С.Батболдын танхимыг байгуулахаар Ардын намынхан хэсэг бужигналдав. Ардын намын гишүүдийн зарим нь гомдлын, зарим нь баярын нулимстайгаар Засгийн газрын сайд нарыг томиллоо. Энэ бүхний эхэнд Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын гишүүн С.Баярыг өөрийн танхимдаа Тэргүүн шадар сайдаар ажиллах санал тавьсан аж. Түүний энэ саналд С.Баяр гишүүн татгалзсан хариулт өгчээ. Ерөнхий сайдын суудлыг өөрөөс нь “гуйж” суусан хүн эргээд өөрийг нь одоо ажиллахыг гуйсанд түүний гэдэн хөдөлсөн биз. Ардчилсан намынхан сонгуульд бэлтгэхээр Ардын намынхныг хаяж одсон энэ хүнд хэцүү үед намдаа туслая гэж өөрөө ирсэн бол С.Баярын нэр хүнд өсөх байлаа. Гэвч тэр тэгсэнгүй. Гэтэл С.Батболдод тохиолдож буй өнөөдрийн нөхцөл байдал С.Баярыг тойрч гараагүй юм. М.Энхболдыг Ерөнхий сайдаас буусны дараа Засгийн газрыг С.Баяр тэргүүлэхээр болж байв. Ингээд өөрийнхөө танхимын Шадар сайдын албанд М.Энхболдыг урьж байсан удаатай. Тэр үед М.Энхболд түүнд ихэрхээгүй. Тэгэхээр С.Баяр тэр үед хэн нэгнийг урьж байсан бол, энэ удаа өөрөө уригдлаа. Гэхдээ тэр, С.Батболдод “томорлоо”. Цаг хугацаа өнгөрсөн ч энэ үйл явдал дахин давтагдахыг хэн ч үгүйсгэхгүй. Учир нь тухайн үед ийм зүйл болно гэдгийг Санжийн Баяр төсөөлөөгүй байсан биз ээ.
Ц.Энхцэцэг
"Улс төрийн тойм" сонин