-Шатахуун импортлогчид бүтээгдэхүүнийхээ үнийг огцом нэмснээр эдийн засагт хүндхэн байдал үүсээд байгаа энэ үед та “шатахуун импортлох эрхийг төр мэдэлдээ авч шатахуун импортолж буй одоогийн компаниудад жижиглэнгээр борлуулах эрх өгсөн нь зөв” гэсэн утга бүхий хуулийн төсөл боловсруулснаа УИХ-д өргөн барьсан. Бүх зүйл давхцаад байхад уг хуулийн төслийг өргөн барьсныг тань Ардчилсан намынхны рейтингээ өсгөх гэсэн нэг арга” гэх хүмүүс ч байна?
-Өнөөдөр шатахууны үнэ нэмэгдэхэд Засгийн газар нь хувийн хэдхэн компаниас “үнээ буулгаач” гэж царай алдаад сууж байна шүү дээ. Урьд нь ч ингэдэг л байсан. Аргаа барахдаа импортын татвар, НӨАТ-аас чөлөөлж байсан. Мөн үнийн зөрүүг нь төлөх нэрийдлээр төсвөөс татаас өгдөг биз дээ. Үүний тод жишээ 2008 онд болсон. Зөвхөн татаасанд л 20 тэрбум төгрөг өгч байсан байх аа. Нөөц бүрдүүл гэж бас ихээхэн хэмжээний мөнгө өгч байсан санагдаж байна. Тухайн үед Эдийн засгийн байнгын хорооноос үнэ нэмэгдсэн шалтгааныг олж тогтоохоор томилсон ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Р.Буд бид хоёр багтсан юм. Тухайн үед бид шатахуун импортлогчдын нөөцийн агуулах дээр очиж шалгалт хийхэд улсын нөөцийн шатахууныг ямар ч лацгүйгээр хадгалдаг байсан. “Улсын нөөцийг хадгалж байгаа” гэсэн нэр дээр тэр шатахууныг борлуулж ашиг олдог байсан. Гэтэл улсын нөөцийн шатахууныг лацтай, ломботой, хэн ч гар хүрэх эрхгүй хадгалах ёстой шүү дээ. Нэг үгээр хэлэхэд шатахуун импортлогчид “Нөөц бүрдүүл” гэж улсаас төсөвлөсөн мөнгийг хүүгүй зээл болгон ашиглаж байсан. Өнөөдөр ч гэсэн үнээ гэнэт нэмж байгаагийн цаана ийм байдал давтагдаж байгааг үгүйсгэхгүй. Ийм өрөвдөлтэй байдлаас гарах хамгийн энгийн бөгөөд эхэнд авч хэрэгжүүлбэл зохих үйлдэл нь төр өөрөө шатахууныхаа үнийг тогтоодог байх ёстой. Ингэхийн тулд шатахуун импортлох эрхийг Засгийн газар гартаа авах ёстой. Тиймээс л энэ хуулийн төслийг боловсруулсан юм. Хүмүүс аль өнцгөөс харах нь хэнд ч сонин биш.
-Хэрэв хуулийн төслийг батлаад импортын эрхийг төр авлаа гэхэд агуулах савны асуудлыг хэрхэн шийдэх юм бэ?
-Эхний удаа Засгийн газраас шатахуун импортлогч компаниудаас хэр хэмжээний шатахуун авах талаар захиалга авах хэрэгтэй. Захиалсан хэмжээнийх нь дагуу шатахуунаа импортлоод тараагаад өгчихнө. Ингэхдээ үнийг нь тогтооно. Учир нь төр импортлосон шатахууныхаа үнийг ил тод тайлагнах учир ямар ч асуудал гарахгүй. Өнөөдөр хамгийн эргэлзээтэй байгаа асуудал бол шатахуун импортлогчид тээвэрлэлтийн зардалдаа маш их мөнгө зарцуулсан гэж ирээд л нэг их мөнгөн дүн хэлдэг. Тэдний хэлсэн үнийн дүн үнэн, худал эсэхийг хэн ч тогтоож чадахгүй. Мэдэхгүй байгаа нь бодит үнэн. Харин төр шатахуунаа импортловол хэдэн төгрөгөөр импортлосноо мэдэж л таарна шүү дээ. Тухайлбал, 1000 төгрөгөөр шатахуун импортолсон гэдгээ зарлачихад л иргэд өөрсдөө хяналтаа тавих боломж бий болох юм. Засгийн газраас шатахуун борлуулах үнийг тогтоож өгөхгүй ч иргэд “Төрөөс 1000 төгрөгөөр импортолсон шатахууныг чи яахаараа 1500 төгрөгөөр борлуулдаг юм” гээд л зохицуулалтыг хийчих нь байна. Нөгөөтэйгүүр шатахуун импортлогчид үнийг зоргоороо нэмж зүрхлэхгүй.
-Уг хуулийн төсөл зах зээлийн горимыг алдагдуулж, хувийн компаниудын эрх ашгийг хэт боомилох юм биш үү?
-Өнөөдөр хэдхэн компанийн эрх ашиг чухал уу, иргэдийн эрх ашиг чухал уу гэдгийг бодож үзэх ёстой. Өнөөдөр шатахууны үнэ ямар байхыг төр шийдэж чадахгүй байгаагаас болж бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа. Тиймээс төр иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд шатахууны үнийг тогтоодог болох ёстой.
-Шатахуун импортлогч компаниуд уг хуулийн төслийг хамгийн ихээр эсэргүүцэх нь гарцаагүй байх. Тэгэхээр төр импортолсон шатахуунаа хаана борлуулах юм бэ?
-Энэ хуулийн төслийг боловсруулахын тулд шатахуун импортлогч компаниуд болон холбогдох байгууллагууд, Засгийн газраас санал авсан. Аль 2010 онд санаачилсан төсөл шүү дээ. Энэ хооронд хуулийн төслийг боловсронгуй болгох үүднээс ирсэн санал, санаачилгуудыг тусгасан байгаа. Шатахуун импортлогчид энэ хуулийн төслийг хамгийн ихээр эсэргүүцсэн утгатай санал ирүүлсэн. Мэдээж шүү дээ. Тэдний олж байгаа ашиг орлогыг хязгаарлаж, хууль бус наймааг нь хааж байгаа юм чинь. Эцэст нь шатахуун импортлогч компаниудын эрх ашиг уу, гурав орчим сая иргэний эрх ашгийг төр ярих ёстой юу гэдэг л сонин байгаа юм. Гэхдээ энэ асуудлыг УИХ-ын гишүүд дэмжиж байгаа.
-Шатахуун импортлогч компаниудын шударга бус үйл ажиллагаа гэдгээ тайлбарлавал?
-Импортлогчид ихэнх шатахуунаа зах зээлийн ханшаас өндөр үнээр уул уурхайн компаниудад борлуулж их хэмжээний ашиг олдог атлаа иргэдийн халаасыг тэмтэрч байгаа нь шударга бус үйлдэл шүү дээ. Ам.долларын үнэ 200 төгрөгөөр өслөө гээд нэг литр шатахууны үнийг 250 төгрөгөөр нэмнэ гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. “Нэг ам.долларын үнэ 200 төгрөгөөр өсөхөд нэг литр шатахууны үнэ 30 төгрөгөөр өснө” гэж эдийн засагчид тайлбарлаад л байгаа шүү дээ. Энэ бол цэвэр луйвар. Ер нь шатахуун импортлогч компаниуд ингэж луйвар хийгээд сурчихсан юм. Тухайлбал, байгалийн гамшиг болоход, ажил ид өрнөж байхад шатахууны үнэ өсдөг уламжлал тогтчихсон шүү дээ. Иргэдийнхээ зовлон дээр ингэж тоглож ашиг олно гэдэг байж болохгүй асуудал.
-Уул уурхайн компаниудад зах зээлийн ханшаас өндөр үнээр шатахуун импортолдог ямар компаниуд байна вэ. Литр шатахууныг хэдэн төгрөгөөр борлуулдгийг нь судалж үзсэн үү?
-Би энэ талаар мэдээлэл авах гэж Газрын тосны газарт “Шатахуун импортлогчид хэдий хэмжээний шатахууныг уул уурхайн ямар компаниудад хэдэн төгрөгөөр нийлүүлдэг юм” гэсэн утга бүхийг бичгийг хагас жилийн хугацаанд өгсөн. Гэтэл миний тавьсан асуултад Газрын тосны газраас ямар ч хариу өгөөгүй. Энэ нь цаагуураа төр олигархиудыг хамгаалж байна. Газрын тосны газрынхан төрийн албан хаагчид хэрнээ яг л шатахуун импортлогч компанийн төлөөлөл шиг аашилж байгаа байхгүй юу. Тиймээс шатахуун импортлогчид төртэй хуйвалджээ гэсэн хардлага төрөөд байгаа юм. Олиргархи гэж хэнийг хэлдэг юм. Төртэй хуйвалдаж, төрийн тусламжтайгаар асар их ашиг олсон бизнесийн бүлэглэл л биз дээ. Тэгэхээр энэ шатахуун импортлогч зарим компани төртэй үгсэн хуйвалдаж, үнэ өсгөх боломжийг бий болгож, олсон ашгаа хуваадаг механизмыг бий болгосон байхыг ч үгүйсгэхгүй. Үүнээс л сэргийлээд байгаа юм шүү дээ.
"Улс төрийн тойм" сонин