Сайдын суудал сонгуулийн сурталчилгаа юу?

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Сайдын суудал сонгуулийн сурталчилгаа юу?

МАН-ын бүлэг, Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн шинэ сайд нарын нэрийг өчигдөр Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Сангийн сайдад Д. Хаянхярваа, Батлан хамгаалахын сайдад Ж.Энхбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Ц.Дашдорж, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Тэргүүн шадар сайдад У.Хүрэлсүх нарын нэрийг дэвшүүлээд байгаа.

УИХ хамгийн олон суудалтай МАН энэ сонгуулийн хугацаанд анх удаагаа дангаараа Засгийн газраа бүрдүүлж байгаа нь энэ. Олонхи суудал, шийдвэр гаргах эрх мэдэл манайд байгаа учраас “лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү бусдад ямар хамаа байна” гэх маягаар хийсэн шинэ сайд нарын нэр дэвшүүлэлт тэр бусдад нь харин ч “хамгийн их хамаатай” байсныг өнгөрсөн нэг өдрийн дотор өрнөсөн шүүмж харууллаа. Алдагдсан боломж, яваагүй зам болгон хамгийн сайн нь байдаг нь угаасаа жам юм хойно.  Тиймээс Л.Болдыг Ж.Энхбаяртай, Л.Гансүхийг Д.Цогтбаатартай, Ц.Дашдоржийг Х.Баттулгатай, Д.Хаянхярвааг С.Баярцогттой харьцуулан жингийн туухай дээр тавих хүн олон байна. Яаж ч харсан өмнөх сайд нар нь улс төрийн туршлага, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндээрээ удаах сайд нараа улам жижигрүүлж харагдуулах нь мэдээж. Тэгээд эрхгүй “Арай ч дээр МАН” хэмээн дуу алдахад хүрнэ.

Тэр ч байтугай МАН-ынхан өөрсдөө хүртэл “Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад Ц.Дашдоржийг нэр дэвшүүлэв” гэнгээ араас нь “хөөрхий, бие муутай юм” хэмээн ёс шиг дагуулж байна лээ. Яах вэ дээ, зургаан сар сайдын нэр зүүгээд улс төрийнхөө карьерийг дуусгаг дээ гэсэн санаа л даа. Хүний ёсонд ийм өгөөмөр зүйл байж болох ч харин төрийн ёсонд ийм байдгийг мэдэхгүй юм. Яагаад гэвэл төрийн эрх мэдэл гэдэг иргэд нийтийн олгосон эрх мэдэл учраас Ц.Дашдоржид тааламжтай байхаасаа илүү түмэн олонд хүртээлтэй байх ёстой. Энэ бол төрийн чадавхийн тухай асуудал. Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайд болно гэнгүүт араас нь “Цэргийн сургуулиас хөөгдсөн шүү дээ” гэх мэдээлэл сайтуудаар урсаж эхэлсэн. Хүүхэд байхдаа “муу” дүн авч үзээгүй хүн байхгүй шиг залуу насанд аль алдаж онохыг тэр гэх вэ л дээ. Гэхдээ хэрвээ Ж.Энхбаярын аав армийн генерал байсан нь түүнийг Батлан хамгаалахын сайдад нэр дэвшүүлэх үндэслэл болж байгаа бол “цэргийн амьдралаас татгалзсан” түүний өөрийн түүх ч бас үүнээс дутуугүй шалгуур болох ёстой. Яагаад гэвэл төрийн сайд байх нь Ж.Энхбаярын амьдралын түүхээс гадна Монголын төрийн ёс зүй, чадавхитай холбоотой зүйл.

Харамсалтай нь МАН ингэж болохгүй байна. Тэд ирэх сонгуулиар хамаг анхаарлаа таглаж, нүд, чихээ дарчихаад сайдын суудлыг зөвхөн сонгуулийн урьдчилгаа мэтээр үнэлж байна. “Зургаахан сар шүү дээ, юу л хийж амжаа аж. Нэр дэвшигчдээ жаахан олонд харуулаад авья” гэх юм уу эсвэл “Хөөрхий минь ирэх сонгуульд тойроггүй хоцорч байгаа юм, ядахдаа сайдын нэр зүүж үзээд тоглоомоос гараг дээ” гэсэн МАН-ын дарга нарын энэ сонголт шинээр томилогдож байгаа сайд нарын хувьд дэндүү өгөөмөр ч төрийн эрх мэдлийг итгэж өгсөн иргэд, олон нийтийн хувьд дэндүү хэрцгий зүйл болж байна. Цаашлаад шинэ сонгуулийн хуулийг хэн хэнд зориулж хийсэн бэ гэдэг нөгөө гайхашралтай асуултын хариулт ч харагдаад эхэллээ.

УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулинд “Төрийн албан тушаалтан сонгуульд нэр дэвшихээр бол зургаан сарын өмнө ажлаа өгнө” гээд заачихсан. Төрийн албан тушаалыг хувийн сонирхлоор ашиглаж, иргэд сонгогчдоос нэр төр олох хэрэглүүр болох вий гэдгээс болгоомжилж нэр дэвшигчдийг нэг гараанаас гаргах гэсэн хэрэг л дээ. Гэвч ямар ч сайн зүйлийн ард заавал муу нь бас нуугдаж байдаг хойно. Өнгөрсөн арванхоёрдугаар сард сонгуулийн шинэ хууль батлагдаж, он гарсны дараа МАН-аас томилогдсон төрийн нарийн бичгийн дарга нар сон­гуульд нэр дэвшихээ илэрхийлэн ажлаа өгцгөөсөн билээ. Төрийн албан тушаалыг сонгуульд ашиглахыг хориглосон хуулийн заалтыг МАН-ын нөхдүүд ийнхүү ашиглаж, сайдын суудлаар нэр дэвшигчдээ гоёчихоод байгаа нь энэ.

Тэр ч байтугай сайдын албан тушаалд нэр дэвшүүлсэн МАН-ын бүлгийн хуралдаан дээр гурван сайдын орон тоон дээр гуч шахуу гишүүн нэрээ дэвшүүлсэн гээд бод доо. Сангийн сайдад гишүүн С.Бямбацогт, Ч.Улаан, Ц.Даваасүрэн, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхарваа, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Х.Баделхан, Р.Буд, Н.Ганбямба Х.Бадамсүрэн, Р.Раш нар, Батлан хамгаалахын сайдад Ж.Энхбаяр, Ц.Батбаяр Д.Загджав Х.Жекей Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Э.Мөнх-Очир Д.Одбаяр гэсгээд цаашаа тоогоо алдаж байгаа юм. Урьд өмнө улс төрчид яаж ч их амбицаллаа гэсэн нэг сайдын орон дээр арван хүн нэр дэвшиж байсан түүх үгүй. Маргааш үхэх гэж байгаа юм шиг улайрсан энэ удаагийн их өрсөлдөөн ердөө л сонгууль хаяанд ирснээр тайлбарлагдаж байгаа юм. Сайдын албыг салбараа мэдэх, үр дүн шаардах ажил, албан тушаал гэхээсээ илүү “сонгуулиас урьтаж тойрог руугаа жаахан юм зулгаах” арга зам мэтээр харж байгаа гишүүдийн байр суурийг харахаас ч дур гутмаар. УИХ-ын гишүүн, төрийн түшээ гэж суухаас илүү өөр ямар эрх мэдэл дутаад байгаа юм бэ, тэдэнд. Сайдад нэрээ дэвшүүлсэн зарим нэгний хувьд “даахгүй нохой булуу хураахын” үлгэр болоод өнгөрснийг хэлэх юун.

Эцэст нь хэлэхэд Ардчилсан нам засгаас гарсан. Гэхдээ улс төрийн тавцангаас бүрмөсөн алга болсон гэсэн үг биш. Тэгэхээр төрийн эрх мэдлийг намын эрх ашгаар хязгаарлаж буй Ардын намын энэ байр суурийг Ардчилсан нам арай ч нэг зүгээр хараад суухгүй байлгүй гэсэн горьдлого л иргэд, олон нийтийн энэ дургүйцлийг одоохондоо тогтоон барьж байна. Арай ч дээ, “хар нүднээс хөмсөг гадуур” гээд орхихгүй биз. Эрх биш энэ хоёр нам үлдсэн хугацаанд өөрсдийнхөө нүүр царайг нийгмийн өмнө ялгарч харагдуулахыг хүсч байгаа бол энэ удаа хийж буй МАН-ын дарга нарын томилгооноос эхлэхэд буруудах юун. Сайд нарын томилгоо энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар орно.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж