“Мэргэжилтэй ажилчин хэрэгтэй байна”

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

“Мэргэжилтэй ажилчин хэрэгтэй байна”

Диплом өвөртөлсөн сэхээтнүүд ажилгүйчүүдийн эгнээг тэлж буй нь нууц биш. Энэ үед манай улсад мэргэжилтэй ажилчид хамгийн хэрэгцээтэй байгаа билээ. МСҮТ-үүдийн үйл ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар Мэргэжлийн боловсрол сургалтын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ц.Энхтүвшинтэй ярилцлаа.


-МСҮТ хуучин Техник мэргэжлийн сургууль /ТМС/ нэртэй байсан.  Манай улсад анхны ТМС хэзээ байгуулагдсан талаар ярилцлагаа эхлэх үү?

-Анх 1964 онд ЗХУ-ын тусламжаар цогцолбор хэлбэрээр таван сургууль байгуулагдсан түүхтэй. Мөн тухайн үеийн ЗХУ болон түүний бүрэлдэхүүн  Дундад Азийн орнууд руу мэргэжилтэн бэлтгүүлэхээр  явуулдаг байв. Оргил үе буюу 1980-аад оны дундуур манай оронд 47  ТМС үйл ажиллагаа явуулж, 34 мянган хүүхэд сурч байлаа.

-Зах зээлийн үед ТМС-ийн үйл ажиллагаа ямар байсан бэ? 

-1990-ээд онд сургуулиудыг харьяа яаманд нь хариуцуулж, 1999 оны УИХ-ын 29 дүгээр тогтоолоор орон нутгийн өмчүүдэд нь өгсөн. Эдгээр буруу шийдвэрийн уршгаар 15 орчим ТМС дээд сургууль болж хувьчлагдсан.  Арван жилийн сургууль, цэцэрлэгүүдийг орон нутгийн өмчид шилжүүлж болох ч Монгол Улсад хэрэгтэй мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог шилжүүлж болохгүй байсан. Тиймээс 2000 оны дунд үеэс сургуулиудыг буцааж төрийн мэдэлд авах үйл ажиллагаа эхэлсэн юм. Гэхдээ нэлээн хэдэн ТМС болон дотуур байруудыг орон нутгийн удирдлагууд нь хувьчилсан.

-2002 онд анх Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль батлагдсан. Хуультай болсны үр дүн яаж гарч байна?

-Мэргэжлийн боловсролын сургалтын тухай хуультай болсон нь тухайн үедээ шинэлэг зүйл байсан ч МУ-ын Засгийн газраас барьж буй бодлого чиглэлийг хэрэгжүүлэхэд учир дутагдалтай  байв. Мөн Мянганы сорилтын сангаас хуулийг сайжруулах талаар  зөвлөмж өгсөн юм. Тиймээс 2009 онд уг хуулийг шинэчлэн найруулсан. Тухайн хуулийн концевцийн 50-иас дээш хувь нь өөрчлөгдвөл шинэчилсэн найруулга болдог. Шинэчилсэн найруулгын дагуу  2010 онд Мэргэжлийн боловсролын сургалтын газар байгуулагдсан. Шинэчилсэн найруулгад агентлагтай байхаар заасан. Агентлаг нь Үндэсний зөвлөлтэй, Үндэсний зөвлөл нь төр, хувийн хэвшлийн төлөөлөлтэй байхаар тусгасан юм.  Ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэй боловсон хүчин нийлүүлэх ажлын алба нь Мэргэжлийн боловсрол сургалтын газар байхаар заасан.

-Мэргэжлийн боловсрол сургалтын газар энэ хугацаанд юу хийв?

-Өнгөрсөн хугацаанд дэлхийн бусад хөгжилтэй орнуудад мэргэжлийн боловсролын салбар нь ямар байдаг, бид юугаараа хоцорч явааг судалсан.  Бусад улсын мэргэжлийн боловсролын хөгжилтэй харьцуулахад тодорхой хугацаанд хоцрогдсон гэдгээ хүлээн зөвшөөрнө.Тэгэхээр алдсан хугацаагаа хурдан нөхөх, гаднаас орж ирж байгаа мэргэжилтэй боловсон хүчний тоог хэрхэн бууруулах,  ажил олгогчийн хэрэгцээнд нийцэх мэргэжилтэн бэлтгэх, манай төгсөгчдөөс ажлын байраар хэр хангагдаж байгааг судалж үзэх шаардлага гарсан. Тиймээс сургалтын хөтөлбөрөө өөрчлөх, багш нараа чанаржуулах зэрэг олон ажил эхлүүлээд байна.  2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан  Засгийн  газрын агентлагуудын дунд зарласан шалгаруултад шилдэг агентлагийн нэгээр шалгарсан.

-Шилдэг агентлагаар шалгарахад түлхэц болсон томоохон ажил гэвэл?

-Анх удаа салбарын яамдуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тодруулбал, ЭБЭХЯ, БОАЖЯ, ЗТБХБЯ, ХХААХҮЯ-тай “Эрэлт сургалт-ажлын байр” хамтран ажиллах гэрээ өнгөрсөн онд байгуулсан. Ойрын таван жилийн хугацаанд ямар ажлын байр эрэлттэй байгааг тухайн яамдууд судалж, жил бүрийн дөрөвдүгээр сард МБСГ-т тухайн жилд суралцуулах иргэдийн тоог өгнө. Харин бид тухайн эрэлтэд тохирсон мэргэжлээр иргэдийг сургах бол төгссөний дараа ажлын байраар хангах үүргийг Хөдөлмөрийн төв бирж хариуцдаг. Хөдөлмөрийн зах зээлд ирээдүйд гарч болох ажлын байранд урьдчилан өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэй болж байгаа юм. Хэдэн жилийн дараа боловсруулах болон хүнд аж үйлдвэр ашиглалтад ороход тэдэнд хэрэгцээтэй  мэргэжилтэй боловсон хүчнийг 100 хувь биш  юм аа гэхэд өөрсдөөсөө шалтгаалах хэмжээнд бэлтгэх хэрэгтэй.

-Ойрын таван жилд ямар мэргэжлүүд хамгийн эрэлттэй байна вэ?

-Мянганы сорилтын сан болон салбарын яамдаас гаргасан хэд хэдэн судалгаа бий. Түүнээс үзэхэд,боловсруулах үйлдвэр болон барилга, хүнд үйлдвэр, уул уурхай, зам тээвэр, барилга хот байгуулалтын чиглэлийн мэргэжил эрэлттэй байна.

-МСҮТ-ийн төгсөгчдийн хэчнээн  хувь нь ажлын байраар хангагддаг юм бол оо. Үүнийг судалсан уу?

-Төгсөгчдийн 70 гаруй хувь нь ажлын байраар  хангагддаг. Гэхдээ сургууль төгссөн хүүхдүүдээ хаана юу хийж явааг анги даасан багш, тухайн сургууль төдийлөн мэддэггүй. Тиймээс төгсөгчдийг мөшгих судалгаа боловсруулж, сургуулиудад хүргүүлсэн. Улсаас тодорхой хэмжээний зардал гаргаад сургаад байдаг, төгссөн хүүхдүүд мэргэжлээрээ ажиллаж байна уу гэдэг нь бүрхэг байна. Мөшгих судалгааг хийж дууссаны дараа бодит үр дүн гарна. Өөрөөр хэлбэл, сургуулиудын удирдлагууд төгсөгчдийнхөө ажил эрхлэлтэд нь санаа тавьж эхэлнэ гэсэн үг.

-Манай улсад гаднаас ажиллах хүч их орж ирдэг болсон. Энэ нь төгсөгчдийг ажлын байраар хангахад нөлөөлж байна уу?

-Аж ахуйн нэгжүүд хаанаас хэдэн ажилтан ажиллуулахаа өөрсдөө шийддэг. Өнгөрсөн жилээс насанд хүрэгчдийн сургалт эхлүүлсэн. Хуулиар 24 наснаас доош насныхан МСҮТ-д сурвал сар бүр 45 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. 24-өөс дээш насныхан тэтгэмж авдаггүй бөгөөд сурах сонирхолгүй байдаг.  Гэхдээ мэргэжилтэй, 24-өөс дээш насныхныг байгууллагууд ажилд авах сонирхолтой байдаг. Тиймээс энэ жилээс МСҮТ-д сурах насанд хүрэгчдийн тоог 30 орчим хувь болгож нэмэгдүүлсэн. Мөн чадамжид суурилсан сургалтаар сургаж байна. Хуучин сургалтаар тухайн хүн энэ хичээлийг төчнөөн цаг үзнэ гэж заасан байдаг бол чадамж нь тэр хүн хийх ёстой зүйлээ чадаж л байвал тодорхой цагт баригдахгүй дараагийнхаа сурах боломжийг бүрдүүлсэн.

-Мэргэжилтэй ажилтнаас илүү дээд боловсролтой хүний тоо хэд дахин нэмэгдсэн нь эрүүл тогтолцоо мөн үү? 

-Их, дээд сургууль болон МСҮТ-д элсэгчдийн харьцаа 70, 30 хувь байна.  Эдийн засгийн өсөлт нэмэгдэхийн хэрээр бакалаврын шатны боловсон хүчнээс илүү мэргэжилтэй ажилтан хэрэгцээтэй үе ирж байна. 2017 гэхэд энэ тоо 50, 50 хувьд хүрэх болов уу гэж бодож байна. Энэ бол эрүүл тогтолцоо. Сүүлийн 30 орчим жилд мэргэжлийн сургуулиуд цогцолбороор баригдаагүй. Харин Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээгээр Оюутолгой компани Налайх, Өмнөговь аймагт МСҮТ-ийн цогцолбор барьж байна.

-Их, дээд сургуульд орж чадахгүй, сурлага муутай хүүхдүүд  МСҮТ-д сурдаг гэсэн ойлголт нийгэмд байдаг. Энэ талаар юу хэлэх вэ?

-Монголчуудын дунд тогтсон  буруу үзэл баримтал бол энэ л дээ. Бидэнд ч биш аав ээж, эмээ өвөө нарт суусан ойлголт яваад байгаа юм. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Харин ч МСҮТ-д ирээдүйгээ өөдрөгөөр хардаг, хөдөлмөрч хүүхдүүд сурдаг.  Тэд есдүгээр ангиа төгсөөд 2.5 жил сурахад цаг хугацаа хэмнэж, тэтгэлэг  авч, мэргэжил эзэмшээд ажлын байртай болж байгаа нь давуу тал. Дөнгөж сургууль төгссөн хүүхэд эзэмшсэн мэргэжлээсээ шалтгаалж сард 400-600 мянган төгрөгийн цалин авах боломжтой байна шүү дээ.  Мөн бакалаврт үргэлжүүлэн сурч болдог. Их, дээд сургуульд сурсан залуучууд ч хэдэн жилийн дараа Мэргэжлийн боловсролын байгууллагуудад  сурч мэргэжил эзэмших  нь түгээмэл болж байна.Нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт ч тэгж шаардаж байна.  Цаашдаа мэргэжлийн боловсролын сургуульд сурах хүүхдийн тоо өсөх хандлагатай байгаа.

 -Ойрын хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Төлөвлөгдсөн ажлуудыг тоочвол урт жагсаалт гарах байх. Аливаа ажил бүр хоорондоо уялдаа, холбоотой байдаг нь төрийн захиргааны байгууллагын ажлын онцлог.  Шийдэх асуудлуудаа эхлээд жагсаалт гаргаад дараа нь эрэмблэх хэрэгтэй,  хэрэгжүүлэх хугацаагаар нь. Мэдээж санхүү хөрөнгө оруулалт хүн хүчний нөөцөө зөв тооцоолох  ёстой.  Ирэх жилийн хувьд Мэргэжлийн боловсрол, сургалтын хуульдаа зарим нэг өөрчлөлт оруулахаар Засгийн газарт өргөн бариад байгаа. УИХ-аар  хуулийн өөрчлөлт батлагдахаар  хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор тодорхой ажлууд хийнэ. Мөн чадамжид суурилсан сургалтын  хөтөлбөрөөр боловсруулсан сургалтуудаа явуулах хэрэгтэй байна. МҮСТ-үүд 3000 орчим багш, ажилчинтай. Эдгээр багшаас шинэ арга туршлагаар заах багш нарыг бэлтгэх нь чухал. Мөн сургуулийн өргөтгөл барих,  орчин үеийн тоног төхөөрөмж, лаборатори байгуулах нь чанартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх  эхлэл болох юм.

Ч.Болортуяа

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж