Арилжааны банкуудыг “амаа хамхи” гэж хэн үүрэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Арилжааны банкуудыг “амаа хамхи” гэж хэн үүрэгдэв

Он гарснаас хойш арилжааны банкууд иргэдэд олгох зээлийн төрөлдөө хязгаарлалт тогтоогоод байгаа. Ямар учраас ингэв гэдэг нь ихээхэн сонирхол татаж буй юм. Банкинд дараалал үүсгэх иргэд “Би зээл авах гэсэн юм. Тэгсэн болдоггүй. Өмнө нь хашаа байшин, орон сууцаа барьцаалан зээл авчихдаг байсан” хэмээн бухимдан зогсох болж. Энэ талаар өчигдөр Монголбанк болон арилжааны банкууд, иргэдээс тодруулан сурвалжиллаа.

Хамгийн эхлээд Хаан банкинд энэ байдал ямар байгааг сонирхохоор очив. МУБИС-ийн зүүн талд “Сонор” плазагийн гурван давхарт байрлах Хаан банкны салбар руу орлоо. Банкаар үйлчлүүлэх иргэд өмнө нь дараалал үүсгэн ачаалал ихтэй байсан бол энэ удаа байдал өөр байсан юм. 

Энэ үеэр “Зээл авах гээд бүтэхгүй байна”  хэмээн зогсох нийслэлийн Чингэлтэй дүүр­гийн 17 дугаар хорооны иргэн Ц.Наран­гэрэлээс зарим зүйлийг асуулаа.

    
-Та сая зээл авах гээд бүтсэнгүй гэх шиг боллоо. Яагаад бүтэхгүй байгаа юм бэ?

-Мэдэхгүй ээ. Өмнө нь бусад банкинд хашаа  байшингаа барьцаа­лаад зээл авчихдаг байсан. Хаан банкаас анх удаа зээл авах гэж байгаа минь энэ. Тэгсэн банкны эдийн засагч “Одоохондоо хэрэглээний зарим зээлийг олгохгүй байгаа. Өмнө нь зөвхөн манай банкнаас зээл авч байсан харилцагчиддаа зээл олгож байна. Хэзээнээс хэвийн  байдалдаа орохыг мэдэхгүй” гэсэн. Бас зээл олгоход   ямар ч банк нэлээд их бичиг баримт бүрдүүлж ир гэдэг болсон байна лээ.

-Та хэдэн төгрөгийн зээл авах гэж байв?

-Гурван сая төгрөг. Банкууд зээлийн хэмжээндээ хязгаарлалт тогтоогоод байгаа талаар хүмүүс ярилцаж байна лээ.

АРИЛЖААНЫ БАНКУУД ЗЭЭЛИЙН ТӨРӨЛДӨӨ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООЖЭЭ

Хүмүүс зээл авах гэж ирээд буцаж байлаа. Иймээс Хаан банкны нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эдийн засагчаас зээл олголтын талаар асуухад “Манай банк одоохондоо хэрэглээний зээл нэг их олгохгүй байгаа. Зөвхөн  Хаан банктай  гэрээтэй аж ахуйн нэгжүүдийн ажилтанд цалингийн зээл, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй компаниудад бизнесийн зээл олгож байна. Зээлийн хязгаарлалт хэдий болтол үргэлжлэхийг мэдэхгүй байна” хэмээсэн юм. Дараа нь “Хас” банкаар орлоо. Банкны эдийн засагчаас нь “Би хашаа байшин барьцаалж зээл авах гэсэн юм. Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ” гэхэд, тэрбээр “Манай банк одоохондоо тийм зээл олгохгүй” хэмээв. Түүнээс чухам яагаад олгохгүй байгаа талаар лавлахад мөн л Хаан банкны эдийн засагчийн хэлсэнтэй утга нэг хариулт өгсөн юм.  Тэд  яагаад тодорхой хариулт өгөхгүй байгаа нь сонирхол татав. Түүнчлэн арилжааны бусад банкуудаар очиж энэ байдал ямар байгааг тодрууллаа. Голомт, Худалдаа хөгжлийн банкуудын Зээлийн бодлогын захирлуудаас зээлийн ямар нэгэн хязгаарлалт тогтоосон эсэх талаар асуухад бүгд  “Хэвийн ажиллаж байгаа. Хязгаарлалт тогтоогоогүй” гэсэн юм. Тус банкуудын салбарууд дээр арилжаа хийж байсан иргэд ч “Зээл олголт хэвийн байна. Харин бүрдүүлэх материалын хувьд өмнөх жилээс нарийн болжээ” гэж байсан юм. “Капитрон” банкны мөн л нэрээ нууцлахыг хүссэн нэгэн салбарын захирал арай өөр зүйл ярисан юм. Тэрбээр “Монголбанкнаас явуулж  буй  мөнгөний  хатуу бодло­гоос үүдэлтэйгээр банкууд зээлийн хэлбэртээ ямар нэгэн хязгаарлалт тогтоогоод байгаа. Сонин хэвлэлээр банкуудын хөрөнгийн эх үүсвэр  дууссан учраас зээл олгохгүй байгаа гэх маягаар бичсэн байсан. Үнэндээ тийм биш. Банкууд  Монголбанкны хатуу бодлого дуустал зээл олгохгүй  хуримтлал үүсгэсэн нь тэр” гэв. Түүний хэлсэн зүйл бараг үндэслэлтэй аж. Учир нь имфляци өссөн, гадаад до­тоод худалдааны тэнцэл зөрүүтэй байгаа, төгрөгийн ханш унасан зэрэг эдийн засгийн сөрөг үзэгдэл үүсээд байгаа. Эдгээр сөрөг урсгалыг хаах үүднээс Монгол­банк­наас мөнгөний хатуу бодлого барьж эхэлсэн. Мөн Монгол Улсын эдийн засагт хэт халалтын шинж тэмдэг ажиглагдаж байгаа учраас эрсдэлээс зайлсхийсэн бодлого баримтлах цаг болжээ гэдгийг Дэлхийн банкнаас анхааруулж байсан удаатай.    Зарим эх сурвалжийн хэлж буйгаар иргэдийн гар дээр бэлэн мөнгө их төвлөрсөн. Иймээс иргэдийн худалдан авалтын эрэлт ихсэж инфляцийг хөөрөгдөх нэг шалтгаан болсон. Энэ үед бэлэн мөнгийг хязгаарлах үүднээс банкуудын хөрөнгийг Монголбанк өөр дээрээ өндөр хүүтэй төвлөрүүлэх нь арилжааны банкууд зээл олгосноос илүү ашигтай. Иймээс тэд зээлээ хумих бодлого барьж байгаа аж. Тиймээс арилжааны банкууд тодорхой хариулт өгөхгүй байгаа нь энэ юм. Монголбанк өнгөрсөн онд бодлогын хүүгээ гурван удаа өсгөж эцэст нь 12.25 хувь болгосон. Тиймдээ ч Монголбанкны ерөнхийлөгч төсвийн тэлэлтийг хумиж, зардлыг нь танаж өгөхийг УИХ-аас хүсэж буй. Зарим эдийн засагчдын үзэж буйгаар мөнгөний хатуу бодлого, арилжааны банкуудын зээлдээ хязгаарлалт тогтоох хувилбар цаашдаа эдийн засагт эерэг үзүүлэлт гаргана хэмээж байгаа.

Арилжааны банкуудын зээлийн бодлого ийнхүү өөрчлөгдсөн шалтгаа­ныг тодруулахаар “Хадгаламж” банк­ны Зээлийн бодлого зохицуулалтын хэлтсийн захирал Ж.Оюунчимэгийн байр суурийг сонирхлоо.
    

-Банкууд зээлийн хэмжээндээ өөрчлөлт оруулахад нөлөөлсөн хүчин зүйл нь тодорхой шүү дээ. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд тодорхой хугацаанд зээлийн хязгаарлалт хийж байгаа юм. Манай банкны хувьд ч ийм бодлого барьж байна. Тодруулбал, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл дээр хязгаарлалт хийсэн. Гэхдээ цалин, тэтгэвэр,  бизнесийн эргэлтийн хэрэглээний зээлийг манай банк түлхүү олгож байна. Учир нь он гарсны дараа иргэдийн хэрэглээний зээлийн эрэлт ихэсдэг. Үүнтэй уялдуулж байгаа хэрэг юм. Харин зээлийн хүү 0.1-0.2 функцээр нэмэгдсэн. Банкууд яагаад үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгохгүй байгаа юм гэхээр имфляци өсөлттэй байгаа энэ үед өндөр үнээр  хөрөнгийн барьцаанд авсан орон сууц, хашаа байшин инфляци буурахаар алдагдал хүлээх учраас тэр.  Одоогоор зээлийн эрэлт маш их байгаа. Банк тодорхой нөөцөд захирагддаг болохоор зээлээ хумих шалтгаан болсон гэж болно.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж