Эрхэм гишүүн Ж.Энхбаярын аав Жадамба цэргийн түүхийг сайтар судалсан эрдэмтэн, монгол жанжин, Монгол төрийн хичээнгүй сайд байсан. Ийнхүү алтайчууд удам дамжсан сайдтай болох гэж байгаа юм байх. Харин Ж.Энхбаярын тухайд Оросод цэргийн сургуульд явсан ч тодорхойгүй шалтгаанаар “буцаж” ирсэн гэлцдэг юм билээ. Ноёны хүүхэд ноён болдог ёс бий. Тэр ч байтугай хэдэн үе залгамжлан хаан ширээ барьдаг уламжлалтай орон ч дэлхийд цөөнгүй. Гэвч өнөөдөр Монголд төрийн ажлыг өвлөн залгамжлах боломж хуулийн хүрээнд лав байхгүй. Хэрэв төрийн өндөр албан тушаал өв залгамжлах хэмжээнд очих учиртай бол УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт нь өвөг дээдсээсээ ямар албан тушаал өвлөн авсан эсэхийг нь бүртгэх хэрэгтэй юм байна.
Жишээ нь Ц.Элбэгдоржийн хүүг эцгийг нь бодоод Ерөнхийлөгчөөр сонгож болохгүй. С.Батболдын хүү аавынхаа хийсэн ажлыг яриад Ерөнхий сайдын албанд очих боломжгүй шүү дээ. Магадгүй энэ жишгээр бол Ж.Энхбаяр гишүүний гурван хүү ч өвөө, аав нарынхаа үйлийг үргэлжлүүлнэ гээд энэ зууны турш Батлан хамгаалах яамыг удирдах юм биш биз. Энэ нэг л “шог” томилгоо болсон дог шүү. Тэр тусмаа нэгэн цагт сургуулиасаа хөөгдсөн “Суворов”-оор Батлан хамгаалах салбараа удирдуулсан орон дэлхийд байхгүй биз ээ.
Хэрэв Ардын намын генсек Засгийн газрын бүрэлдэхүүнд заавал орох ёстой бол түүнд өөр суудал бодож олохоос аргагүйд хүрэх вий. Учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “зөвлөгөө” нэртэй анхааруулгынхаа үр дүн, хэрэгжилтийг нягталж, хожим нь хэлэх үгтэй үлддэг онцгой чанартай нэгэн. Тиймээс ч Ардчилсан намынхныг Засгийн газраас гарахаа мэдэгдсэн даруйд Ерөнхий сайдыг өрөөндөө “урьж” Тэргүүн шадар сайд, дэд сайд нарын албан тушаал шаардлагагүй гэдгийг анхааруулсан билээ.
Бялуу нь жижигдээд байсан учраас гарын үсэг зурдаггүй ч, сайдын зиндаанд эрх ямба эдэлдэг дээрх албан тушаалуудыг “төрүүлсэн”. Нөхцөл байдал нэгэнт иймд хүрсэн болохоор түүхэн үүргээ биелүүлсэн амьгүй албатуудыг сонгуулийн кампанит ажилдаа орохыг хүсээд явуулахаас өөр аргагүй. Харин У.Хүрэлсүхийг яах вэ. Хувь хүнийхээ хувьд ч Ц.Элбэгдорж, У.Хүрэлсүх нар нэг шугаман дээр зогсож байсан удаагүй. Энэ удаад ч Тэргүүн шадар сайдаар үлдээхийг Төрийн тэргүүн хүсэхгүй нь бараг л тодорхой болчихоод байна. Иймд Ардын намынхан генсекээ Засгийн газрын танхимд оруулъя гэвэл одоогийн сайд нараас нэгийг нь гомдоох л хэрэгтэй болох нь. Нийгмийн захиалгаар ч гэх үү, намын бодлогоор ч юм уу, генсекдээ суудлаа тавьж өгөх МАН-ын гишүүн сайд олдох байлгүй дээ. Эс тэгвээс У.Хүрэлсүх Ц.Элбэгдоржийн хөлд сууж, тохиролцохоос өөр гарцгүй. Тус намын зарим гишүүний ярьж байгаагаар Удирдах зөвлөл түүнд зориуд VIP суудал зэхсэн нь “унавал ч унаг” гэснийх аж. Хэрэв энэ үнэн бол гойд өндөр суудалд санаархаад гоц мөргөвөл У.Хүрэлсүх Удирдах зөвлөлдөө гомдох эрхгүй гэнэ.
Харин Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар УИХ-ын “королия”-нуудын нэг Ц.Дашдорж тодроод байна. Улс төрөөс төсөөрсөн хүмүүс түүнийг төдийлөн таньдаггүй аж. Тиймээс “Ц.Дашдоржийг УИХ-ын гаднаас томилсон нь сайн хэрэг” гэлцэх нь дуулдав. Гэхдээ тэрбээр УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсон, өмнө нь Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан тул салбартаа хуучин кадр гэж хэлж болно. Түүнийг М.Энхболдын дотны найз гэдэг. Нутаг нэгт Ж.Энхбаяр нь У.Хүрэлсүхийн фракцийнх. Ямартай ч С.Батболдын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд Увс, Говь-Алтай аймгаас тус бүр хоёр сайд “элссэн”. Мөн Сангийн сайдын суудалд хүч түрэн орж ирсэн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дарханаас нэр дэвшсэн болохоос Завханд төрж өссөн гээд бодохоор баруун аймгийнхны ноёрхлыг харуулж байна. Улстөржилт үнэртүүлсэн бас нэг нууц шивнээг энд дэлгэхэд “Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхдаа архи, тамхины бизнес эрхлэгчдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хууль санаачилсан. Үүнийг Ц.Дашдорж бодон байж намдаа түүний суудлыг эзлэх хүсэлтэй байгаагаа захиалсан” гэх яриа ч тэнүүчилж явна. Улстөржилтгүй улс төр гэж юу байх вэ. Байж болох л хувилбар юм.
Хамтарсан гэх тодотголоо халсан С.Батболдын Засгийн газар Т.Ганди дээрээ ганц ч эмэгтэй сайдыг нэмэхгүй гэсэн хатуу бодлого баримталж буй бололтой. Эсвэл Т.Ганди сайд “шинэ” эмэгтэй орж ирвэл Засгийн газраас гарна гэж айлгасан юм болов уу. Хэрэв Ерөнхий сайд С.Батболд Төрийн тэргүүний зөвлөгөөг ажил хэрэг болгож, дэд сайдын орон тоог цомхотговол “Гандий юу сайд” ганцаараа гал манаж, Ж.Сауле, Ж.Цолмон, В.Удвал нар төрхөмдөө буцаж таарах нь.
Шинэ оны босгон дээр баахан харчууд, өвгөчүүд гал тахиж, эм хүйстнийг ад үзсэн. Түүнийхээ дараа Засгийн газраа задаллаа. Энэ бүхэн юуг зөгнөнө вэ. Өнгөрсөн түүхийг эргэн харахад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд эмэгтэйчүүд орж ажилласнаар уруудаж доройтож байсан удаагүй. Харин ч алдаа, авлига, гэмт хэрэг зэрэг бараан мөртэй бүхэнд эрчүүд л оройлон оролцож, хөөгдөж туугдаж явсан. Эмэгтэйчүүд хэзээ ч үнэг хөөж онгоц унагадаггүй. Хувийн эрх ашгаа төрийн эрх ашгийн дээр тавьдаггүй, аливаад зарчимч, нягт нямбай ханддагаараа төрийн ноён нурууг хүндэтгэн түшилцэж явсныг түүх гэрчилнэ.
"Улс төрийн тойм" сонин