Тэрбээр “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай байнга л ярьдаг. Ингэж ярихаас илүүтэйгээр Монголд хуулийн гаж гэмээр сэтгэлгээ лавширч, эрх зүйн ухамсрын доройтол ихсэж байгаад санаа зовнидог” гэсэн удаатай. Мөн “Улстөрчид үгээ олж хэлэх хэрэгтэй. Мэддэг, мэддэггүй бүхнээ ярих нь улстөрчдийн үүрэг биш” хэмээн өнөөгийн улстөрчдийг шүүмжилдэг нэгэн. Түүнчлэн гавьяат хуульч Б.Чимид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсныхоо дараа “Үндсэн хуулийг батлалцсан төрийн зүтгэлтнүүд нэг санаа бодол, зорилгын дор нэгдэж ажилласан. Одоо энэхүү хуулийн үзэл санааг дэлгэрүүлэх, түүнийг хамгаалан хэрэгжүүлдэг, шударга ёсыг тогтоодог, үнэнч шударга шүүхтэй болохын төлөө ажиллана” хэмээж байлаа. Иймээс шүүхийн шинэтгэлийн хуулийн төслийг боловсруулалцаж, өөрийн дуу хоолой, санал бодлоо тусгаж яваа юм. Хөдөлмөрийн баатар Б.Чимид дөрвөн хүүхэдтэй. Тэрбээр хүүхдүүддээ дэлхийн боловсролыг эзэмшүүлэх нь хамгийн чухал гэж үздэг. Энэ ч утгаараа хүүхдүүдээ гадны улс орны их сургуулиудад суралцуулсан юм билээ. Харамсалтай нь хамгийн том хүү нь хийж бүтээх залуу насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Харин охин Ч.Сайнзаяа нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгссөн. Үүнийхээ дараа Америкийн Ерөнхийлөгч нарыг төрүүлсэн гэгддэг Йелийн их сургуулийг хууль эрх зүйн мастер зэрэгтэй төгссөн аж. Ингээд Нью-Йорк мужид хуульчаар ажиллах эрхийн лиценз авч, Америкийн тэргүүлэх хуулийн компанид ажиллаж байв. АНУ-д байхдаа хань Б.Болдтойгоо танилцаж байжээ. Тухайн үед Ч.Сайнзаяагийн нөхөр Б.Болд “JP Morgan” компанид ажиллаж байсан юм. Харин өдгөө Б.Болд Монголын Хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албыг хашиж буй. Тэрбээр 1994 онд ШУТИС-ийн харьяа КТМС-ийг үйлдвэрлэлийн менежер мэргэжлээр төгсчээ. Төгссөнийнхөө дараа Азийн Хөгжлийн банкны төсөлд хоёр жил ажиллаад 1996 онд АНУ-ыг зорьсон байна. Б.Болд Америкт анх оччихоод 130 орчим байгууллага руу утасдаж, ажилд орох хүсэлтээ илгээсэн гэдэг. Харин тэр дундаас “JP Morgan” компани хүрч ирж уулзахыг санал болгосон гэдэг. Ийм сайхан хариу хүлээн авсандаа Б.Болд одоог хүртэл баярлаж явдаг гэнэ билээ. Эхнэртэйгээ хоёулаа ажил хийн, тодорхой хэмжээгээр хуримтлал үүсгэн товхийтэл амьдарч байв. Нэг л өдөр буюу 2009 оны арваннэгдүгээр сард Б.Болд ажлаасаа гарахаар шийджээ. Үүнийг нь Ч.Сайнзаяа зөвшөөрснөөр Монголдоо ирсэн байна. Монголд ирээд “Ньюком” группийн гүйцэтгэх захирал болж, олон нийтийн анхааралд өртсөн. Б.Болд “JP Morgan” компанийн Хөрөнгө оруулалтын банкны ОХУ, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын болон Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан юм. Мөн тэрбээр Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн “Голдстрим Монголиа” групп компаниудын захирлаар ажиллаж буй аж. Уг компани нь алт олборлолт, хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын гадаадын хөрөнгө оруулалт эрхэлсэн орон тооны бус зөвлөхийн албыг хашдаг. Түүний энэ олон албан тушаал, зөвлөхийн ажил нь Б.Болдыг ямар мэргэжилтэн болохыг нь харуулж буй. Хөдөлмөрийн баатар Б.Чимид хүргэн Б.Болдоороо бахархдаг нь мэдээж. Учир нь өөрийн хүүхдүүдээ боловсролтой байхад нь анхаардаг хуульч маань хүргэн, бэрүүдээ адилхан байлгахыг боддог биз. Түүний эхлүүлсэн сэхээтэн гэр бүлийг үргэлжлүүлэн авч явах боловсролтой хүн болгон хүмүүжүүлсэн Б.Чимидийн гавьяа үүгээр дуусахгүй. Тэрбээр зөвхөн өөрийнхөө хүүхдэд анхаарахаас гадна өрөөл бусдын хүүхдэд эрдэм номын буяныг түгээн дэлгэрүүлдэг. Монголын өнөөгийн хуульчид Б.Чимидын бичсэн ном, шүүмжлэлээр хүмүүжсэн. Иймээс Б.Чимид болон түүний гэр бүл Монголын нэгэн сэхээтэн гэр бүлийн “амьд” жишээ юм.
Сэхээтэн гэр бүлийн “амьд” жишээ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимидийг танихгүй хүн ховор. Тэр дундаа хуулийн салбарынхан андахгүй. Учир нь энэ салбарын дийлэнх нь түүний шавь, шавийн шавиуд байдаг болохоор тэр. Одоогоос 20 жилийн өмнө Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа баталж, хүний эрх, эрх чөлөө, хууль, шударга ёсыг дээдэлсэн иргэний хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулахаа дэлхийн улс орнуудад зарласан. Тийм ээ, ардчилсан Үндсэн хуулийг батлахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүний нэг бол яахын аргагүй Б.Чимид юм. Ардчиллын салхи сэвэлзсэн тэр цаг үед ардчилсан Үндсэн хуулийг батална гэдэг нөр их ажил байсныг тухайн үеийн Ардын их хурлын болон Улсын Бага хурлын гишүүд өнөөдөр дурсаж байна. Үндсэн хуулийн төслийг боловсруулж, эх барьж авсан хуульч Б.Чимидийн ажлын үр дүнг та бүхэн харж буй биз ээ. Тухайн үед Ж.Батмөнх дарга Ардын их хурлын нарийн бичгийн дарга Б.Чимидийг Герман, Англи улсын Үндсэн хуулийг судлуулахаар нэг сарын хугацаатай явуулж байжээ. Ийн улс орнуудын Үндсэн хуулийг судалсны эцэст АНУ-ын Үндсэн хуулийг суурь болгосон гэдэг. Ямартай ч тэдний гавьяагаар бид хүндэлж, дээдлэх Үндсэн хуультай байгаа нь чухал юм. Түүний хөдөлмөрийг төр үнэлж, Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч хэмээх эрхэм цолыг олгосон. Тийм ч учраас түүний үгийг улстөрчид нухацтай сонсдог төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүртэл хуулийн зөвлөгөө өгдөг юм.
"Улс төрийн тойм" сонин