
Агаар их хэмжээгээр бохирдуулдаг 500 үйлдвэрийг нүүлгэжээ
Хятадын Шеньян хотын тухайд олон үр дүнтэй арга хэрэгжүүлсний дүнд агаарын бохирдлыг чамгүй бууруулж чадсан амжилтаасаа хуваалцсан юм. Тус хотын Байгаль хамгаалах газрын хэлтсийн дарга Жан Жүн Шеньяны экологийн байдлын талаар танилцууллаа. Шеньян хот 24 сая хүн амтай бөгөөд “Улсын байгаль хамгаалах үлгэр жишээ хот”-оор шалгарч, НҮБ-ын шагнал хүртэж байжээ. Өвлийн улиралд нүүрсийг маш ихээр хэрэглэдэг учраас агаар нь их хэмжээгээр бохирдсон. Дэлхийн агаарын бохирдолтой 10 хотын нэгд ордог байна. Иймээс агаарын бохирдлоо шийдвэрлэхээр Засгийн газар, судлаачид, хотын иргэдийн нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, тодорхой шийдвэр гаргажээ. Эхлээд хотын байршлыг өөрчлөх, хуучин үйлдвэрлэлийн газрыг шинэчлэн байгуулж, үйлдвэрлэлийн бүтцийн тэнцвэргүй байдал, хэт төвлөрлийг сааруулах, агаар их хэмжээгээр бохирдуулдаг 500 үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, хоцрогдсон тоног төхөөрөмжийг шинэчилсэн байна. Ингэж агаарын бохирдлоо бууруулж чаджээ. Мөн эрчим хүчний агаар бохирдуулагч эх үүсвэрт хяналт тавьж, халаалтын зуухыг эрчим хүчний нэгдсэн системд холбосон байна. Хятадын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах бодлого барьж, сүүлийн таван жилийн хугацаанд 49 нүүрсний үйлдвэрийн хүхрийн тоосонцорыг багасгах, эх үүсвэрийг хянах тоног төхөөрөмж суурилуулан утааны тортог бууруулснаа дуулгав. Түүнчлэн хотын замыг чийглэх механикжсан цэвэрлэгээтэй болгож, үйлдвэрийн газрыг тоосноос хамгаалах тусгай тороор бүрхсэн байна.
Түүнчлэн метроны зам тавьж, хуучин автобусуудыг шинэчлэн, троллейбусыг үйлчилгээнд явуулснаар автомашинаас ялгарах хорт утааг бууруулжээ. Хотын иргэдийн байгаль хамгаалах идэвхийг сайжруулах бодлого барьж, 500 хүнийг байгаль хамгаалагчаар ажиллуулж, ногоон байгаль, машингүй өдөрлөгийг сар бүр зохион байгуулдаг байна. Гэвч хэвийн хэмжээнд хүртэл буураагүй тул цаашид эрчимтэй арга хэмжээ авах шаардлага тулгарч буйг ноён Жан Жүн онцолсон юм. Бусад загвар хотуудын туршлагаас судлах үүднээс Японы Кавасаки хоттой хамтын ажиллагаатай ажилладаг байна. Түүнчлэн Японы “Лү дао” компаниар Шеньяны байгаль хамгаалах газрын зураг төслийг гаргуулж ногоон хот болгох ажлаа эхлүүлжээ. Тус хотыг 2013 он гэхэд ногоон барилга байгууламжтай болгох зорилт тавьсан байна. Агаарын бохирдол гэдэг ганц улсын бус дэлхий нийтийн тулгамдсан асуудал гэдгийг чуулганд оролцогчид чухалчлав.
Түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, мотоциклийн хорт утаатай тэмцдэг
Хятадын Чичихар хотын даргын туслах Гоу Шү Рэн “Агаарын бохирдлыг бууруулах журам гаргасан. Үүний дагуу хотын төвийн түүхий нүүрсний шаталтын сарнилтын хяналтыг чангатгасан. Түүнчлэн манай хотынхон мотоцикль их хөлөглөдөг. Тиймээс мотоциклиос ялгарах хорт утааны хэмжээг бууруулах бодлого барьж ажилласан. Жил бүр оношлогоо, үзлэгт хамруулж, стандартаас илүү утаа ялгаруулж байвал унаагаа шинэчлэхийг сануулдаг. Мөн жил бүр халаалтын улирал эхлэхээс өмнө албан газруудын халаалтын системийг шалгаж, асуудалтай байгууллагад цаг тухайд нь засах шаардлага тавьдаг. Бид агаарын бохирдолтой чадах чинээгээрээ тэмцэж буй ч төдийлөн амжилтад хүрэхгүй байна. Гэвч шантралгүй тэмцэхээр шийдсэн. Агаарын бохирдлоос сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, мотоциклийн яндангаас ялгарах хорт утаатай шинэ арга барилаар тэмцэх шаардлагатай байна” хэмээв.
Мөн Японы Саппоро хотын тухайд ч агаар дахь тоосонцор тулгамдсан асуудал болоод байгаа аж. Хотын зүгээс олон талын арга хэмжээ авдаг ч төдийлөн буурахгүй байгааг чуулганд оролцсон төлөөлөл нь хэлсэн.
Жижиг оврын зуухнуудыг төвлөрсөн системд холбох хэрэгтэй
Улаанбаатарын хотын өвлийн улирлын экологийн онцлогийн талаар Монголын залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч Ч.Сономдагва илтгэл тавьсан юм. Тэрбээр “Нийслэлийн агаарыг бохирдуулдаг зургаан эх үүсвэр бий. Дулааны цахилгаан станц, уурын зуухнууд, бага оврын халаалтын зуух, төмөр болон тоосгоны үйлдвэрийн тоосонцор, автомашины утаа, хог хаягдал, үнс зэргээс үүдэн агаар бохирдож байна. Салхитай өдрийн тоо бага байдгаас агаарын бохирдол хуримтлагддаг. Иймээс агаарын солилцоо муудаж, элдэв хорт бодисоор бохирдсон агаар өөр тийш сарниж чаддаггүй. Иймд экологийн талаас нь судалж үзэх шаардлагатай бөгөөд арга хэмжээ авах хэрэгтэй” гэлээ. Түүний илтгэлийг сонссоны дараа хотдуудын дарга нар “Айлуудад утаагүй зуух тавих, утаа бага ялгаруулдаг боловсруулсан түлш хэрэглэхээс илүү жижиг оврын уурын зуухуудыг дулааны төвлөрсөн системд холбох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай” хэмээн зөвлөсөн.
“Өдрийн шуудан” сонин
