Уяачдын зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Уяачдын зөвлөгөөн боллоо

Монголын морин спорт, уяачдын холбоо 2012 оныг салбар холбоодоо бэхжүүлэх жил болгон зарласнаар хөдөө орон нутгийнхаа уяачид, хурдан морины зүтгэлтэнгүүдийн санал бодлыг сонсох “Монгол уяач-3000” уяачдын зөвлөлгөөнийг аймгуудын салбар холбооддоо зохион байгуулж байгаа билээ.

“Монгол уяач-3000” уяачдын зөвлөлгөөнийг  нэгдүгээр сарын 14-ны өдөр Дорноговь   аймгийн “Хутагтын хүлэгч” МСУХ-нд  зохион байгууллаа. Дорноговь аймгийн “Хутагтын хүлэгч”  МСУХ  нь Монголын морин спорт, уяачдын холбооны салбар холбоо мөн тул батламж олгов” гэсэн батламжийг Дорноговь аймгийн  “Хутагтын хүлэгч”МСУХ-ны дэд тэргүүн Д.Ганболдод ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн  гардуулснаар  уяачдын зөвлөлгөөн  эхлэв. “Монгол уяач-3000” уяачдын зөвлөлгөөнд ММСУХ-ны ажлын алба, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Тэргүүлэгч гишүүн М.Мөнхбаясгалан, Л.Цагаандалай, Монгол улсын Тод манлай уяач, тэргүүлэгч гишүүн Ц.Дуламсүрэн, Ц.Хэнмэдэх, МУ-ын манлай уяач  Г.Алтангэрэл, Д.Оюунбилэг, Дорноговь  аймгийн “Хутагтын хүлэгч” МСУХолбоо, Аймгийн Засаг даргын тамга газар, 14 сумын 170 гаруй уяачдын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.

ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн ММСУХ-ны  бодлого үйл ажиллагаа, цаашдын зорилт, орон нутагт тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд нэгдсэн нэг бодлого чиглэлтэй хамтран ажиллах талаар уяачдад дэлгэрэнгүй ярилаа. Уяачдын зөвлөлгөөн дээр олон уяачид санал бодлоо илэрхийлж, Дорноговь  аймаг бол эрт цагаас морь уяж сойх уяа засал, сайн уяач, удамт “Тайж”, “Бандь”  хурдан адуугаараа  алдартай  аймаг. Тийм учраас энэ түүх соёлоо хойч үедээ уламжлуулан өвлүүлэх, үндэсний хурдан морины уралдаанд тохиолдож буй бэрхшээл, тэдгээрийг даван туулах арга зам, адууг бүртгэлтэй болгох, адууны  эмчилгээ сувилгаа, зэргийг хэрхэн зөв оновчтой шийдэх тухай харилцан ярилцлаа.

Орон нутагт үндэсний хурдан морины хөгжлийн төлөө идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаа  “Хутагтын хүлэгч” МСУХ-ны дэд тэргүүн Д.Ганболд, Б.Оргой, Л.Сундуй, С.Шаравдорж, С.Дашзэвэг нарыг  ММСУХолбооны хүндэт өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.

“Монгол уяач-3000” уяачдын зөвлөлгөөнд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг  оролцож, аймаг орныхоо нэр төрийг өндөрт өргөж, 2011 онд болсон Дорноговь аймгийн 80 жил, Зүүн бүсийн хурдан морины уралдаанд амжилт гаргаж, аймгийн алдарт уяачдын болзолыг хангасан 16 уяачдад цол зэргийг ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн  гардууллаа. 

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж