Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Их хүлээлт & инфляци

Монголчууд их хүлээлттэй байна. Монгол Улсын эдийн засаг өсч, иргэдийн амьдрал дээшлэх, "Эрдэнэс Тавантолгой"-гоос иргэн хувь хишиг хүртэж, эх орондоо сая төгрөгийн орлоготой ажиллах гээд хүлээлт үүсгэсэн асуудал хөвөрсөөр.

Энэ онд эдийн засгийн өсөлт 26 хувьд хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Ирэх онд үүнээс ч илүү байхын сацуу эдийн засгийн өсөлтийг иргэндээ наалдацтайгаар бий болгох болно хэмээн Засгийн газраас амлалаа.

Цалин 2.5-2.8 дахин нэмэгдэх нь. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ч бас Засгийн газрын амлалтын дагуу 2008 оны төвшинтэй харьцуулахад гурав дахин нэмэгдэх учиртай. Энэ бүх сайн сайхан амлалт, эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр монгол хүн бүрийн амьдралд чимээгүйхэн хүлээлт үүсгэжээ. Хүлээлт биеллээ олох эсэхийг харин цаг хугацаа харуулах биз ээ.

Юутай ч ойрын таван жилд Монгол Улс Төв Азийн цээжнээ хамгийн хурдтай хөгжиж буй, эсвэл хөгжсөн орны тоонд орох нь дамжиггүй боллоо. Гэхдээ тэр хэрээр иргэдийн ажил амьдрал дээшлэх болов уу. Одоохондоо лав монголчууд баяжаагүй байна. Харин их хүлээлт үүсгэсэн эдийн засгийн өсөлт аль 2008 оноос эхлэлтэй шүү дээ. Тэр цагаас хойш Монгол Улсын ДНБ-ий хэмжээ гэхэд гурав дахин өссөн гэх статистик мэдээлэл бий.

Улс орны хөгжлийг ДНБ-ий өсөлтөөр хэмждэг. Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ одоогоор 2100 орчим ам.доллараар хэмжигдэж байна. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт. Харин иргэдийн хэтэвчинд байгаа мөнгөний хэмжээ гурав дахин өссөн үү гэвэл тийм биш шүү дээ.

Ирэх онд ДНБ дахиад хоёр дахин өсч, нэг хүнд 5000 ам.доллар ногдоно гэж байгаа ч мөн л иргэдийн амьдралд хүртээмжтэй байх эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ одоо л ирээдүй жинхэнэ утгаараа гэрэлтэж байна. Засгийн газраас энэ оныг бага орлоготой өрхийг дэмжих жил болгон зарлалаа. Хэрэв энэ бодлогыг зөв хэрэгжүүлж чадвал эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргаанд ч бас мэдрэгдэх учиртай.

Өнгөрсөн 2011 он Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил байлаа. Энэхүү жилийн хүрээнд улс даяар 70 мянга гаруй ажлын байр бий болсон гэх судалгаа байна. Ажлын байр бий болохын хэрээр ард түмний амьдрал дээшлэх учиртай. Ажилтай, орлоготой байна гэдэг хөгжлийн тулгуур билээ. Цаашид уул уурхайн салбарын хөгжлийн үр дүнд дор хаяж, 30 мянга гаруй ажлын байр бий болох учиртай. Өөрөөр хэлбэл, Монгол хүн бүрийн ажил, амьдрал дээшлэх цаг ойртсоор байна. Бас л хүлээлт үүсгэсэн асуудал.

УИХ түүхэндээ анх удаа төсвийн хөрөнгө оруулалтыг илүү дэмжсэн хууль баталлаа. Энэ оны төсвийн хөрөнгө оруулалт 1.8 их наяд төгрөг. Дээрээс нь Хөгжлийн банкаар дамжуулан томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Эхний ээлжинд 100 мянган айлын орон сууц хөтөлбөр, шинэ төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ. Хамгийн холдоо 2015 он гэхэд нийслэлд 100 мянган айлын орон сууц баригдаж, Улаанбаатар утаанаасаа салах учиртай.

Түүнчлэн шинэ төмөр замын төслийн хүрээнд 2015 он гэхэд 2000 гаруй километр төмөр зам баригдана. Сайншанд аж үйлдвэрийн парк байгуулагдсанаар уул уурхайн бүтээгдэхүүнд гүн боловсруулалт хийж, хоёрдогч, гуравдагч хөршид экспортолно. Уул уурхайн салбарын экспортын нөлөөгөөр Монгол Улсын гадаад худалдаа 2013 оноос эхлэн ашигтай гарах төлөв гарсан.

Автозамын сүлжээг сайжруулж, замын түгжрэлийг устгах төлөвлөгөөг Засгийн газар баталлаа. Улаанбаатар хот маань удахгүй утаанаасаа салж, замын түгжрэл арилах нь. Мэдээж төлөвлөсөн бүхэн саадгүй хэрэгжвэл гэдгийг сануулъя.

Түүнчлэн монголчууд Дорнод, эсвэл Баян-Өлгий рүү төмөр замаар зорчдог болох нь гээд бод доо. Хамгийн цаад хугацаа нь 2020 он гэхэд дээрх бүх төлөвлөгөө биелэх учиртай.

Энэ бүх томоохон хөгжлийн хөтөлбөрийг өнгөрсөн 2011 онд баталлаа. Одоо хэрэгжүүлэх ажил л үлдэж байна. Төлөвлөгөөгөөр бол хамгийн цаад тал нь 2020 он гэхэд монгол хүн бүр эх орондоо сайхан амьдрах боломж бүрдэх нь. Тийм ч учраас монгол хүн бүр их хүлээлттэй байна.

Монголчуудын их хүлээлт биелэх цаг удахгүй ирнэ гэж найдъя. Гэхдээ энэ бүх сайхан төсөөллөөс өмнө инфляци гэх "мангас" монголчуудыг айлгаж эхлэх боллоо. Хэрвээ инфляцийг дарж чадахгүй бол иргэдийн амьдрал сайжраад ямар ч нэмэргүй билээ. Нөгөөтэйгүүр иргэдийн дунд үүсээд байгаа энэхүү эерэг хүлээлт нь инфляцийг хөөрөгдөх хүчин зүйл болж байгаа юм. Тийм учраас иргэдийн дунд үүсээд байгаа их хүлээлт инфляцитай яах ч аргагүй холбогдож байна.

Л.Энхдэлгэр

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж