-Засгийн газраас гарсан Ардчилсан намын сайд нарын оронд нэр дэвшүүлэх зургаан хүнээ Ардын намынхан сонгосон. Таны хувьд Батлан хамгаалахын сайдад нэрээ дэвшүүлэхээр өрсөлдсөн ч олонхийн санал авч чадаагүй. Харин олонхийн санал авсан, Ардын намын Удирдах зөвлөлөөс сонгосон хүмүүсийн талаар ямар бодолтой байгаа вэ?
-Монгол төрийн ажил үргэлжлэх ёстой. Ардчилсан нам засгаас гарснаар зургаан сайдын орон гарсан. Харин манай намынхан оронд нь хэний нэрийг дэвшүүлэх вэ гэдгээ ардчилсан зарчмаар тодорхойллоо. Би хувьдаа “Сайхан залуус. Зургуулаа ажил хэргээ зөв явуулж чадах, итгэлтэй хүмүүс” гэж бодож байгаа. Ардчилсан нийгмийн нэг үнэт зүйл нь аливаа асуудлыг олонхиороо хэлэлцэж, шийдвэрлэдэг зарчим. Ийм зарчим ноёлж явдаг.
Ерөнхий сайдад танхимынхаа сайд нарыг сонгох Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх байсан. Гэсэн ч УИХ дахь намын бүлгийн гишүүдтэйгээ саналаа хуваалцаж, Удирдах зөвлөлөөрөө сайд нарыг нэрсийг хэлэлцүүллээ. Нэг ёсондоо ардчилсан зарчмыг барьж өөртөө олгогдсон бүрэн эрхийг намынхантайгаа хуваалцлаа л даа. Тиймээс маргаад байх зүйл алга. Энэ шийдвэрийг хүндэтгэнэ.
-УИХ дахь Ардын намын бүлгийнхний сонголтыг “Мэдрэмжгүй” гэж дүгнэх хүн олон байна?
-Би хувьдаа буруу зөрүү шийдвэр гаргасан гэж бодохгүй байгаа. Тиймээс ч санал хураалтаар олонхийн санал авсан залууст амжилт хүссэн. Зарим нь УИХ-ын гишүүн. Тухайн салбарын ажлыг хийх чадамжтай.
-УИХ гишүүн болохоор сайд болох боломжтой гэсэн үг үү?
-Одоо УИХ-д сууж байгаа 76 гишүүн бүгдээрээ л аль нэг салбарын сайд болох чадамжтай хүмүүс. Харин Ардын намынхан тэр хүмүүсээсээ ардчилсан зарчмаар сонголт хийж гаргаж ирлээ. Тиймээс амжилт хүсье л гэж хэлэх байна.
-Жишээлбэл, Д.Хаянхярваа гишүүн Ч.Улаан гишүүнээс илүү чадамжтай гэж үү?
-Яах вэ. Хүмүүс өөр, өөрийн өнцгөөс харж байгаа. Харилцан адилгүй байр суурь илэрхийлэх нь ардчилсан нийгмийн үнэт зүйлийн нэг. Тиймээс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн биз. Би бол “Орон гарсан сайд нарын оронд нэр дэвшүүлж байгаа зургаан залуу тухайн салбарыг бүрэн хариуцах чадвартай, бэлтгэгдсэн” гэж бодож байгаа. У.Хүрэлсүх л гэхэд хэд, хэдэн удаа сайдаар ажилласан туршлагатай. Одоо том намыг хариуцаад ажиллаж байгаа. Д.Хаянхярваа хүүхэд байхаасаа л төрд зүтгэсэн. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай. Төсвийн мөнгийг захиран зарцуулж үзсэн. Төсвийн байнгын хороо гэж Сангийн сайдын дээр байдаг албан тушаалд сууж байгаа хүн. Ийм хүнийг “Сангийн сайдаар ажиллаж чадахгүй” гэх хүн байгаа бол сонин л байна. Ц.Дашдорж ч гэсэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах бүрэн боломжтой. Өмнө нь энэ яамны дэд сайдаар ажиллаж байсан. Ингээд яривал зөндөө л зүйл байна.
-Таныг болон Ц.Батбаяр, Д.Загджав гишүүнийг ялаад Батлан хамгаалахын сайд болох гэж байгаа Ж.Энхбаярыг бас л туршлагатай гэх үү. Яах вэ, аав нь цэргийн хүн байсан. Харин өөрөө цэргийн сургуульд сурч байгаад хөөгдсөн юм байна. Хүмүүс ийм л байр суурьтай байна шүү дээ?
-Цэргийн амьдралын онцлогийг багаасаа мэдэрчихсэн хүн шүү дээ. Цэргийн казарм, хотхоноос эхлээд явсан. Ийм хүнийг “Батлан хамгаалахын сайд хийж чадахгүй” гэж байгаа бол бас л сонин байна.
-Батлан хамгаалахын сайд болох хангалттай шалтгаан мөн гэж үү. Ц.Батбаяр гишүүний хувьд Цэргийн дээд сургууль төгссөн. Харин та Бригадын генерал цолтой, цэргийн салбарт олон жил ажилласан хүн. Түүнээс дээр юм биш үү?
-Зарчим шүү дээ. Нөгөө талаар Ж.Энхбаяр багаасаа төрд ажилласан. Болохгүй гэх зүйлгүй. Аав нь цэргийн байгууллагыг жинхэнэ байгууллага болгох талаас нь ажиллаж, бодлогыг нь хүчтэй тодорхойлж, авч явж байсан. Тэгэхээр болохгүй гэх зүйл байхгүй. Тэр хүний хаялга гэж нэг зүйл байгаа даа. Зарим хүн сонин хэвлэлээр энэ тухай ярьсан байна билээ. Сайн талаас нь ч ярьж, саар талыг нь ч дурьдсан байсан.
-“Аав нь цэргийн хүн байсан гээд Батлан хамгаалахын сайдаар томилдог юм уу” л гэсэн байх?
-Тэгсэн байсан. Би болж байна л гэж бодож байгаа. Ерөнхийлөгч байсан хүний хүүхэд Ерөнхийлөгч болсон тохиолдол олон улсад бий. УИХ-ын гишүүн байсан хүний хүүхэд гишүүн болж л байгаа. Тиймээс хамтран ажиллаад, дэмжээд явъя л даа. Алдаа оноо гаргавал хажуунаас нь залруулаад явах нь бидний нэг үүрэг. Энэ бол яалт ч үгүй УИХ-ын гишүүдийн нэг үүрэг юм. Их юм хийх байх гэж итгэж, харж байгаа.
-Ардын намын удирдлагуудын зүгээс залуу, бусдыгаа бодвол ажлын туршлага багатай гишүүдийнхээ карьерийг тодорхой хэмжээнд ахиулах гээд ийм шийдвэр гаргасан юм биш үү?
-Залуу байна уу, үгүй юү гэдэг нь хамаагүй. Ардчилсан зарчмаар явуулсан санал хураалтаар гарч ирсэн хүмүүс. Тиймээс л би “Гомдоллоод байх зүйл алга” гээд байгаа юм. Тэгээд ч бид аливаа зүйлийг сайн талаас нь харж сурмаар байна. Юм олон талтай шүү дээ. Өчнөөн олон жил л талцлаа. Хүн бол дэлхийд ирсэн зочин. Тодорхой хугацаанд амьдраад явдаг. Энэ богинохон хугацаанд хүн, хүндээ аль болох эерэг талаас нь хандвал өөрсдийнх нь ажил үйлс ч бүтнэ. Харлуулж, сүүдэртэй талаас нь яриад байх хэрэг байна уу. Нэг хүн ч гэсэн тэр хүмүүст амжилт хүсвэл Монгол Улсад л хэрэгтэй.
-Аль талаараа?
-Монголын төр эв нэгдэлтэй байсан үедээ дэлхийг донсолгож явсан шүү дээ. Бидэнд асар их баялагтай газар нутаг байна. Эв нэгдэлтэйхэн шиг байж байгаад төрийг тогтвортой болгох тал дээр ажиллавал хэн, хэнд нь хэрэгтэй. Боломжийг нь олгоод, цаашид яаж ажиллахыг харах л хэрэгтэй.
-Сайн талаас нь харах гэхээр нэг л болохгүй байна. Яалт ч үгүй нам, фракци, хэн нэгний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаад байгаа юм биш үү. Сайдад нэрээ дэвшүүлээд олонхийн санал авч чадаагүй хүмүүсийн дунд “Манай намын дарга С.Батболд өөрийнхөө талын хүмүүсийг сайдаар сонголоо” гэж байна?
-Шийдвэрийг хамтын ухаанаар гаргасан. Нэр бүхий хүмүүсийг сайдад нэр дэвшүүлэхээр болсон нь бидний хамтын шийдвэр. Ерөнхий сайд, намын дарга ганцаараа шийдвэр гаргаагүй. Бидэнд асуудлыг шийдэх арга зам бий. Ардын нам бол том улс төрийн хүчин. Туршлагатай ч нам. Тэр зэргийн асуудлыг шийдэх хэмжээний туршлагатай гэсэн үг. Тэр хэмжээгээрээ л явж байна.
-Тэгэхээр “Хэн нэгний эрх ашиг байгаа” гэдгийг үгүйсгэж байгаа хэрэг үү. Энэ удаад ч гэлтгүй эрх ашиг хаа сайгүй байдгийг хүн бүр л мэднэ шүү дээ?
-Яах вэ. “Улс төр талаас нь тооцооллоо. Дараагийн алхмаа бодож шийдвэр гаргалаа” гэсэн шүүмжлэл дагуулж байгааг үгүйсгэхгүй. Түүнийг эрүүл талаас нь харах хэрэгтэй. Гэхдээ анхаарах зүйл байж магадгүй. “Цааш, цаашдаа анхаарах нь зүйтэй” гээд туршлагаа баяжуулаад явах биз. Засгийн газрыг одоо ажиллуулах хэрэгтэй байна.
-“Засгийн газрын үйл ажиллагааг аль болох хурдан жигдрүүлмээр байна” гэсэн үг үү?
-Тийм. Нэг юм эхлүүлэх гэхээр тал, талаас нь буруутгаад байж болохгүй. Дэлхий нийтийн хандлага ч тийм. Хаана хэрүүл, муу муухай зүйл байна тэнд хүмүүсийн эрх ашиг хохирч байдаг. Дотроос нь хагалан бутаргаад, тэр нь иргэний дайн болдог. Жолоогоо алдаад ард түмэн хохирдог. Тиймээс бид тогтвортой төртэй байх хэрэгтэй. Өнгөрсөн 20 жилд тодорхой хэмжээний амжилт гаргасан л байна. Манай баялагт шунаж, ашиг хонжоо хайхыг хүсэж байгаа хүмүүс байж л байгаа. “Дотроос нь хагалчихъя. Хооронд нь эвгүй байдал үүсгэж байгаад баялгийг нь авчихъя” гэсэн тоглоом зөндөө л явагдаж байгаа. Их гүрний тоглоом явж байгааг ч үгүйсгэхгүй. Тиймээс бид эвтэй байж, урагшаа харж хөгжих нь чухал. Хөгжиж ч байна. Жишээлбэл, Баян-Өлгийн аймгийг 1940 онд байгуулсан. Тэр үед зургаахан гэр бариад эхэлж байсан түүхтэй. Гэтэл одоо ямар хот болсон байна. Одоо хийж байгаа зүйл яах вэ. Өмнө нь хийсэн, бүтээсэн зүйлээ мартаад байна. Энүүхэндээ, нүдний өмнө байгаа зүйлээ л яриад суугаад байж болохгүй л дээ. Аль, аль талаас нь л харах хэрэгтэй. Сүүдэртэй талаас нь биш шүү. Ардчилсан намын сайд нарын оронд Ардын намын залуус гарч ирлээ. Амжилт гаргана гэж болож байгаа. Доор нь бүхэл бүтэн мэргэжлийн хүмүүсийн баг ажиллана шүү дээ.
-Тэр хүмүүсээ удирдаад, чиглүүлээд явахад л хангалттай гэж үү?
-Сайд бол улс төрийн албан тушаал. Команд өгөөд сууж байх зохицуулагч. Тэр ажлаа сайн хийгээд сууж байвал болохгүй гэх зүйлгүй. Төрийн бодлого, улс төрийн тогоонд чанагдсан хүмүүс. Бүх юмыг нь хийж үзсэн товаришууд шүү.
-Шинэ сайд нарын талаар ийм бодолтой байгаа юм байж. Харин УИХ-ын 2012 оны сонгуулийг явуулах холимог 48:28 тогтолцооны тухайд ямар бодолтой байгаа вэ. Аймгуудын мандатын тоо цөөрсөн. Горилогсдын дундах өрсөлдөөн ширүүсч байгаа болохоор ингэж асууж байна л даа?
-Амьдрал харуулна даа. Одоо далдыг харах хүн байхгүй л болов уу. Эцсийн үр дүн нь ард түмний сонголтоор гарч ирнэ. Чухам хэнийг 48-даа оруулах вэ гэдгийг нам шийднэ.
-УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүд “Одоо парламентад сууж байгаа гишүүдээ 48-даа оруулах нь тодорхой” гэлцэж байна?
-“Мажоритари 48-д зөвхөн одоо УИХ-д байгаа Ардын намын гишүүд орно. Үлдсэн нь 28-д орох байх” гэдэг чинь харьцангуй ойлголт. Хэн тухайн тойргоос боломжийн санал авч ирэх магадлалтай байна. Тэр хүнээ л оруулах байх. Мэдээж намын удирдлагууд ялалт авчрах магадлалтай хүмүүсээ л 48-даа оруулна.
-Тойрогтоо тодорхой хөрөнгө оруулалт хийсэн. Нэр хүндтэй, ялалт авчрах магадлалтай хүмүүс нь одоогийн парламентын гишүүд юм биш үү?
-Тэгж л таарах байх даа. Ямар ч улс төрийн хүчин “Би ялагдъя” гэж УИХ-ын сонгуульд ордоггүй. Ялахын тулд ордог. Тиймээс ялалт байгуулж чадах хүнд итгэл хүлээлгэх нь дамжиггүй. Зүгээр амьдралын энгийн нэг жишээ юм.
-Харин жижиг намуудад боломж олдох болов уу?
-Монголын нийгэмд байгаа улс төрийн хүчнүүдийн олонхи нь УИХ-д орж ирэх боломжтой. Ард түмний сонголт мэднэ л дээ. Гэхдээ ард түмнээсээ таван хувийн санал авч чадахгүй нам байгаад яах юм бэ. Монгол Улсын хэмжээнд байгаа санал өгөх насанд хүрсэн хүмүүсээс 50 мянган санал авч чадахгүй бол цаашид нам гээд явах хэрэг байна уу. Түүнийгээ бодолцох хэрэгтэй. Улс төрд орж ирээд ч яах юм.
-Ярилцсанд баярлалаа.
"Улс төрийн тойм" сонин