“Мэргэжлийн ресепшн хийх сонирхолтой хүмүүсийг бүртгэнэ”

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

“Мэргэжлийн ресепшн хийх сонирхолтой хүмүүсийг бүртгэнэ”

Хийж байгаа ажилдаа хайнга ханддаг, бусдын ажлыг ажилд тооц­доггүй хааяа хүмүүстэй хэрэлд­чихдэг ямар мэргэжил байдаг вэ. Өө уучлаарай Монголд арай ч мэргэжил болтлоо хөгжиж амжаагүй юм байна. Энэ бол “угтагч” буюу та бидний хэлж заншсанаар ресепшн. Зарим нь “хүлээн авагч” гэсэн ойлголттой байдаг.

Уг нь эелдэг, найрсаг харьцаатай, нүдэнд дулаахан, залуу охид бүсгүйчүүд албан байгууллагын нүүр царай болдог. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр эдгээр хүмүүс янз бүрийн харьцаатай байдаг нь маргашгүй үнэн. Тэднээс болж ажил хэрэг тав байтугай 10 өдрөөр ч хойшлох тохиолдол бий. Анх уулзахдаа “Дарга ирэх лхагва гарагт завтай гэж байна. Та зөвхөн тэр үед л даргатай уулзах боломжтой” гэсээр ажил нураадаг. Зарим нь ч шууд л утас цохин даргатайгаа холбогдож бидний ажил хэргийг хурдан гүйцэлдүүлэхэд тусалдаг. Харин зарим нь үдээс хойш уулзалт зохион байгуулж өгдөг. Ер нь зурагтаар гарч буй “Өндөр, царайлаг, боловсролтой, харьцааны өндөр соёлтой охидыг өндөр цалинтай ресепшний ажилд авна” гэсэн зарыг үзээд инээд хүрдэг юм. Харин гадуур ажил хөөцөлдөх зарын дагуу яагаад охидод дээрх шаардлагыг тавьдаг шалтгааныг олж мэднэ. Учир нь ресепшн гэж ямар ажил байдгийг мэддэггүй тэд харьцааны соёлгүй, хүнтэй ёс бус харьцдаг болохоор тэр биз. Бодоод байх нь аргагүй ч юм шиг. Их, дээд сургууль “Ресепшний анги, угтагчийн, хүлээн авагчийн анги” гэж сонсоогүй юм байна. Харин сургалт дамжаа байдаг. Товчхондоо энэ ажил зөвхөн эмэгтэйчүүдийн хийж чаддаг ажил. Мэдээж Монголын нөхцөлд шүү дээ. Гадаадад бол эсрэгээрээ. Наад захын буудлын ресепшн тун эелдэг зан харилцаатай байдаг. Үүнийг гадаад руу явдаг хүн сайн мэдэх байх.

Жишээ нь Их Британид зочид буудал, ресепшний тусгайлсан анги гэж байдаг. Энэ ангийг дөрвөн жил сурч төгссөн оюутныг Скандинавын орнуудын томоохон зочид буудалд захиалга өгч өндөр цалинтай ажилд авдаг гэсэн. Өөрөөр хэлбэл, эрэлттэй мэргэжлийн нэг юм. Унгар улсын найман одтой нэгэн зочид буудлын маркетингийн ахлах менежер “Манай буудлын гол амжилт ресепшнээс шууд хамааралтай. Учир нь манайхыг зорин ирж буй хүмүүсийг хамгийн сайхан хүлээн авч, үдэн явуулдаг хүн болохоор тэр” хэмээн хэлж байсан удаатай. Энэ үгийг хэлсэн хүн нь чухал биш. Харин үг нь чухал.

Монголын нөхцөлд ямар нэг албан байгууллагад ресепшнээр ажилд ороод тогтвор суурьшилтай ажиллах хүсэл зорилготой хүн ховор байдаг нь цалинтай холбоотой биз. Ресепшн дундаас хамгийн өндөр цалин нь 700 мянган төгрөг. Хамгийн бага нь 100 мянган төгрөг. Зарим албан байгууллагын хүлээн авагч өөрийн ариун цэвэртээ анхаарал тавьдаггүй атлаа хүнтэй бүдүүлэг харьцах нь энүүхэнд. Түүний зан харьцаанд хэн ч хяналт тавьдаггүй учир хүссэнээрээ аашилдаг байх. Нас ойролцоо хүнтэй хэг ёг харьцаж байгаа юм чинь өндөр настай хүнтэй яаж харьцдаг нь ойлгомжтой.

Үнэн хэрэгтээ  ажил бүтдэггүйн нэг шалтгаан зарим албан газрын туслах буюу өнөөх угтагчаас болдог гэхэд хилсдэхгүй. Түүнд дарга нь “Өнөөдөр хүнтэй уулзахгүй шүү. Хэн ч байсан” гэсэн тушаал өгсөн мэт л хариулдаг. Хааяа худлаа хэлнэ. Нүүр нь ч улайхгүйгээр “Захирал байхгүй” гэж хэлдэг. Харин гар утасны дугаар руу нь утас цохиход захирлынх нь өрөөнд утас дуугарч байх жишээтэй. Ичсэндээ “Захирал гар утсаа үлдээгээд гарсан” хэмээн булзайруулна. Ажлаа бүтээх гэж аргаа барсан нэгэн “Зүгээр, зүгээр захирлыг чинь иртэл хүлээж байя” гэхэд гандан буурахгүй “Захирал мөд ирэхгүй байх. Та маргааш ир” хэмээн нууцхан хөөдөг. Арай томоохон албан байгууллагын босго давж захиралтай уулзахын тулд нэгээс хоёр өдрийн өмнө урьдчилан цаг авах хэрэгтэй. Тэгэхгүй бол мөд уулзаж, ажил бүтнэ гэж байхгүй. Үүдний ресепшнээс эхлээд захирлын өрөөний туслах, нарийн бичиг хүртэл шат дараалан хүнд суртал үзүүлнэ. Үнэхээр ажил бүтэхэд хэцүү болсон цаг. Ер нь мэргэжлийн хүлээн авагч, ресепшний мэргэжил олгох сургууль нээдэг ч юм билүү. Тэгвэл хүн болгон хөөцөлдсөн ажлаа хурдан хугацаанд амжуулж ажил жигдрээд сайхан байхгүй юу.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж