Yahoo-г үндэслэгч Жэрри Янг огцорлоо

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Yahoo-г үндэслэгч Жэрри Янг огцорлоо

Жэрри Янг 1995 онд өөрийн хамтрагч Давид Филотой хамтран Yahoo–г үүсгэн байгуулж 2007 оны зургадугаар сараас 2009 оны нэгдүгээр сар хүртэл CEO-гийн албан тушаалд ажилласан юм.

Түүний албан тушаалд хоёр долоо хоногийн өмнө PayPal–ийн захирал асан Скотыг томилсон билээ.

Янг 2008 онд Микрософтийн 47.5 тэрбум ам.доллараар Yahoo-г худалдан авах саналыг хүлээж авалгүй хувьцаа эзэмшигчдийн дургүйцлийг хүргэж байсан. Одоогоор тус компанийн зах зээлийн ханш нь 20 гаруй тэрбум доллар болтлоо буураад байгаа билээ.

Тэрээр мөн Yahoo Japan болон Алибаба группын албан тушаалаасаа огцроод байгаа аж. Мэдэгдэлдээ Янг “Би Yahoo-гоос гадна өөр салбарт хүч үзэн, сонирхлоо нээх цаг ирлээ” хэмээсэн байна. Тэрээр мөн мэдэгдэлдээ компанийн одоогийн менежментийг дэмжиж байгаагаа ч хэлжээ.

“Би Скот Томпсоны ур чадвар бөгөөд сайн захирал болж чадна гэдэгт  эргэлзэхгүй байна. Yahoo–гийн захирлуудын зөвлөл Yahoo-г цаашдаа амжилтаар дүүрэн ирээдүйд хөтөлнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Харин тус компаний гүйцэтгэх захирал Рой Босток “Би болон манай зөвлөлийнхөн түүнийг явах болсон шийдвэрийг нь хүндэтгэн хүлээн авч байгаа боловч түүний алсын хараа болон ухаалаг зөвлөгөөг нь санаж явах болно” хэмээн хэлжээ.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж