Дөч эргэм насны нэгэн эр шулж бэлтгэсэн хонины махыг захаар нэг чирсээр ачааны машины тэвш рүү шиднэ. Өнөөх эрийн шидсэн махыг хурууных нь хумсны завсараар хир шигсэн, халтар гартай нэгэн эр тосч аваад энд, тэнд нь дарж нэг үзнэ, илж нэг үзнэ. Тэгээд тэвшнийхээ нөгөө тал руу шидэж харагдлаа. Тэвшний дотор талаар техникийн тос болов уу гэмээр хар тос наалдсан байх аж. Ачааны машины тэвшийг “бохир”-оос хамгаалж бүрсэн байх авч доогуур нь дэвссэн кардонон цаасан дээр олон хүний гутлынх нь мөр үлджээ. Хэтэрхий хүчтэй шидсэнээс мах нь тэвшний хажуугаар газарт унах нь элбэг. Мах зөөж байсан залуус үүнд анхаарал хандуулахгүйгээр үл барам бүх махаа ачиж дуустал тэвш рүү хийсэнгүй. Хэсэг хугацааны дараа газар унасан махыг ачааны машинд ачиж, шороо тоосыг нь арилгана. Тоос шороо хир даагь болсон ямар өнгөтэй ньмэдэгдэхээ болиод удсан бололтой алчуур гаргаж ирээд арчих нь хүртэл сэтгэл арзайлгамаар.
Ийм шат дамжлагыг дамжсан мах хэн нэгний ходоодонд орох бол гэж бодохоор л ой гутах.
“Хүчит шонхор” захаар ороод урдхан талд харуул, хамгаалалт байрлуулсан нэгэн өрөө байх. Тус өрөөний дээр “Мах бэлтгэж байна, гадны хүн орохыг хориглоно” гэсэн бичиг хаджээ. Үүдэн дээр нь томоо гэгчийн балиус барьсан хоёр эрийг зогсоосон нь баргийн зүрхтэн ойртож үл чадна. Гарт нь тогтсон цусны толбо, хиртэж, улаантсан хормогч зэргийг харвал мах эвдэж, шулагч бололтой. Учир байдлаа хэлээд ч тусыг үл олов. Тэд өөрсдөөсөө өөр хэнийг ч дотогш үл нэвтрүүлнэ. Орох гэж оролдох л юм бол үүдэнд зогсох эрс “балиус”-даж орхидог юм гэнэ лээ. Одоогоос хэдэн сарын өмнө нэг эрийг зодсон хэрэг ч гарчээ. Олны нүднээс хаалттай энэ өрөөнд чухам юу болдогийг хэн ч үл мэднэ. Холоос сэм ажвал дороо ямар ч тусгай шал тавиагүй цементэн дээр л тэд ажлаа хийдэг бололтой.
Гадаа байсан эвгүй байдалтай харьцуулбал доторх байдал арай боловсон. Махны худалдагчдыг гялгар бээлий өмсч, гарынхаа хирийг оруулахгүй байх талаар анхаарахыг шаарддаг гэсэн. Гэхдээ л гялгар бээлий углах худалдагчид тийм ч олон биш. Эрчүүд нь бол хэнэг ч үгүй. Лангууныхаа тоосыг арчиж байсан гараараа махаа шулна, үйлчлүүлэгчдийн өгсөн мөнгийг долоож байгаад тоолно. Зарим нь бүр хамраа ухаж байгаа харагдав. Шавхай болсон плитан шалан дээр зарим лангуунаас мах унаж байгаа харагдав. Унасан махыг өөр уутанд хийдэг ч хэдэн хормын дараа крантны усаар “ариутгаад” ирдэг юм билээ. Гадаа худалдаалж буй маханд шинжилгээ хийдэггүй ч дотор байгаа маханд шинжилгээ хийдэг ажээ. Гайхалтай нь лангуун дээр тавихаас өмнө л шинжилгээ хийдэг гэх. Нэгэнт лангуун дээр тавьсан бол тэр маханд шинжилгээ хийдэггүй гэнэ лээ.
Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хийсэн судалгаагаар хүнсний захад борлуулагдаж байгаа махны нянгийн бохирдолт үйлдвэрийн дамжлагаас авсан дээжийнхээс 52 дахин их байжээ. “Бидний судалгаагаар үйлдвэрийн дамжлагаас авсан махны нянгийн бохирдолт 1г-д 15,0х10-3 , хүнсний захаас авсан махны дээжнийх 8,7х10-5, эцсийн бүтээгдэхүүний нянгийн бохирдолт 15,0х 10-3- 5,8х10-5 байна” гэж Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор С.Лхагвасүрэн хэлсэн. Улсын мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид хийсэн судалгаагаар мах, махан бүтээгдэхүүний 25,5 хувь нь зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү нянгаар бохирдож гэдэсний халдварт өвчин нийт өвчлөлийн 30 хувийг эзэлж байгааг тогтоожээ. “Манай орны махны стандартыг дэлхийд хүлээн зөвшөөрдөггүй. Хэдийгээр манай улс дэлхийн стандартын холбоонд гишүүнээр элссэн ч хүлээн зөвшөөрөх нь бага. Одоогийн байдлаар манай махыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд гадны шинжээчдийн итгэмжлэл зайлшгүй хэрэгтэй” гэж ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн багш, шинжлэх ухааны доктор Б.Энхтуяа ярьж байна. Гагцхүү лабораторийн шинжилгээний шат дамжлагад эргэлзсэнээсээ болоод АНУ болон Европын орнууд манайхаас мах экспортлох сонирхолгүй байдаг ажээ. Одоогийн байдлаар манайхаас мах экспортлож байгаа цөөхөн орон байдгын нэг нь Оросын холбооны улс юм байна. Гэхдээ тэд Монгол Улсаас махыг 1-2 доллараар авдаг гэх мэдээлэл бий. Гэвч нийслэл болон улсын хэмжээнд махны лаборатори дэлхийн хэмжээнд хүрэхүйц техник, технологийн нөөцтэй гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа. “Манай лаборатори дэлхийн жишигт хүрэхүйц технологитой гэж ойлгож болно. Мах болон малын гаралтай бүтээдэхүүний витаминлаг чанар болоод нянгийн хэмжээг бид хурдан шуурхай шалгадаг” гэж Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга Д.Урансүрэн ярьж байсан юм.
Угтаа бидний идэж байгаа махнаас болж хэдэн хүн хордож, хэдэн хүн гэдэсний халдварт өвчин туссаныг таашгүй. Тааврын хариу нь гарч байгаа ганц зүйл гэвэл чанарын шаардлага хангаагүй нөхцөлд мах зарах, нядлах ажил өрнөж байна гэдэг л байна.