ҮЗХ-ны хуралдааны араас “үнэрлэхүйд”

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

ҮЗХ-ны хуралдааны араас “үнэрлэхүйд”

Эхлээд нэгэн шинэ онигоо яръя. Ихээхэн хэрүүлтэй хурлын дараа намын даргаасаа гишүүн нь асууж байна гэнэ. “Та намдаа яагаад цэвэрлэгээ хийдэггүй юм бэ гэхүйд, үгүй ээ хө, нам бусчуудыг бузарламааргүй байна шүү дээ” хэмээсэн тухай юм. Чухам яагаад энэ онигоог ярих болов гэдгийгээ хожим өгүүлсүгэй.

Өнгөрсөн долоо хоногт Монголын улс төр тэрүүхэндээ пижигнэж, АН хамтарсан засгаас гаран, шинэ жилийн баярын сунайсан өдрүүдийн “шарыг” тайллаа хэмээн хэлж болно. Мөн бензиний үнэ нэмэгдсэн гээд юм юм л болов. Гэхдээ салхи шуургатай үед их ойн модны зөвхөн үзүүр хэсэг сүртэйгээр ганхан шуугиж, доогуураа нам жим байдаг шиг дээдэс л бужигнаснаас бус доодос бажгадан сандарч байгаа юм огтхон ч ажиглагдсангүй. Ирэх сонгуулиар та нарт үзүүлээд өгнө өө гэж хүлээсэн нэгэн ч байгаа л биз, ингэнэ гэж бодоод байсан юм аа хэмээн таамагласан заримынх нь хүсэл бас биелээ биз. Ямар ч байсан АН засгаас гарлаа гээд ард түмэн бослого ч гаргасангүй, наадам ч хийсэнгүй. Хамтарч байсан МАН нь юу ч болоогүй юм шиг Үндсэн хуулийн баяр энэ тэр гээд бөх барилдуулсан шиг хамтарсан Засгийн газрын хагарсан өдрийг тэмдэглэлээ. Харин АН-ынхны зарим нь асар их ууртай байв.

ҮЗХ-ныхоо хурлыг нэн яаралтайгаар хуралдуулж, хамтарсан засгаас гарсан хөөрхий даргыгаа бахаа ханатал харааж аваад тарав. Ажаад байхад Н.Алтанхуяг нь ганцаараа хамтарсан засагт орох шийдвэр гаргасан юм шиг загнаж байлаа. Уг нь миний санахад хамтарсан Засгийн газар байгуулах саналыг энэ ҮЗХ одоогоос дөрвөн жилийн өмнө ярсхийтэл гараа өргөн зөвшөөрч байсан юмдаг. Гэтэл одоо яаж байна. Зунжингаа дэмий тэнэж, мөрийтэй тоглоомонд хамаг байдгаа алдан, дээр нь өнгөний өвчин аваад ирсэн нөхрөө эхнэр нь загнаж байгаа юм шиг аашилцгаалаа. Энэ бол АН-ын хувьд ирэх сонгуулийн өмнө хийгээд дараа өрнөх их тулааны оршил, тасрахгүй дагалдах их хэрүүлийн угтал байлаа гэхэд болно. Хэрвээ ид шид байгаад миний дээр өгүүлсэн онигоог үл тоон “их цэвэрлэгээ” хийдэггүй л юм бол шүү дээ.

Төлөвлөгөө нурсан нь

 АН-ын хэсэг нөхөд намынхаа даргын суудлыг авах тэмцлийг Н.Алтанхуяг дарга болсон тэр цаг мөчөөс эхэлсэн байдаг юм. Тэдний дотор өнгөрсөн 22 жилийн хугацаанд намын даргаа түлхэж унагаахад онцгой гавьяа байгуулж тун их туршлага хуримтлуулсан, энэ сэдвээр докторын зэрэг хамгаалах хэмжээний хэд хэдэн нөхөр бий. Энэ хүмүүс өнгөрсөн хугацаанд нүдээ аниад л номоо уншиж буй лам шиг суугаад байгаагүй. Хэр хэмжээндээ хамтарсан засгийг шүүмжилж, түүний дундуур болж л өгвөл “хар муур” гүйлгэхийн зэрэгцээ, намын даргынхаа суудлын зүг алхам алхмаар гэтэж байсан юм. Энэ бол АН-ын хувьд гэм биш зан. Ер нь АН-ын даргаар хоёр жил ажилласан хүн тун ховор. Ганц л байгаа шиг санагдана. Тэд халширсандаа даргынхаа ажлыг өгөөд байдаг юм биш. Түүнийг дуу нэгтэйгээр сандлаас нь дугтардаг юм. Яагаад гэхээр өнөөдөр дарга нь сонгогдож байхад маргааш нь түүнийг унагаах нууц бүлгэмийнхэн их хүрээний хаа нэгтээ анхныхаа хурлыг хийдэг. Тэгээд л ханцуйгаа шамалж байгаад үзэж тарна даа. Харин энэ Н.Алтанхуяг одоогоор дөрвөн жил намаа даргалж, АН-даа л “Гиннесийн” амжилт тогтоолоо. Бас анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд сойсон морио сайн давхиулж, торгон жолоог нь өргүүлжээ. Харин одоо ҮЗХ-ны хурлын араас “үнэрлэж” суухуйд хэн хэн гол дүрд тоглож, хөшигний ард ямар тоглолт болоод өнгөрөв гэдгийг сонирхоцгооё.

Энэ удаагийн ҮЗХ-ны хуралдааны “одууд” нь УИХ-ын гишүүн З.Энхболд, “Женко” Х.Баттулга хоёр байв. АН-ын суудлын төлөө өнгөрсөн жилээс тун шуурхай авирч эхэлсэн З.Энхболд тэнгэрийн умдаг атгах эсэх нь энэ хуралдаанаас ихээхэн хамаарах байв. Харин тэр хаа очиж намын дарга болох санаагаа нууж байгаагүйгээрээ өмнөх “төрийн эргэлт” хийдэг нөхдөөсөө ялгаатай. Тэрбээр Эрдэнэтийн хаалга үүдийг эвдээд орж болсон юм чинь, Н.Алтанхуягийн суудал юухан байх вэ гэж бодсон байхыг ч үгүйсгэх юм алга. Мөн ирэх сонгуулиар АН ялалт байгуулбал намын даргын нь суудлын ард Ерөнхий сайдын сэнтий ч давхар сүүмэлзсэн юм бил үү, хэн мэдлээ. “Женко” Х.Баттулга ч дарга бол гэвэл, үгүй гээд тэнэгтээд байх нэгэн биш гэдэг тодорхой. Тэрбээр ямар ч байсан намын даргынхаа суудлыг авах бүлгийнхэнд ил далд хэлбэрээр “галын дэмжлэг” үзүүлж байв. З.Энхболдын хувьд жижигхэн биетэй ч, улсын төсөвт асар том цоорхой гаргаж дөнгөдөг суу заль ихтэй, отож мэх хийхдээ гаргуун, баараггүй үед нь хулганыг базаж аваад зүйл дуусгадаг муур хэмээн намын нь нөхөд ярьдаг бөгөөд энэ хоёрын нэгдлийг заль мэх, хөрөнгө хүч хоёр хавсарсан тун хүчтэй бүлэглэл үүслээ хэмээн АН-ынхан харж байв. Тийм болохоор АН-ын даргын суудлыг авах нь зөвхөн цаг хугацааны асуудал гэж үзээд тэдний зүг гүйлдэх хүмүүсийн нарийн жим аль хэдийнэ гарчихаад байв. Гэвч Чингисийн цэргүүд дайсныхаа хүлээгээгүй газраар, хэзээ ч төсөөлөөгүй цагт довтолдог байсан гэдэг шиг Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас гарах болсноо гэв гэнэт зарласан нь тэр хоёрыг жинхэнэ сандралд оруулжээ. Ингээд хүчээ нарийн сайн хуваарилж, тооцоо юугаа ян тан хийж амжаагүй байсан З.Энхболд, “Женко” Х.Баттулга нарын төлөвлөгөө бүрэн нурж, тэртээ социализмын үед нэгдэл байгуулах хурал л нэг иймэрхүү байсан болов уу гэмээр занасан, загнасан үгс цуурайтаж, цөс нь хөөрсөндөө нүд нь хурц болж, нүүр нь цайсан хүмүүсийн зүрхнийхээ хөөрлийг дарсан цуглаан болов. Харин дөрвөн жилийн өмнөөс хэсэг хүмүүсийн хараанд өртөөд байсан даргын суудал дээр нь Н.Алтанхуяг шовойтол суусаар үлджээ. Ийн үлдэхийн учир нигуур бас байлаа.

Эр эмгүй гэдсэндээ…

 ҮЗХ-ны хуралдаан хэмээн нэрлэсэн болохоос үнэндээ цуглаан гэхэд хилсдэхээргүй энэ хурал хачин чамин, гайхаж биширмээр зүйлээр дүүрэн байв. Халамцуухан нөхөд элбэг байх энэ тэр бол тус намынхны хувьд ердийн зүйл юм. Тогтсон заншил. Энэ удаа ч 22 жилийн турш хадгалагдаж үлдсэн энэ гайхамшигт уламжлал гээгдээгүй гэдгээ харуулав. Бас цуглаан гэдгийг тодотгомоор юм нь гэвэл бусад намын төлөөлөгчид оролцсон явдал байлаа. Харин тэд урилгаар оролцов уу, учралаар ингэж таарав уу гэдэг өөрөө оньсого. Ямар ч байсан хэд хэдэн намын нэр нөлөө бүхий нөхөр ҮЗХ-ны хурлын танхимд данхайтал сууж харагдлаа. Үүнийг Ардчилсан намын ҮЗХ-ны жинхэнэ ардчилалтай хуралдаан гэхээс өөр яах билээ. Ер нь Монголын намуудын түүхэнд ойн баярын хурлаас бусдад нь өөр намын төлөөлөгч оролцож байсан тохиолдол байдаг болов уу?

Тэгээд л хэрүүл эхэлсэн дээ. Хамгийн гоё нь АН-ын эмэгтэйчүүд хамгийн эхлээд гэдсэндээ хөлөө хийлцэв. Эрчүүд шигээ нармайгаа нээлцэж чаддаггүй энэ хүйсийнхэн ичиж үхмээр үгээр өвөр хоорондоо тулалдаж байлаа. Үүнээс эрчүүд нь ичээд хэсэг зуур эмгэнэл илэрхийлж байгаа юм шиг дуугүй болж байсан гээд бод доо.

Бас шүүх хурал шиг юм болов. Хамтарсан засагт зүтгэсэн сайдуудаа тайзан дээр дуулуулах гэж байгаа юм шиг жагсааж байгаад байцаалаа. За чи яасан гээд л. Үүнийг өвөрмөц нэгэн “АХА” тэмцээн ч гэмээр юм уу. Тухайлбал, за эрхэм сайд чи хэдэн орон сууц барив гэхүйд нөгөөх нь нэг тоо хэлж таарна биз дээ, тэгэхээр З.Энхболд, “Та таасангүй ээ. Ганц ч баригдаагүй шүү дээ” гэх жишээтэй. Ялангуяа З.Энхболд, Х.Баттулга сайд хоёрын энэхүү асуулт хариултын тэмцээн бараг мартагдах шахсан харилцаа дуу маягтай байсан гэхэд болно. Энэ дуунаас харвал эрхэм сайд маань ажил хийсэн ч юм шиг, хийгээгүй ч юм шиг, түүний орсон хамтарсан Засгийн газар амжилттай ажилласан ч юм шиг, ажиллаагүй ч юм шиг, Х.Баттулга сайд ҮЗХ-ныхоо хурал дээр байгаа ч юм шиг, эсвэл “Эм-Си-Эс” компанийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж буй Засгийн газрынхаа хуралдаан дээр байгаа ч юм шиг, Н.Алтанхуяг даргыгаа хусах гээд ч байгаа юм шиг, хусахгүй гээд ч байгаа юм шиг, Хамтарсан засагт орсондоо харамсаад ч байгаа юм шиг, баярлаад ч байгаа юм шиг байдалтайгаар ихэнх цагийг авав. Энд нээрээ яагаад АН-ын эмэгтэйчүүд бо­лоод О.Магнай, Ж.Равдандорж, Ш.Түв­­дэндорж нарын гишүүд асар их хилэнтэй байв гэхээр энэ хурлаар намын даргын суудлыг авна гэсэн тооцоотой З.Энхболд, Х.Баттулга нарын бүлэг төлөвлөгөө биелбэл олон хүний өрсөлдөх эхний барьцаа 50 сая төгрөгийг нь өгнө гэж амласан тухай тус намын худлаа хэлэхээргүй эх сурвалж ярьж байсан. Магадгүй л байх. Бүсгүйчүүд нь хүртэл ор хөнжлийн хэрүүлийг ҮЗХ-ныхоо хуралдаан дээр эрээ цээргүй хийж байгааг хараад лавтай архи уумааргүй юм гэж бодож байв. Ж.Равдандорж, О.Магнай нарын тухайд ойлгомжтой. Дайсангүй л бол амьдрах өөр арга нь олдохоо байгаад, хэнтэй ч хамаагүй хэл ам хийж байвал түүнээсээ тэжээл авдаг болсон хүмүүс. О.Магнай ч АН-ыг самарна даа, самарна. Ер нь юм л бол “камминийсууд” гэж ирээд л ярьдаг О.Магнайгийн амнаас жинхэнэ коммунист маягийн үгс урсдагийг хүмүүс мэддэг юм. Одоо О.Магнайг дагаж жагсах хүн хэд гарах бол. Дөрвөн жилийн өмнө, долдугаар сарын 1-нд яалаа даа. Хамгийн сүүлд өөрөө зугтан, шоронд орж, шороон дээр хэвтээд хүн төрхөөсөө гарчихсан амьтан байхад нь манайхан л эгнээндээ багтааж аварсан төдийгүй ер нь илжигний удирдсан арслангуудын арми тулаанд хэзээ ч ялж байгаагүйн сонгодог жишээг О.Магнай хэд хэд харуулсан хүн хэмээн АН-ын “аваргууд” түүнийг тоосон шинжгүй ярьж байна билээ. Ж.Равдандоржийн хувьд хуучин танил. “Ардчилсан холбоо” эвсэл төрийн эрх барьж асан 1996 онд Сонгинохайрхан дүүргийн За­саг даргаар есөн сар ажиллаад мөн ч их дуулиан шуугиантайгаар хусагдаж бай­сан юмдаг. Харин саяны хурал дээр мань хүн огт өөр болчихсон, намын даргаа инээлээ гээд загнаад зогсч харагдана билээ. Н.Алтанхуяг уг нь хөмсгөө зангидаад, минчийтлээ уурлаад сууж байсан бол яах ч үгүй байж л дээ.

Ерөнхийдөө АН-ын ҮЗХ-ны хуралдаан өнгөн дээрээ хамтарсан засгаас гарах тухай намын даргынхаа шийдвэрийг яах эсэхээ ярилцаж байгаа мэт байсан ч үнэндээ Н.Алтанхуягийгаа унагаад түүний оронд суух гэсэн З.Энхболдын нууж хаалгүй ярьдаг, “Женко” Х.Баттулгын дэмждэг төлөвлөгөө нуран унаснаар төгсгөл болов. Яагаад гэхээр намын дарга нь гэв гэнэт ийм шийдвэр гаргаж, бэлтгэл муутай байсан тэд “хувьсгал” хийж чадсангүй. Хотонд дуугаргадаг муу цахиур буу шиг хэдэн нөхөд жаахан хуурай нойтон агсам тавьснаар, бүсгүйчүүд нь бөөр савныхаа талаар хэрүүл хийснээр хурал өндөрлөлөө. Энэ удаа АН-ын “аваргууд” намынхаа даргын суудлаар оролдсонгүй. “Аваргууд” нь үнэхээр аварга гэх цолондоо дөхөж очсоны нэг илрэл ч энэ байж магадгүй. Түүнээс биш дэрхийж босоод л, дэвсээд цавчаад дуусгадаг намынхан. Одоо харин хамгийн эхэнд өгүүлсэн шиг нам дотроо их цэвэрлэгээ хийх болов уу, яах бол. Эс тэгвээс Баабарын хэлсэн шиг фракц, бүлгээрээ хуваагдаж тэмцэлдээд 2012 оныхоо УИХ-ын сонгуульд навсайтлаа ялагдсан дүнтэйгээр долдугаар сарын 1-нийг угтах байлгүй. АН-ын ҮЗХ-ны хуралдааны араас “нэрлэхүйд” ийм байлаа.

Б.Оюун-Эрдэнэ

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж