Нефть нийлүүлэх гэрээг Хятадтай хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Нефть нийлүүлэх гэрээг Хятадтай хийнэ

Гадаад харилцааны сайд Г.Занданшатараас цаг үеийн зарим асуудлаар тодруулга авлаа.

Өнгөрөгч өдрүүдэд БНХАУ-д айл­чил­сан айлчлалын ач холбогдлын талаар тайлбарлаач. Шатахууны нийлүүлэлтийн асуудлаар үр дүнд хүрсэн гэж сонслоо?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэлэлцсэн өндөр дээд хэмжээний айлчлалуудыг нэгтгэсэн, хөндөж ярьсан асуудлуудыг урагшлуулах, харил­цан ойлголцлыг гүнзгийрүүлж, итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэгдсэн айлчлал болсон. Айлч­лалын үеэр бид үндсэн таван асуудлаар тодорхой тохиролцоонд хүрч чадлаа. Үүнд Монгол Улс, БНХАУ хоёрын хооронд тогтоосон, зарлан тунхагласан стратегийн түншлэлийн харицааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хувь хүмүүс, иргэд хоорондын харилцаа-ны харилцан ойлголцлыг бэхжүүлэх, улстөрийн итгэлцлийг бэхжүүлэх, харилцан ойлголцлын давтамжийг идэвхжүүлэх, илтгэлцлийг бэхжүүлэх олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн асууд­луудаар бүх чиглэлээр тодорхой яриа хэлэлцээр тохи­ролцооны түвшинд хүрсэн ажил хэрэгч уул­залтууд боллоо.

-Шатахууны нийлүүлэлттэй холбог­дуулж, ямар хэлэлцээр хийв?

– Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр таван гол асуудлыг хөндөж тавьсан. Ялангуяа Монгол Улсад нефть бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах асуудал бий. Энэ зорилгоор нефтийн чиглэлд гурван чиглэлд хамтран ажиллах саналд харилцан тохиролцож чадлаа. Тийм ч учраас Монгол Улсад урт хугацаанд тогтвортой нефть нийлүүлэх талаар гэрээ байгуулж, хамтран ажиллахаар тохиролцлоо. Түүнчлэн Монгол Улсад нефть боловсруулах үйл­двэр хамтарч байгуулах асуудлаар техник эдийн засгийн үндэслэлийг барьж байгуулах тал дээр хоёр талаас ажлын баг гарган харилцан тохирол­цоонд хүрч чадлаа. Түүнчлэн Монгол Улсын нефть хайгуул, импортын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

-Нөгөө талаас ямар асуудал тавьж байна?

-ОХУ-аас авах хийн хоолойг тавих асуудалд шугамыг Монголын талаар дамжуулан өнгөрөх асуудлыг судалж ярилцъя гэдэг асуудлыг хөнд­сөн зэрэг айлчлалын хүрээнд тодорхой яриа хэлцлүүд хийгдсэн. БНХАУ-аас түр хугацаанд Тавантолгой, Оюутолгойн төсөл дээр эрчим хүч экспортлох цахилгаан станц шинээр баригдтал ойрын хоёроос гурван жилийн хугацаанд эрчим хүч импортлохоор боллоо. Эдгээр улс орны эдийн засгийн гол хөшүүрэг болсон төслүүдийг цахилгаан станц барьж байж урагшлуулж чадна. Энэ тал дээр тодорхой тохиролцоонд хүрч чадлаа.

Үүнээс гадна нүүрсэн дээр зарим орон нутгийн байгууллагын зүгээс тонн нүүрс тутмын боловсруулснаас 120 юань, боловсруулаагүйгээс 60 юанийн тариф тогтоосон шийдвэр гарсан байсныг олон улсын байгууллагуудын дэг журмын хүрээнд чиглүүлэх асуудлыг ярьж, хэлэлцээд үндсэндээ дээрх татварыг байхгүй болгох тал дээр харилцан тохиролцож чадлаа. Эдийн засгийн асуудлуудаар тодорхой тохиролцоонд хүрсний зэрэгцээ Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын компаниуд байгаль орчин, ард түмэнд ээлтэй нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулах чиглэлээр хамтарсан хариуцлага хүлээх чиглэлд Хятадын Гадаад хэргийн сайд шаардлага тавьж, томоохон компаниудыг ард иргэдийн тусын тулд тодорхой хариуцлагатай ажиллах чиглэлээр тохиролцоонд хүрч чадсан.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж