Нөөцийн мах чанаргүй хэвээр байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Нөөцийн мах чанаргүй хэвээр байна гэв

Супермаркетуудын лангуун дээр хоёр төрлийн мах харагдана. Нэг нь шинэ, тарган байх бөгөөд нөгөөх нь бараан цайвар өнгөтэй, уутанд боосон, хуучин, худалдаж авах нь битгий хэл тоож харахааргүй байлаа.

Уутанд боосон мах нөөцийнх байсан нь тэр. Худалдан авахаар ирсэн хүмүүс нөөцийн махыг туранхай, өнгө муутай гэлцэх боловч үнэ хямдыг нь бодон авч эхэллээ. Зарим нь харин өнгөлөг, тарган махыг сонгон авч байсан ч нөөцийн мах үнэ хямд учир илүү хурдан зарагдаж дуусч байлаа.

Нөөцийн мах худалдаанд гарсанаар хувь хүмүүсийн борлуулж байгаа махны үнэ хямдарна гэсэн таамаглал байсан ч ямар нэг нөлөө үзүүлээгүй. Мөн зарим зах нөөцийн мах орж ирсэнээс хойш харин ч үнээ нэмэх хандлага бий болжээ.

Энэ талаар худалдагчид “Бидний зарж байгаа махыг нөөцийнхтэй харьцуулах юм байхгүй. Нөөцийн мах туранхай, бараг яс арьс болсон муу мах байгаа шүү дээ” гэхэд худалдан авахаар ирсэн хүмүүс “Тэр ч тийм шүү” гэлцэн тарган өнгөлөг махыг авч чадаагүйдээ санаа алдан цааш алхацгаана.

Хэд хэдэн зах, супермаркет болон аж ахуй нэгжүүд яг л адилхан хариу өгч иргэдийг гундуулан цааш явуулж байх нь тэр. Харин зарим аж ахуй нэгжүүдэд нөөцийн мах хүргэгдээгүй байна. Зарим хүмүүс нөөцийн махыг сураглан явах бөгөөд мэдсэн хүмүүс байгаа газрыг нь зааж өгнө. Гэсэн ч өнөө л муу чанаргүй, туранхай, өнгө муутай гэсэн үгнүүд дагалдан явах нь тэр. Үүнийг сонссон хүмүүс “Гэхдээ одоо авахаас өөр яахав дээ. Махны үнийг дийлэхгүй байна шүү дээ” гэлцэн итгэл муутайхан алхацгаана.

Холбогдох байгууллагаас амлаж байсан шиг нөөцийн махны чанар сайн болоогүйн учрыг тодруулахаар Монголын махны холбооны гүйцэтгэх захирал М.Лхачинбатыг зорилоо. Тэрбээр “Одоогоор бүх супермаркет болон аж ахуй нэгжүүдэд нөөцийн махыг бүрэн тарааж амжаагүй байгаа. Бүрэн тарааж дуусахад дахин 10 хоногийн хугацаа бий. 360 гаруй аж ахуй нэгжүүд түгээнэ” гэхээс өөр хариу хэлсэнгүй. Нөгөө олны дургүйцлийг хүргээд байгаа нөөцийн махны чанарын талаар “мэдэхгүй” гэсэн хариулт аваад гарлаа.

Харин Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хүнс, худалдааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Хэрлэн “Энэ жил нөөцийн махыг өмнөхөөсөө эрт худалдаанд гаргаж байгаа. Сар бүрт нь худалдах махыг нарийн төлөвлөсөн болохоор хангалттай хүрэлцэнэ. Мөн нөөцийн махнаас дамын наймаачид авч борлуулах зөрчил гаргахгүйн тулд нэг хүнд өдөрт гурваас дээш удаа мах худалдахгүй. Түүнчлэн зах зээлийн ханштай харьцуулаад нөөцийн махныхаа үнийг бууруулах боломжтой” хэмээн ярьлаа.

Ингээд холбогдох байгууллагуудаас махны чанарын талаар хариу авч чадаагүй нь тэдний хувьд нөөцийн махыг л худалдаалж байвал чанарт нь анхаарал хандуулаад хэрэггүй гэсэн ойлголтыг төрүүлж байна.

Ингээд иргэд “Нөөцийн махаа яаж сонгож, хадгалдгийг нь мэдэхгүй. Муу мах шиг харагдаж байна. Дээрээс нь туранхай мах голдуу юм. Бид үнэтэй мах авч чадахгүйгээс хойш хямдхан нөөцийн махнаас аль дээрийг нь сонгож л авч байна даа” гэсэн үгээ хэлсээр байлаа.

Б.Учрал

"Нийгмийн толь" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж