М.Оюумаа: Манай сумын хоёр нөхөрлөл загвар нөхөрлөл болсон

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

М.Оюумаа: Манай сумын хоёр нөхөрлөл загвар нөхөрлөл болсон

Нидерландын санхүүжилтээр НҮБ-ын ХХААБ, Монгол Улсын БОАЖЯ, Ойн газартай хамтран “Хамтын оролцооны ойн менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийг орон нутагт хэрэгжүүлж байгаа билээ. Ингээд  Булган аймгийн Бугат сумын Засаг дарга М.Оюумаатай тус суманд хийгдэж буй ажил болон ойн санг хэрхэн хамгаалж, арчилж байгаа талаар ярилцлаа.

-Танай сум газар зүйн байр­ла­лын хувьд нэлээд онц­лог­той. Бугат сумын газар нут­гийн хэдэн хувь нь ой модтой вэ?

-Манай Булган аймгийн Бу­гат сум нь газар нутгийн хувьд  Булган, Орхон аймгийн дунд орш­дог. Нийт 300 мянган м2 га­зар нутагтай. Үүний маань ба­раг 70 хувь нь ойтой. Газар нут­гийн хувьд маш онцлог. Яагаад гэхээр хоёр аймгийн дунд оршдог учраас олон жил энэ хоёр аймгийн түлшний болон хэрэглээний модыг манай сум хангаж ирсэн. Түүнчлэн төсвийн орлогын 65-70 хувийг модны орлогоос олж байдаг. Түүнээс гадна манай сум 2009 оноос эхлэн Хамтын оролцооны ойн менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөлтэй хамтран хамтын оролцоотой ойн менежментийг хөгжүүлэх зөв суурийг тавьж энэхүү менежментийг тогтвортой  бий болгохоор ажиллаж байна. Энэ хугацаанд орон нутгийн хэмжээнд ойн нөхөрлөлүүдийг дэмжих боломж бололцоо, тэдэнтэй хамтран ажиллах, чадавхижуулах, сургах асууд­лыг туршиж хэрэгжүүлж байна.

-Хоёр аймгийн хэрэглээ­ний модыг бэтлгэдэг гэ­лээ. Тэгвэл ойгоо хэрхэн хамгаалж байна вэ?

-Ойг хэрэглэх хэрээрээ хамгаалах ажлыг зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, ойгоо хамгаалахын тулд  ойн нөхөрлөл байгуулан ажиллаж байна. Манай сумын хувьд 2009 оноос эхлэн Хамтын оролцооны ойн менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөлтэй хамтран ажилласан гэсэн шүү дээ. Үүний дагуу 2009 оны гуравдугаар сараас  эхлэн ойн нөхөрлөлүүдийг байгуулсан. Өнөөдрийн байдлаар Бугат суманд 12 нөхөрлөл байгуулагдаад ажиллаж байна. Энэ 12 нөхөрлөлөөс хоёр нөхөрлөл загвар нөхөрлөлөөр сонгогдон бусад нөхөрлөлдөө үлгэр жишээ болон үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сумын хувьд хоёр том сууринг модоор хангаж байдгийн хувьд хамгийн хүндрэлтэй зүйл нь нөхөн сэргээлт болж байна. Үүнээс гадна ой модноосоо орлого олох, хяналтаа тавих асуудал мөн тулгамдсан асуудал болоод байгаа юм. Бидний хувьд төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд модоо олгох ёстой. Гэтэл түүний зэрэгцээ модны хулгай, зөрчил дутагдал маш их гардаг. Үүнтэй тэмцэх ажил хийгдэх зайлшгүй шаардлага гарсан. Тиймээс ойн нөхөрлөл байгуулагдсан нь төрийн үйл ажиллагаанд нэлээд тус нэмэр болж байна. Яагаад гэхээр нэг багт ганц байгаль хамгаалагч, сумын хэмжээнд ганцхан  улсын  байцаагч байдаг. Тэр нь хаанаа ч хүрэлцдэггүй. Тиймээс ойн нөхөрлөлүүдийг идэвхитэй байгуулж сумын зүгээс дэмжин туслаж ажиллаж байгаа нь ерөөсөө л ой модондоо хяналтаа тавихад чиглэгдэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ойг нөхөн сэргээх ажил харьцангүй бага. Ялангуяа Эрдэнэт, Булганыг тойрсон гурав, дөрвөн сумдын хувьд энэ зовлон их байдаг. Бусад сумдын хувьд харьцангүй гайгүй гэхэд болно.

-Сумын төсвийн орлогын 65-70 хувийг  модны оролгоос олж байна гэлээ. Үүнээс хэдэн хувийг нь ойн нөхөн сэргээлтэд зарцуулж байна вэ?

-Нөхөн сэргээлтийг хуулийн дагуу хийж байна. Нэг метр куб хэрэгцээний модыг 8150 төгрөгөөр олгодог бол үүний 6400 төгрөгийг нөхөн сэргээлтэд зориулах ёстой. Үүнийг сумандаа тусгай сан байгуулан хуримтлуулдаг. Жилд суманд 6-8 сая төгрөг бүрддэг. Үүгээр нөхөн сэргээлт хийх ёстой ч заавал  мэргэжлийн байгууллага нөхөн сэргээлтийг хийх ёстой байдаг. Гэтэл суманд мэргэжлийн байгууллага байхгүй. Үүнд учир дутагдал гарч байгаа. Харин үүнийг яам болон холбогдох газрууд нь нэгдсэн бодлого гаргаж хөрөнгө мөнгийг  нь татан төвлөрүүлэх, тэртэй тэргүй улсаас нөхөн сэргээлтийг хийдэг. Сум бол 60-70 сая төгрөгийн гоожингийн орлого олчихоод, 6-7 сая төгрөгөөр нь нөхөн сэргээлт хийх нь маш хангалтгүй. Үүнийг бодлого болгохгүй бол тулгамдаад байгаа асуудлуудын нэг болоод байна.

-Ойн нөхөрлөлүүдийн хувьд  нөхөн сэргээлт хийх үү?

-“Моностой”, “Дундат- Өргөө” гэсэн нөхөлөлүүд манай сумын жишиг нөхөрлөл болсон. Ойн нөхөрлөлүүдийн хувьд байгуулагдаад гурав дахь жилдээ ажиллаж байна. Манай сумын хувьд Хамтын оролцоотой ойн менежментийн  чадавхийг бэхжүүлэх төсөлтэй дээрх нөхөрлөл илүү тулж  ажиллаж байна. Бодит амьдрал дээр нөхөрлөл гэдэг нь нэг уулын аманд амьдарч байгаа малчин иргэдийн холбоо шүү дээ. Гэтэл тэдний үндсэн орлого нь мал аж ахуй. Тэгэхээр цаг агаар хүндрэх юм бол тэд  амьжиргааны баталгаа нь болсон мал руугаа хандахаас биш яг төдийлөн үндсэн орлого шиг ойгоороо дагнаж ажиллаж өгдөггүй. Гэхдээ ойн нөхөрлөлтэй болсоноор ойг хамгаалах тал дээр урагшлах алхам хийгээд эхэлсэн. Тэдний хувьд гэрээгээр эзэмшсэн газруудад хулгайн модноос сэргийлэх, ерөнхийд нь хяналтаа тавиад бидэнд мэдээлэл өгч байгаа нь давуу тал болж байна. Тэдний хувьд малчид учраас нөхөн сэргээлт хийнэ гэсэн асуудал маш бага. Яагаад гэхээр мэргэжлийн бус хүмүүс шүү дээ.

-Ер нь танай суманд байгаа ойн нөхөрлөлүүд хэчнээн га талбайг гэрээгээр эзэмшиж хамгаалж байна вэ?

-Манай нутгийн хувьд Сэлэнгэ мөрөн, Эгийн гол хүртэл өргөн уудам  нутагтай. Нэг ойн нөхөрлөл 4000-6000 га газар эзэмших ёстой.  Орхон, Булган аймагтай хиллэх нутагт  хулгайн мод бэлтгэл их байдаг учраас тухайн газарт хамгаалалтаа илүү их тавьдаг. Тиймээс тухайн хэсгийг ам, амаар нь ойн нөхөрлөлүүдэд өгсөн учраас хамгаалалт сайн болсон. Өөрөөр хэлбэл, тухайн хэсэгт ойн мод бэлтгэл талдаа хамгаалалтаа сайн гаргаж, хяналт тавьж байна. Нэг ойн нөхөрлөл 3000 га газар эзэмшиж байна гэхээр сумын хэмжээнд 36000 га газрыг нь ойн нөхөрлөлүүд хамгаалж байна гэсэн үг.

-Ойн нөхөрлөлүүдийг цаашид ямар байдлаар хөгжүүлэхээр ажиллаж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар ойн нөхөрлөлүүдийг аж ахуйн нэгжийн хэлбэрт оруулах, банкинд харилцах данстай болгох, улсын бүртгэлийн гэрчилгээтэй, санхүүгийн эх үүсвэртэй, зах зээлд бүтээгдэхүүн гаргах хүртэл хөгжүүлэх зорилт тавиад байна. Зах зээлд бүтээгдэхүүн гаргах гэхээр дан ганц мод гэж ойлгож болохгүй. Үүнд ойн дагалдах бүтээгдэхүүн болох жимс, жимсгэнэ бүр цаашлах юм бол ан, амьтныг ойн нөхөрлөлүүдийн давуу эрх гэдгээр нь ашиглуулж болно. Жишээ нь, манай сумын сургууль  жилдээ 100-120 машин мод түлдэг. Тиймээс уг модыг өөрсдөөр нь бэлтгүүлэхээс илүү ойн нөхөрлөлүүдээ дэмжиж тэд нараар бэлтгүүлэх нь зүйтэй. Тэдний хувьд ойг хэрхэн хамгаалах талаар хамгийн сайн мэдлэгтэй учраас зүгээр ч нэг бэлтгээд өгөхгүй, ойгоо цэвэрлэх ажлыг давхар хийх болно.

-Сумын Засаг даргын хувьд нөхөрлөлүүдээ хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ?

-Сумын Засаг даргын зүгээс “Моностой”, “Дундат- Өргөө” нөхөрлөлийг дэмжиж тус бүрт нь 250 мянган төгрөг дундын сангийн эхлэлийн хөрөнгө болгож олгоод харилцах данс нээлгэсэн. Үүнээс гадна нийтийг хамарсан ой цэвэрлэх ажил гарлаа гэхэд эхний ээлжинд ойн нөхөрлөлүүдээрээ хийлгэх, гэрээ байгуулах гэх мэт ажлыг хийж байна. Өөрөөр хэлбэл, тэдний хувьд ямар ч ойн мэдлэггүй иргэдээс арай өөр хүмүүс гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ олгож байгаа мөнгө санхүүгийн дэмжлэгийн хэмжээ бага учир тэр бүр үйл ажиллагаанд нь түлхэц өгөхүйц болж чадахгүй байна. Иймд ойн нөхөрлөлүүдийн гишүүдийг сурган чадваржуулж орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлуудыг хийлгэж байх нь зүйтгэй гэж бодож байна. Ойн сандаа хууль бус үйл ажиллагаа гаргаагүй нөхөрлөлүүдийг урамшуулах урамшууллын нэгдсэн сис­темтэй болох хэрэгтэй. Ойн тухай хуульд илрүүлсэн зөрчлөөс орох орлогоос урамшуулахаар заасан байдаг. Гэтэл олон жилээр ойн сандаа хууль бус үйл ажиллагаа явагдахаас сэргийлэх, хам­гаалах, нөхөрлөлийг урам­шуулах систем байхгүй байна. Сумын Засаг даргын хувьд ойн сан цэвэрлэсэн ойн нөхөрлөлүүдийг урамшуулах тал дээр сумын хэмжээнд анхааран ажиллаж байна. Нөхөрлөлүүдийг дэмжих үүднээс энгийн иргэдийг мод бэлтгэх зэрэгт хязгаарлалт тавьж байгаа. Энгийн иргэдэд гоожин бэлтгэх ажлыг зохион байгуулахгүй байгаа.

-Танай сум ойн нөхөр­лөлүүдээс гадна идэвхтэн байгаль хамгаа­лагч­тай гэ­сэн. Энэ талаар дэлгэрүү­лэхгүй юу?

-Сумын хэмжээнд идэвхтэн байгаль хамгаалагч ажиллаж байгаа. Тэдний хувьд яг байгальтайгаа, ой модтойгоо харилцан уялдаж байдаг малчид байгаа. Тэд ойг хамгаалах хяналтыг маш сайн тавьдаг. Хэрвээ нэг машин ой руу ороход ямар учраас яваа, хэрвээ гоожин бэлтгэх бол зөвшөөрөл нь мөн үү, үгүй юу гээд бүх зүйл дээр хяналт тавьж ажиллаж байна. Манай сумын хэмжээнд есөн идэвхтэн байгаль хамгаалагч ажиллаж байгаа. Хэрвээ FAO-гийн төсөлд хамрагдаж чадаагүй бол нөхөрлөлүүд өнөөдрийн төвшинд хүрч ажиллаж чадахгүй байсан.

-Иргэдийн хувьд ойг хамгаалах тал дээр хэр мэдээлэлтэй байгаа бол?

-Ойн нөхөрлөлүүдийн хувьд яг ойтойгоо ажиллаж байгаа болохоор  мэдээлэл ихтэй байдаг. Харин иргэдийн хувьд төдийлөн мэдээлэлгүй. Харин манай хоёр загвар нөхөрлөл жилд нэг удаа сумандаа ойн талаар сургалт зохион байгуулж байна. Энэ нь их үр дүнтэй болж байна.

-Дээр та нөхөн сэргээлт хийх гэхээр мэргэжлийн хүн дутмаг байдаг гэлээ. Түүнийг орон нутагтаа ч юм уу, МСҮТ-д бэлтгэж болдоггүй юм уу?

-Өнөөдөр төр ганцаараа хяналтаа тавьж дийлэхгүй нь тодорхой байна. Иймээс хамтын оролцоотой ойн менежментийг  хөгжүүлэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага төрийн албан хаагч хамтран ажиллах хэрэгтэй байна. Тэдгээрийг чадваржуулах, мөн үүсэн байгуулагдаж буй ойн нөхөрлөлүүдтэй тулж ажиллах мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай байгаа нь мөн тулгамдсан асуудал болоод байна. Учир нь үндэс сууриа тавьж буй нөхөрлөлүүдийн гишүүд хоорондын ойлголт зөрүүтэй, нөхөрлөлийн мөн чанарын тухай ойлголт буруу, хэрхэн ажиллахаа тодорхойлж мэдэхгүй байгаа. Нөхөрлөлүүдээр улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлыг гэрээгээр хийж гүйцэтгүүлэн тэдний дундын сангийн орлогыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Гэтэл дээрх ажлуудыг хийлгэхэд дараах бэрхшээл гарч ирээд байгаа юм. Манай аймагт МСҮТ хоёр байгаа. Түүний нэг нь ойн чиглэлээр мэргэшсэн ажилтан бэлтгэх анги нээгдсэн. Бидний хувьд үүнд хүн сургах захиалга өгсөн. Энэ хүнийг бэлтгэхэд хоёр асуудал үүсээд байгаа юм. Бидний бодлоор дээрх нөхөрлөлүүдийн хүүхдийг энэ мэргэжлээр мэргэшүүлэх санаа их байна. МСҮТ-д 24 хүртлэх насны хүн сургана гээд заасан байгаа шүү дээ. Гэтэл тийм хүн төдийлөн гарч ирэхгүй байна. Хоёрдугаарт энэ хүнийг ажиллуулах гэхээр цалингийн асуудал гарч ирнэ. Үүн дээр мөн л бэрхшээл гарч ирж байна. Ийм зовлон байгаа учраас мэргэжлийн хүнтэй болоход бэрхшээл гараад байна.

-Хууль бус мод тээвэрлэлтийн асуудал танай суманд гардаг уу. Тийм тохиолдол гарсан үед ямар арга хэмжээ авдаг вэ?

-Сүүлийн жилүүдэд энэ асуудал эрс буурсан. Эрхийн бичигт заасан нөхцөл болзлыг зөрчсөн тохиолдлууд ганц нэг гардаг. Энэ тал дээр байгаль хамгаалагчид хууль тогтоомжийн дагуу торгууль ногдуулдаг.

-Танай сумын хувьд ой ихтэй. Ойн түймэр хэр гардаг вэ?

-БОАЖГ-ын Ойн газраас галын аюулаар өндөр зэрэглэлтэй, эрсдэл ихтэй, болзошгүй гэсэн гурван зэрэглэлд хуваасан. Манай сумын хувьд эрсдэл ихтэй суманд орсон. Харин манай суманд сүүлийн найман жил ойн түймэр гараагүй. Түймэр гараагүй гол ач холбогдол нь ойн нөхөрлөлүүд, идэвхтэн ой хамгаалагчдын ач. Гал түймрийг зөвхөн иргэд л тавьдаг шүү дээ. Нөхөрлөлүүдийн хувьд хуурайшилтын үед маш сайн хяналт тавьж ажилладаг.

-Ойн нөөц багасах шалтгааны нэг нь ойн хортон шавж. Үүнд хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Улсын төсвөөс хортон шавж устгах ажил хийсэн. Манай аймгийн мод  хортон шавжид идэгдэхээс гадна хоорондоо ойрхон ургасан, насжилт өндөртэй гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл хаана нь модны хөгшрилт их байна гэхээр ойн гүндээ, өндөр уултай газарт их байна. Тухайн газарт очих гэхээр зам дэд бүтэц байхгүй болоод байна.

-Энэ жилийн хувьд модны хэрэглээг багасгах ямар ажил зохион байгуулах гэж байна вэ?

-Ер нь манай сумаас жилд олгодог модны нийлүүлэлт маш их. Үүнийг багасгах гэхээр угаасаа мод түлээд сурчихсан улс чинь хэрэглээгээ багасгахгүй улам л нэмээд байна. Үүнээс гадна Эрдэнэт хотын иргэд жилээс жилд нэмэгдэж байгаа учраас хэрэглээ их болж байна.

Э.Пагмадулам

"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж