Хөрөнгө оруулагчид мөнгөө хаашаа хийх вэ

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчид мөнгөө хаашаа хийх вэ

Үе үеийн хөрөнгөтнүүдийн толгойны өвчин нь мөнгөө найдвартай болоод ашигтай газар байршуулах. Он цаг улирч өдгөө тэднийг хөрөнгө оруулагч хэмээн тодорхойлох болжээ. Мөнгөө хаана байршуулах нь зүйтэй вэ гэдэгт тийм ч амар хариу олддоггүй. Ялангуяа Европыг бүрхсэн хямрал дэлхийн зах зээлийг тодорхойгүй байдалд оруулж, Засгийн газрын бондод ч хөрөнгө оруулах нь найд­варгүйд тооцогдож буй энэ үед ха­гийн хэцүү асуулт гэдэгтэй маргах хүн цөөн буй за. Энэхүү асуултын хариуг олохоор “Fortune” сэтгүүлийнхэн зорьж өнөө цагийн хам­гийн шил­дэг таван менеже­рээс хариулт олохыг хичээжээ. Тэд ярилцлагадаа “Blackrock” компанийн стратеги төлөвлөлтийн менежер Боб Долл, “Baird” сангийн хөрөнгө оруулалтын менежер Мэри Стэйнк, “Vontobell” үл хөдлөх хөрөнгийн компанийн захирал Ражив Жэйн, олон улсын стратеги төлөвлөлтийн ахмад зүтгэлтэн Жим Моффет, “Bernstein” компанийн СЕО Ричард Бернштайн нарыг урьж оролцуулсан байна.

-Ярилцлагаа нэлээд том зургаар эхэлье. Европт хямрал болж байна. АНУ-ын эдийн засаг ч таагүй байна. Азийн эдийн засгийн өсөлт удааширлаа. Ойрын жилүүдэд хөрөнгө оруулалт дэлхийн хэмжээнд буурах нь ээ?

Р.Жэйн: Хүмүүс хэтэрхий өөдрөг үзлээр ирээдүйгээ төсөөлөөд байна. Миний бодлоор банк санхүүгийн системийг хөрөнгөжүүлэх үйл ажиллагаа одоогийн дэлхийн эдийн засагт шаардлагатай. Түүнчлэн хүмүүс Хятадын эдийн засагт хэт найдаад байна.

Ж.Моффет: Дэлхийн эдийн засаг Европын хямрал болох сурагт хэт автаж байна. Үнэндээ Европын эдийн засаг хямрах нь Азийн зах зээлд тийм ч айхавтар хамаагүй. Үүнээс гадна санхүүгийн зах зээлийг эдийн засгаас салангид авч үзэх шаардлагатай байна. Зарим талаар европчууд мөнгөний зөөлөн бодлого баримтлах нь тустай мэт харагдаж байгаа. Ер нь мөнгөний зөөлөн бодлого нь санхүүгийн зах зээлийг эдийн засгаас хамаат бус болгох ач тустай.

-Тэгэхээр ийм нөхцөлд аль талбар хамгийн эрсдэл багатай нь вэ?

Б.Долл: Амьд үлдэхийн төлөө тэмцэлд мөнгөний чөлөөт урсгал хамгийн том дэм болно. Эдийн засгийн таагүй нөхцөлд мөнгөний чөлөөт урсгалтай болон үүнийг дэмжиж буй компаниудад зохицуулалт хийх боломж байдаг. Хөрөнгө оруулахад таатай орчныг нэн түрүүнд тодорхойлох хэрэгтэй. Миний бодлоор технологийн салбарт хөрөнгө оруулах нь одоогийн байдлаар хамгийн эрсдэл багатай алхам. Тухайлбал, “Symantec”, “Dell” байж болно. Гэхдээ “Microsoft”-ийг гүйцэх компани одоохондоо алга. Түүнчлэн АНУ-ын хувьд бол эрүүл мэндийн техник, технологи үйлдвэрлэдэг компанийн хувьцаа эрсдэлгүй болов уу.

Ж.Моффет: Хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын хувьцаа ч муугүй шүү. Испанийн бэлэн хувцасны “Zara”, эсвэл Италийн нүдний шил, хувцас загварын компаниуд байж болно. Манай компанийн хувьд хамгийн найдвартай гэж үзсэн нь “Hellenic” компани. Тэд Зүүн Европт Кока-кола ундааны сав баглааг хариуцдаг.

-Бондын хүү нэмэгдэх хүлээлт сүүлийн хэдэн жил үргэлжилсэн. Гэвч бодит байдал дээр бондын хүү буурсаар урьд хожид байгаагүй хэмжээнд хүрээд байна шүү дээ?

М.Стэйнк: Засгийн газрын бондын хүү буурсан нь үнэн. Гэхдээ том зургаар харвал дунд зэрэглэлийн буюу корпорацийн бондын хүү тийм ч муугүй үзүүлэлттэй байгаа. Рейтинг тооцоолдог байгууллагууд компанид үзүүлэлт тогтоодог болохоос тухайн бондод үнэлэлт өгдөггүй шүү дээ. Банкны хувьд ч ижил. Бондын зах зээлийг ерөнхийд нь үзвэл хэвийн хэмжээнд ажиллаж байгаа гэж дүгнэж болно.

-Р.Жэйнийг Хятадын банкуудад итгэдэггүй гэсэн. Яагаад тэр вэ?

Р.Жэйн: Нэг ёсондоо би тэдний санхүүгийн бодлогыг ойлгодоггүй юм. Хятадууд их хэмжээний зээлийг хамаагүй цацаж байна. Энэ нь гудамжинд зогсч байгаад дурын хүнд мөнгө зээлүүлж байгаатай агаар нэг. Өөрөөр хэлбэл, зээлдүүлсэн мөнгөө хэрхэн эргүүлж олж авах нь тодорхойгүй арга барилаар тэд ажилладаг.

-Хятадын аль компанид хөрөнгө оруулах нь эрсдэлгүй гэж үздэг вэ?

Р.Бернштайн: Хятадын эдийн засаг хоёр талтай. Нэг нь төрийн өмчит болон дэд бүтцэд суурилсан хэсэг, нөгөө нь хэрэглээнд тулгуурласан хэсэг. Үүнээс хэрэглээнд суурилсан эдийн засгийн хэсэг нь хамгийн ирээдүйтэй нь. Учир нь бид тэрбум гаруй хүний хэрэглээг ярьж байна шүү дээ. Хятадууд шар айрагт дуртай хүмүүс. Манай компанийн хамгийн найдвартай хөрөнгө оруулалтын бай бол “Tsingtao” компани гэж үзэж байгаа. Үүнээс гадна Макаогийн мөрийтэй тоглоомын газар ч үүнд багтана. Тэрбум гаруй хүн автомашин хэрэглэх сонирхолтой байж таарна. Тиймээс автомашины үйлдвэр, эд анги нийлүүлэгч компаниуд ч ирээдүйтэй шүү.

-Энэ онд Хятадыг эс тооцвол аль улсын зах зээл хамгийн идэвхтэй нь байх бол?


Ж.Моффет:
Мэдээж АНУ-ынх. Тэр дундаа технологийн салбар.

Р.Жэйн: Миний бодлоор Бразил орох болов уу. Сүүлийн 30, 20, 10 жилд үзүүлсэн тус зах зээлийн үзүүлэлт нь чамлахааргүй. Үргэлж шилдэг 10-т багтсаар ирсэн. Учир нь тэд хөрөнгө оруулагчдадаа тогтмол ашгаа өгсөөр өдий хүрсэн юм.

А.БОЛД

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж