“Баянзүрх хайрханы ойжуулалт” хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

“Баянзүрх хайрханы ойжуулалт” хэлэлцүүлэг болно

Байгаль эхийнхээ хэвлийнээс “идэж” байгаа хүн төрөлхтний араншинг ээжийгээ хэмлэн бие гүйцэн томордог аалзаар төлөөлүүлэн, харуулсан “Цагаан тэмээ аалз” баримтат уран сайхны нэвтрүүлэг үзэгчдийн хүсэлтээр DVD хэлбэрт орсон. Энэхүү ажлыг БОАЖЯ дэмжин хамтран ажиллаж телевиз, төрийн байгууллага  хүчээ нэгтгэж чадвал уран бүтээлээр дамжуулан байгаль дэлхийгээ хайрлах үзлийг нийтэд түгээж болох юм гэсэн  ойлголтыг олон нийтэд хүргэсэн болно. Харин “Цагаан тэмээ аалз” DVD-нээс олох ашгийг Баянзүрх хайрханыг ойжуулах ажилд зориулахаар болжээ.

Эхний ээлжинд мод бэлтгэгчдийн явуургүй үйл ажиллагаанаас болж нүцгэрч үлдсэн Баянзүрх хайрханы Хар усан тохойн Хархошуу гэдэг газрыг ойжуулах ажлыг “Хаврын мод тарих өдөр”-үүдээр зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Энэхүү ажлын эхлэл болгон, Дэлхийн банкны “Немо 2” төсөлтэй хамтран “Баянзүрх хайрханы ойжуулалт” хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ. “Цагаан тэмээ аалз” нэвтрүүлгийн уран бүтээлчид Баянзүрх хайрханыг ойжуулах ажилд гар бие оролцож байгаа нь эх дэлхийдээ барих эрхэм сайхан бэлэг ч  мод гэх амьд организмыг зөв горимын дагуу тарьж суулгаж, түүнийг хадгалж хамгаалах асар том хариуцлага хүлээн авч байгаагаа олж харжээ.

Хулгайн мод бэлтгэгчидтэй тэмцдэг байгаль хамгаалагчдыг чадавхжуулахгүйгээр шинээр мод тариад удаагүй байтал суулгацын нахиаг үхэр адуу сорчилж идэх явдал цаашлаад малын бэлчээрийг зүй зохистой ашиглах асуудлыг нэг тийш нь цэгцлэхгүйгээр өнөөдөр мод тарих асуудлыг эхний ээлжинд тавьж ярих нь өрөөсгөл гэж үзэж байна.

 Тиймээс модыг тайрч дуусахаас нь урьтаж иргэдийн ухамсарт нөлөөлөх, цаашид гарах үр дүнг нь тооцоолж, асуудалд ул суурьтай хандах үүднээс “Баянзүрх хайрханы ойжуулалт” сэдвийн дор хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Тус хэлэлцүүлэгт БОАЖЯ, ЗГХА Ойн газар, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Геоэкологийн хүрээлэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, UBS телевиз “Ногоон ирээдүй” төсөл, Дэлхийн банкны “Немо 2” төсөл оролцоно.  

Хэлэлцүүлэг  ирэх хоёрдугаар сарын 1-нд 11:00 цагаас Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын “Хурлын танхим”-д болох юм. Улаанбаатар хот орчмын ногоон бүс, Баянзүрх хайрханы ойжуулалт, нөхөн сэргээлт, Баянзүрх хайрханы ойн сангийн хадгалалт, хамгаалалт, Байгаль хамгаалагчдын үүрэг оролцоо, тулгамдаж буй асуудлууд, Баянзүрх хайрханыг ойжуулахад- Иргэд, орон нутаг болон төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын оролцоо сэдвийн хүрээнд өрнөх юм байна.

Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь Баянзүрх хайрханы доройтлын шалтгаан, үр дагаварыг шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийвчлан судалж судалгааны дүнг үндэслэн ойжуулах ажлыг зохион байгуулахад оршино. Ингэж эхийгээ иддэг цагаан тэмээ аалз адил газрын хэвлийг хэмлэх бус, эмнэж мянган мянган мод тарих ажлыг “Цагаан тэмээ аалз” DVD-ээр дамжуулан, хийхээр болжээ.   

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж