за манай Монголд энэ шүд байна уу гэвэл үгүй юм аа. Одоогийн байдлаар ийм зургаан шүд дэлхийн улсуудад байдаг гэх. Бурхан багш хорвоог орхихдоо шүдээ тараагаад явчихсан юм биш, хуруу нь хүртэл  Хятадын Си Ан хотод хадгалагдаж байгаа гээд бодчих. Гарынх нь дунд хуруу одоо ч Си Ан хотод хадгалагдаж байгаа гэдэг. Ямар үйлийн үртэй хүн бурхан болохдоо хүртэл эд эрхтэнээ энд тэнд тараалгаж байдаг юм бүү мэд. Их л зовлон туулсан хүн дэг шүү, энэ Бурхан багш. Бирмэд болсон дайныг Бурхан багшийн ганц шүд зогсоож байсан юм чинь энэ шүдээр Монголын эдийн засгийн энэ их үнийн хөөрөгдлийг арилгуулж болмоор ч юм шиг санагдаад байна. Японд бас нэг шүд байдаг гэсэн. Газар хөдлөлт цунамийн их дайрлага Японы ард түмнийг дахин айдаст автуулбал Бурхан багшийнхаа шүдийг бариад байгалийн тэр аюулт үзэгдэлтэй тулж ч болох л юм. Юмыг яаж мэдэх вэ, тус болж юуны магад. Гэхдээ монголчуудад нэг уламжлал бий. Шүдэнд угаасаа дургүй, сүжиггүй. Жаахан хүүхдийн шүд унахаар өөхөнд боогоод но­хойд шидэж өгөхдөө “Муу шүдийг маань аваад сайн шүд өгөөрэй” гэж хүртэл хэлдэг шүү дээ. Тэгэхээр Бурхан багшийн шү­дийг уламжлалаа дагавал өөхөнд боогоод но­хойд өгмөөр санагдаад байна. Ажа Ренбүүчий, XIV Далай лам Данзанжамц нарыг өмнөө сөхрүүлж, Бирмийн дай­ныг зогсоосныг нь бодвол жаахан ашигламаар ч юм шиг. Ер нь жаахан ашиглаж байгаад нохойд өгчихөж ч бас болох юм.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж