“Ерөнхийлөгч шуурхай шийднэ гэж найдаж байна”

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

“Ерөнхийлөгч шуурхай шийднэ гэж найдаж байна”

Ардын намын Удирдах зөвлөлөөс уржигдар Тэргүүн шадар сайдын албанд Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг,  Эрүүл мэндийн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарыг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Ерөнхий сайдын зөвлөх Д.Цогтбаатарыг, Сангийн сайдад  Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярвааг, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийг, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг томилох санал гаргасан. Харин өчигдөр сайдаар томилох хүсэлтэй байгаа хүмүүсийнхээ нэрсийг Ардын намын дарга, Ерөнхий сайд С.Батболд Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.  Сайд нарын нэрсийг өргөн мэдүүлэх үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга нар байлцсан аж. Энэ үйл явдлын дараа  Ардын намын дарга, Ерөнхий сайд С.Батболд мэдээлэл хийж, УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаас өмнө сайд нарын асуудлыг шийдэж өгөхийг Ерөнхийлөгчид сануулсан юм. Тэрбээр “Хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарсан ч төр, засгийн ажлыг цалгардуулахгүйгээр үргэлжлүүлэх ёстой. Энэ ч  үүднээс миний бие Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа  Ардын намын даргын хувьд асуудлыг цаг алдалгүй намын Удирдах зөвлөлд танилцуулсан. Удирдах зөвлөлөөс ч миний саналыг дэмжиж төр, засгийн ажлыг цалгардахгүйн үүднээс Засгийн газрыг одоогийн бүтэц бүрэлдэхүүнээр нь ажиллуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ардын нам хүний нөөцийн тал дээр ямар ч асуудалгүй тул нэлээд өрсөлдөөний дундаас сайдаар ажиллах хүмүүсийн нэрсийг тодруулсан. Тиймээс Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь ажиллуулах нөхцөл боломжийг ханган сайд нарын асуудлыг Ерөнхийлөгч шуурхай шийдэж, засгийн ажлыг хэвийн үргэлжлүүлэхэд тусална гэж найдаж байна” хэмээсэн юм. Үүний дараа тэрбээр Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийн талаар таатай, таагүй мэдээллүүд нэлээд гарч байгаатай холбогдуулан сайдад нэр дэвшигчдийн танилцуулгыг богинохон хугацаанд хийгээд амжсан. Улс төрийн ажиглагчид “Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг Тэргүүн шадар сайдад нэр дэвшүүлсэн нь нүдээ олсон хэрэг болсон. У.Хүрэлсүх Ардын намын ажлыг өнгөрсөн хугацаанд нэлээд өөд нь татсан эрч хүчтэй улстөрч. Засгийн газарт орсноор үлдэж буй богинохон хугацаанд Засгийн ажлыг эрчтэй урагшлуулах нэг гол хүч болно” гэж үзэж байгааг Ерөнхий сайд энэ үеэр хэлсэн үгээрээ баталгаажууллаа. Тэрбээр “Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг  Тэргүүн шадар сайдын албанд санал болгосон учир нь Ардын намын гол боловсон хүчнийг дан ганц намын үйл ажиллагаанд түлхүү оролцуулах нь өрөөсгөл хэрэг гэж бодсоных юм. Тиймээс чадварлаг хүний нөөцүүдийг төр, засгийн үйл ажиллагаанд оролцуулж, чиглүүлэх ёстой гэж үзэн ийм сонголт хийсэн. Энэ нь Ардын намынхан Засгийн газрыг бүрдүүлэх тал дээр өндөр ач холбогдол өгч буйн илэрхийлэл юм. Бусад салбарын сайдад нэр дэвшигчид 12-25 жил төрийн албанд зүтгэсэн төр, захиргаа, улс төр, мэргэжил, салбарын  шалгуурыг бүрэн дүүрэн хангасан хүмүүс байгаа. Тиймээс тэдэнд итгэл хүлээлгэлээ. Тэднийг итгэл алдахгүй гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм. Түүний хэлснээр Ардын намынхан үнэхээр ч сайдад нэр дэвшигчдээ өрсөлдөөн дундаас сонгосон бололтой. Тухайлбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар нь энэ салбарт анх орж ирэхдээ асрагчаас нь эхлээд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд багшаар хүртэл ажиллаж байсан аж. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг 1990-д оноос хойш төгссөн хүмүүс дунд түүний шавь нар цөөнгүй бий гэсэн. Мөн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Дашдорж нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайдын албыг дөрвөн жил хашсан нэгэн. Харин Сангийн сайдад нэр дэвшсэн Д.Хаянхярваа эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр нь яригдаж байгаа Д.Цогтбаатарыг энэ албанд тэнцэнэ гэж хэлэхдээ Ерөнхий сайд “Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг толгойлох хүн олон улсын арвин туршлагатай байх хэрэгтэй. Энэ бол олон улсын ажил” хэмээсэн. Мөн Батлан хамгаалахын сайд болох Ж.Энхбаярыг “Энэ салбартай амьдралаа холбосон. Арвин туршлагатай нэгэн” гэдгийг ч онцолж байсан.

Хэрэв Ардын намаас санал болгосон сайд нарыг Ерөнхийлөгч зөвшөөрвөл холбогдох байнгын хороодын хуралдаанаар асуудлыг хэлэлцсэний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах ёстой. Гэхдээ Ерөнхий сайдын хэлснээр цаг хугацаа давчуу байгаа энэ үед Ерөнхийлөгч зөвшөөрсөн тохиолдолд байнгын хороодын хуралдаанаар оруулахгүйгээр маргааш болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж ч магадгүй юм байна. Ардчилсан намын сайд нар одоогоор үүрэгт ажлаа хийж байгаа бөгөөд оронд нь томилогдох сайд нарын асуудлыг УИХ-аар хэлэлцэж зөвшөөрсний эцэст үүрэгт ажлаа өгөх юм. Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдтай уулзахдаа “Тэргүүн шадар сайдын албан тушаал байх шаардлагагүй” хэмээн сануулсан ч Ардын намынхан “байх ёстой” гэж үзсэн. Энэ нь ч нөлөөлсөн үү, Засгийн газрын тэргүүнийг “цаг аваагүй” гэдэг шалтгаанаар өчигдөр Ерөнхийлөгч нэлээд хүлээлгэсэн юм. Тиймээс одоо зөвхөн Ерөнхийлөгчийн хариуг л хүлээх үлдэж байна. Ерөнхийлөгч өнөөдөртөө зөвшөөрсөн хариу өгвөл сайд нарын асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганы маргаашийн хуралдаанаар оруулна. Харин хориг тавьбал  хүлээхээс өөр гарц үгүй. Ямартай ч сайд нарынхаа нэрсийг тодруулсан Ардын намынхны дунд одоо дэд сайд нарын марафон өрнөж байна. Дэд сайд нарын марафонд Ардын намын залуус өрсөлдөх сурагтай.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж