Америкийн тусгай албад өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр Афганистаны талаар дүгнэлт хийж, түүнийгээ Цагаан ордонд хүргүүлсэн байна. Уг илтгэлийг өнгөрсөн пүрэв гаригт Los Angeles Times сонин олон нийтэд дэлгэсэн бөгөөд шинжээчид Афганистаны байдал мухардалд орсон гэв. Ерөнхийлөгч Обамагийн цэргийн тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь олигтой үр дүн гаргаж чадаагүй ба “Талибан” өмнөхийн адил олон улсын хүчин, орон нутгийн хэв журам сахиулагчдын эсрэг довтолгоогоо тогтмол явуулсан, иргэдийнхээ дэмжлэгийг авсан хэвээр байгааг тусгай албадын хамтарсан илтгэлд дурджээ. Афганы засаг захиргаа ч багагүй асуудал гаргаж байна. Илтгэлд дурдсанаар ерөнхийлөгч Хамид Карзай ба түүний хамтран зүтгэгчдээс болж тус орон авлигад автаж, улсын сан хөмрөгөөс хумслах хэрэг газар авчээ.
Илтгэлээс харахад тус улсын ирээдүй тун бүрхэг байна. Өдгөө Афганистанд 90 гаруй мянган америк цэрэг байгаа бөгөөд 2014 онд тэд Афганы орхин гарах ёстой. Үүний дараа “Талибан” дайны үеэр алдсан байр сууриа эргүүлэн авахаар оролдохыг ч үгүйсгэх аргагүй юм. Тиймээс цэргийн ажиллагааныхаа сайн мууг Цагаан ордон сайтар тунгаан бодох хэрэгтэй болжээ.
Түүнчлэн уг илтгэл нь Цагаан ордон болон Пентагоны “өөдрөг” мэдэгдэлтэй эрс зөрсөн байна. “Америкчууд Афганд зөв бодлого баримталсан бөгөөд энэ нь уг сөргөлдөөнд дийлж байна” гэж өнгөрсөн сард Батлан хамгаалах яамны тэргүүн Леон Панеттагийн хэлсэн нь худлаа байсан бололтой.
Үүсэн учир байдлаас гарах ганц зөв зам нь талибуудтай энхийн яриа хэлцэл өрнүүлэх явдал гэж илтгэл боловсруулагчид үзжээ. Саяхан талибуудаас АНУ-тай гэрээ хэлцэл хийхэд бэлэн гэх мэдэгдэл хийсэн нь Вашингтоны хувьд таатай мэдээ байв. Гэхдээ АНУ тэдэнтэй яриа хэлцэл хийхийн тулд хэд хэдэн нөхцөлийг тулгаж байгаа. Тухайлбал, тэд Хамид Карзайн Засгийн газрыг хууль ёсны гэж зөвшөөрөх хэрэгтэй гэнэ. Талибууд өнөөгийн Афганы эрх баригчдад хэрхэн хандаж байгаагаагаас харвал сөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах нь урьдын адил бүрхэг хэвээр байна.