Хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө тууштай тэмцэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө тууштай тэмцэнэ гэв

Нефть импортлогч компаниуд
шатахууныхаа үнийг огцом нэмснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний
үнэ ч мөн адил дагаад өссөн. Тиймээс “Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг
хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо”-ноос Засгийн газарт шаардлах
бичгийг хүргүүлжээ. Гурван үндэслэл бүхий уг шаардах хуудсыг Засгийн
газарт хүргүүлэх болсон шалтгаан нөхцөл, цаашдийн үйл ажиллагааны талаар
уг холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатартай уулзаж
тодруулсан юм.


-Засгийн газарт хүргүүлж буй шаардах хуудсанд ямар шаардлагуудыг тусгаж өгсөн бэ?

-Нэгдүгээрт аливаа бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн асуудлаар шийдвэр
гаргадаг комисс, зөвлөлийн бүрэлдэхүүнд хэрэглэгчдийн төлөөллийг оруулж
өгөөч гэсэн шаардлагыг тавиад байгаа. Өнөөдөр үнэ ханшийн талаар шийдвэр
гаргадаг төрийн байгууллагад иргэдийн дуу хоолой, идэвхи оролцоо
үнэхээр их дутагдаж, иргэдийн байр суурь огт хүрэхгүй байгаа гэж үзсэний
үндсэн дээрээс энэ шийдвэрийг гаргасан юм. Хоёрдугаарт, “Шударга
өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-ын дэргэд Шударга бус өрсөлдөөнийг
хянан зохицуулах зөвлөлийг нэн даруй байгуулж үйл ажиллагааг нь хурдан
эхлүүлээсэй гэсэн шаардлага байгаа. Хууль журмынхаа дагуу ч гэсэн бидний
байгуулахыг шаардаад байгаа энэ шударга бус өрсөлдөөнийг хянан
зохицуулах зөвлөлийг аль эрт байгуулж ажиллах ёстой байсан.
Гуравдугаарт, нефтийн бүтээгдэхүүний импортыг төр хариуцах асуудлыг нэн
даруй шйидвэрлэх ёстой. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдээс хуулийн
төсөл санаачлах, өргөн барихад дэмжлэг үзүүлэх, цаашлаад уг хуулийг
батлах үйл явцад ямар нэгэн хэлбэрээр саад болохгүй, хориг тавихгүй
байхыг сануулсан шаардах хуудсыг хүргүүлсэн байгаа.

-Эдгээр шаардлагыг Засгийн газар биелүүлнэ гэж бодож байна уу. Татгалзсан хариу өгвөл  яах вэ?

-Засгийн газраас энэ асуудал дээр нааштай хариу өгнө гэдэгт найдаж
байна. Бидний тавиад байгаа эдгээр асуудлууд, шаардах хуудас маань
эргээд хэрэглэгчдийн, ард түмний сайн сайхны төлөө юм шүү гэдгийг хүмүүс
сайн олгох хэрэгтэй. Өнөөдөр зах зээл дээр монополь хэдэн нефть
импортлогч компаниуд нь хэн нэгэн төрийн өндөр албан тушаалтантай үгсэн
хуйвалдаж ямар ч үндэслэлгүйгээр шатахууныхаа үнийг нэмж ард иргэд,
хэрэглэгчдийг шулан мөлжиж байгаа нь үнэн шүү дээ. Хэрвээ Засгийн
газраас ямар нэгэн дорвитой шийдвэрийг хийхгүй бол цаашдаа тэмцэлийн
арга хэмжээг авна гэж бодож байна.

-Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирэх баасан гаригт жагсаал
цуглаан хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Танай холбоо энэ жагсаалд оролцох
уу?

-Мэдээж үйдвэрчний эвлэлийн гишүүд, дэмжигчид, ард иргэдтэйгээ хамт энэ
жагсаалд оролцоно.  Иргэдийг ч гэсэн энэ жагсаалд оролцоосой гэж
уриалмаар байна.  Манай байгууллага нэгэнт л хэрэглэгчдийн эрх ашгийг
хамгаалах эрхэм зорилгоор байгуулагдсан болохоор иргэдийнхээ дуу хоолой
болж энэ жагсаалд маш идэвхтэй оролцоно.

-Дээр дурдсан шаардах хуудсанд “иргэдийн төлөөллийг” оруулах гэж байсан танай холбооноос гэж ойлгож болох уу?

-Дан ганц манай холбооноос гэж өрөөсгөл ойлгож болохгүй л дээ. Хэн ч
байж болно. Гэхдээ мэдээж манай холбооны төлөөлөл орох байх.

-Энэ нь цаанаа ямар нэгэн ашиг сонирхолын зөрчил байж болзошгүй гэсэн хар төрж байна л даа. Тийм юм байгаа юу?

-Манай холбооны гишүүд бүгдээрээ өөрсдийн гэсэн бизнестэй, ашиг
орлоготой хүмүүс. Ямар нэгэн ашиг хонжоо хайж ард иргэдийн нэрийг барьж
ийм зүйл хийгээгүй гэдгийг хэлмээр байна. Хэрэглэгчдийн эрх ашгийг
хамгаалах дуу хоолойг нь хүргэх эрхэм зорилготой. Өнөөдөр шатахууны үнэ
нэмэгдсэнээр махны үнэ ойролцоогоор 500-1000 төгрөгөөр, гурил будааны
үнэ 100-200 төгрөгөөр өсчихөөд байхад ногдуулсан торгуулиа ч төлөхгүй
хээв нэг суугаа нефть импортлогч компаниудад илүү хариуцлага тооцдог
тийм хүчирхэг бас ард иргэдийнхээ төлөө байж чаддаг шударга төр засаг
хэрэгтэй байна. 

Х.Нарангэрэл


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж