Францын дэлгэцийн од Изабель Хуперт тэргүүтэй алдартай одод Сербид цагаан хивсэн дээгүүр алхлаа. Тав дахь удаагийн “Кюстендорф” хөгжим, киноны наадам цагаан хивсний ёслолоор эхлэв. Белград хотоос 250 км-ийн зайд орших Дрвенгард тосгонд энэхүү наадам болж байна. Уг тосгоныг Серб гаралтай найруулагч Эмир Кустурика киноны зураг авалтад ашиглахаар байгуулсан ажээ. Тэрбээр Каннын наадмын хоёр удаагийн шагналтай.
Энэ удаагийн наадам БНСУ-гийн найруулагч Ким Ки Дукийг “Ариранг” кино, Туркийн найруулагч Билж Силаныг “Анатолияд нэгэн удаа” кино бүтээснийх нь төлөө хүндэт шагналаа олгохоор болжээ. Харин Бельги, Британи, Канад, Эстони, Франц, Итали, АНУ зэрэг орны уран бүтээлчдийн 20 гаруй киноноос шүүгчид шалгаруулан алт, мөнгө, хүрэл өндөгний дүрс бүхий цомуудыг гардуулна. Наадам ирэх даваа гаригийг хүртэл үргэлжилнэ.