Ц.Шинэбаяр: МАХН, МҮАН-ын гэрээ бол хэлбэр төдий зүйл

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр: МАХН, МҮАН-ын гэрээ бол хэлбэр төдий зүйл

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяртай цаг үеийн асуудлаар  ярилцлаа. Тэрбээр эрүүл мэндийн байдлаас шалтгаалж сүүлийн хэдэн сар улс төрөөс хол байсан юм.

-Таныг гадагшаа явж,  мэс засал хийлгэсэн гэж сонссон.  Одоо биеийн байдал нь сайн уу?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-наас хойш эрүүл  мэндийн байдлаас болоод ажлаасаа үндсэндээ хөндийрлөө. Хоолойны хорт хавдартай гэж оношлуулсан. Ховор тохиолддог өвчин юм байна. Одоо бол биеийн байдал сайжирсан. Аюулгүй гэсэн.

-Хаана мэс засалд орсон бэ?

-Германд.

-Та хэзээнээс ажилдаа оров?

-Өнгөрсөн долоо хоногоос ажилдаа ирлээ. Хоолойны хавдар байсан болохоор хагалгааны дараа хоёр сар орчим хугацаанд бага ярих, бүр огт ярихгүй байхыг эмч нар анхааруулсан. Харин хэд хоногийн өмнөөс нэг их ачаалал өгөхгүйгээр ярьж болно гэсэн учраас ажилдаа ороод байгаа маань энэ.

-Монголд хэр эмчилгээ хийлгэсэн бэ?

-Би энд сайн гэсэн олон эмчид үзүүлсэн, олон ч эмнэлгээр явсан. Гэтэл хорт хавдар гэж оношилсон газар байгаагүй. Баахан сүлжээний эм уухыг санал болгодог юм билээ. Тэгээд Сингапурт ажлаар явж байгаад шинжилгээ өгөөд үзтэл долоо хоногийн дараа хорт хавдар байна гэж оношилсон. Тэдний зүгээс “Сингапурт энэ төрлийн хагалгаа хийдэг ч хоолойны хорт хавдрын мэс заслыг Германд хийлгэсэн илүү үр дүнтэй” гэж зөвлөсөн болохоор Герман явсан юм. Одоо эмч нартайгаа байнга холбогдож, зөвлөгөө авч байгаа. Эндээ бол II эмнэлэгийн хяналтад байна.

-Таныг эмчлүүлээд байх хугацаанд улс төрийн амьдралд олон үйл явдал өрнөлөө. Таны эзгүйд Хамуг монголын хөдөлмөрийн намыг хэн төлөөлж байв аа. Энэ хугацаанд танай намын байр суурь бараг л харагдсангүй?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд Сонгуулийн тухай хуулийг баталлаа шүү дээ. Нэгэнт сонгуулийн хууль батлагдсан учраас энэ хуулийн дагуу намууд юу хийх ёстой вэ гэдэг чиглэлд манай намынхан ажиллалаа. Улс төржихөөсөө илүү сонгуульд бэлдэх асуудалд анхаарсан. Нөгөө талаас сонгогчдын боловсролыг яаж дээшлүүлэх вэ гэдэг дээр ажилласан зүйл бий.

-МАХН нэрээ өөрчилж, МАН-ыг байгуулахад та ганцаараа үлдсэн.  Одоо тэр намыг ерөнхийлөгч асан Н.Энхбаяр толгойлж байна. Тэд бас М.Энхсайханы намтай нэгдэж, есөн жилийн гэрээ байгууллаа. Та улс төрийн энэ нэгдлийг яаж харж байна вэ?

-Хүн бүрийн бодол өөр. Өөрийнхөөрөө л явах ёстой.  Хүмүүс миний хийсэн алхмыг буруу гэлээ гээд үзэл бодлоосоо ухарч болохгүй. Ямар замыг сонгосон тэр замаараа л явна. Би өөрийнхөө сонголтыг зөв гэж бодож байгаа.  Харин МАХН, МҮАН хоёр холбоо байгуулсныг бол би хэлбэр төдий зүйл гэж бодсон. Заавал ингэж бусдыг дуурайх албагүй л дээ. Ер нь бол янз бүрийн холбоо  байгуулахаасаа илүү ямар гарц байгааг хайх нь чухал шүү дээ.

-Сонгуулийн хууль батлагдахаас өмнө энэ асуудалд танай намын байр суурь төдийлөн харагдаагүй. Гэтэл МАХН, МҮАН энэ хуулийг маш муу хууль болсон гэж шүүмжилж байгаа?

-Яг үнэндээ сонгуулийн хууль МАН, АН хоёрын хуйвалдаж бүтээсэн жүжиг шүү дээ. Эхнээсээ урьдчилан тохирч энэ хуулийг баталсан. Тэгээд сонгуульд зориулсан материалаа хэвлээд, үлдсэн 15 хоногт л бүх материалаа тараачихлаа шүү дээ. Явуургүй  намыг дагаад намираад байх нь манай намын бодлого биш. Сонгуулийн хуулийг иргэний хөдөлгөөн ,бусад намууд шүүмжилж байгаатай бид ч мөн санал нэг байна. Гэлээ гэхдээ шүүмжлээд юу ч өөрчлөгдөггүй гэдгийг мэддэг учраас ард түмэнд ойлгуулах ажилд илүү анхаарч байна.

-Та ер нь МАХН-аас хэрэггүй гарсан юм биш үү. Таны авч үлдсэн намыг  сөрөг хүчин болох магадлал өндөр боллоо гэж харах хүмүүс байна?

-Гуравдагч хүчин гаргах нь туйлын зорилго биш. Болохгүй байгаа бүхнийг шударгаар ил гаргаж, энэ төр засгийг орвонгоор нь эргүүлэх бол бидний зорилго. Тэртэй тэргүй энэ хоёр нам унаж байгаа. Хүссэн хүсээгүй  улс төрийн өөр намууд гарч ирнэ. Энэ бол жам ёсны зүйл. Гэтэл гуравдагч хүчин хэн байх вэ гэдэг чухал. Ялзарсан хүмүүсийн оронд дахиад л ялзарсан хүмүүс гуравдагч хүчин гээд гараад ирвэл ямар ч хэрэг байхгүй. МАХН яаж бодлого  явуулахаас  хамаарах байх л даа. Цаг хугацаа дэндүү богинохон  байна. Шалгуур даах болоогүй шүү дээ. 1990 оны үед АН-ынхан нэг намын дарангуйлал гэж их ярьдаг  байсан. Харин одоо бүр хоёр намын дарангуйлалд орчихоод байна. Нэг ёсондоо чонын амнаас барын аманд л орсон гэсэн үг л дээ. Ийм байхад мэдээж гуравдагч хүчний байр суурь чухал. Хэн байх нь бүр чухал. Ер нь аль ч нам адилхан толгой нь ажиллахгүй, шинэ юм сэтгэхээ байчихсан байгаа юм биш үү.

-АН  хамтарсан Засгийн газраас гарч, МАН Засгийн эрхийг барих боллоо. Энэ үйл явдалд та ямар дүгнэлт хийж байна вэ?

 -Өнгөрсөн хугацаанд хамтарсан Засгийн газар хийсэн  ажилгүй байсан учраас л ийм жүжиг тавьж байна. Зүгээр л жүжиг. Одоо энэ хоёр намын хорин жилийн ажлыг эргэж харах хэрэгтэй. Хамтраад юу хийв. Ядуурал, ажилгүйдэл буурсан уу гэдэгт хариулт хайхаар эсрэгээрээ гараад байдаг биз дээ. МАН одоо шинэ сайд нараа томилж байна. Энэ ч бас жүжиг.

-Хамтарсан Засгийн газар тарснаар өөр улс төрийн намуудад тоглолт хийх боломж бүрдэж байна гэсэн өнцгөөс харж болох уу?

-Өөрөө тоглолт хийх гэж онож хэллээ. Дандаа л тоглож ирсэн. Харин бид бол улс төрийн бохир тоглолт хийхийг хүсэхгүй байна. Бодитой  зүйл хийхийг эрмэлзэж байгаа. Тоглосон, тоглож байна, цаашид  тоглоно. Гэтэл ард түмэн энэ хэдэн улс  төрчдийн тоглоомыг даахгүй байна. Тоглоом тоотой нь дээр, толгой мөлжүүртэй нь дээр гэж үг бий. Одоо байтлаа энэ намууд чинь шатахууны үнэ, валютын ханш, утаа гээд хүссэнээрээ тоглодог болсон байна. Энэ чинь одоо юу гэсэн үг юм бэ…Юу хэлэх гээд байна гэхээр манай нам бол Засаг тарсан дуулианы сиймхийгээр тоглолт хийдэг улс төрийн хүчин биш гэж ойлгох хэрэгтэй. Тоглох хүмүүс нь ярьдгаа ярина биз. Бид бол бодитой юм бодно. 

-Улс төрийн амьдрал бужигнаж байх хооронд шатахууны үнэ  огцом өсч, үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өслөө. Иргэд улс төрийг сонирхохоос илүү өнөөдрийнхөө амьдралд санаа зовж байна. Уг нь таны байгуулсан намын зорилго үүний эсрэг тэмцэх шүү дээ?

-Бид байр сууриа илэрхийлсээр байгаа. Энэ бүхэн явж явж Монголын төр удирдлагагүй болсны л илрэл шүү дээ. Валютын 2.5 тэрбум долларын нөөц байгаа  гэж яриад  байна. Гэтэл ямар ч удирдлагагүйгээр валютын ханш өсч, төгрөгийн ханш унаж байна. Энэ асуудалд Монголбанк анхаарлаа хандуулахгүй байна. Үнэхээр 2.5 тэрбум ам.доллар байна уу гэдэг асуудал гарч ирж байна. Байхгүй ч байж магадгүй. Нэгэнт мэдсээр байж ажлаа хийхгүй байгаа Монголбанкны удирдлагуудтай яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Энэ асуудалтай шууд холбогдох Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхантай хариуцлага ярьсангүй. 2009 онд  одоогийнхоос 5-6 дахин бага валютын нөөцтэй байхад энэ мэт асуудлыг зохицуулж чадаж байсан хэрнээ одоо яагаад чадахгүй байна вэ. 2008 онд манай улсын гадаад өр 1.7 тэрбум ам.доллар байсан бол одоо есөн тэрбум ам.долларын гадаад өртэй болчихоод байна. Энэ нь цаанаа валютын ханшийн өсөлттэй холбоотой. Хариуцлага алдсан хүнийг шийтгэж чадахгүй байна гэдэг том эмгэнэл. 

-Танай нам одоо хэдэн гишүүнтэй вэ?

-Хамуг Монголын хөдөлмөрийн нам анх 2000 гишүүнтэй байгуулагдсан. Одоо гишүүдийн тоо нэмэгдсэн. Цаашдаа ч нэмэгдэх байх. Гэхдээ гишүүнчлэлийн хойноос хөөцөлдөж, намдаа элсүүлэхийг уриалах, эсвэл өөр намын хүмүүсийг урвуулахад анхаардаггүй. Ер нь батлах  бөөндөж тараадаг, батлахыг нь сольж элсүүлэх сонин биш.

-Иргэний хөдөлгөөнүүдтэй хамтрах уу?

-Иргэний хөдөлгөөнүүдтэй өнгөрсөн жил хамтарч ажиллаж үзсэн. Үнэхээр тууштай Иргэний хөдөлгөөн ховор юм билээ. Зорилгоо зөв тодорхойлсон, тууштай хөдөлгөөн гараад ирвэл хамтрахыг үгүйсгэхгүй.

-Хөдөлмөрийн нам УИХ-ын сонгуульд яаж оролцох вэ. Тэр талаар зангидсан зүйлүүд юу байна?

-Бүх тойрогт манай намаас нэр дэвшинэ. Мөн Монгол Улсын иргэний эрхээ хасуулсан олон хүнд бид боломж олгоно. Өөрөөр хэлбэл, гадаадад амьдарч байгаа монголчуудад бид нэр дэвших боломж олгохоор ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн төлөөллийг квотын хүрээнд шийдэхийг оролдож байгаа нь бодит байдалд нийцэхгүй зүйл юм. Манай нам эмэгтэйчүүдээ дэмжинэ. Нэр дэвшүүлэхдээ ч үүнийг чухалчилж үзнэ.  Харин нэр сэвтсэн хүмүүсээс бол зайлсхийнэ шүү. Нам нам дамжаад явдаг хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх зарчмыг баримталж байгаа. 

-Та тэгвэл өөрөө хаанаас нэр дэвших вэ. Дорнодод дахиад дэвших боломж байна уу?

-Би нэр дэвшинэ. Хаана ямар асуудал байна, түүнийг шийдэх гэж бид нам байгуулсан. Тэгэхээр хаана асуудал их байна, тийм газар хүчээ үзэж яагаад болохгүй гэж.

-Ярилцсанд баярлалаа.

С.Отгонсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж