-Нефтийн үйлдвэр хаана баригдах вэ?
-Манай компани Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Адуунчулууны хүрэн нүүрсний ордыг түшиглэн нефтийн үйлдвэр байгуулах ажлаа ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлэх гэж байна. Хүрэн нүүрсэнд нэмүү өртөг шингэсэн эдийн засгийн эрэлт хэрэгцээ бүхий ямар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэвэл зохистой байх вэ гэдэг талаар манай компани багагүй хүн хүч, нэлээдгүй хөрөнгө оруулалтаар судалгааны ажлыг хийж ирсэн. Тухайлбал, Австралийн “white energy” компаниар Адуунчулууны нүүрснээс дээжлэн 1500 тн-ыг авч судалгааг нь хийлгэж үзлээ. Тэнд илчлэг багатай хүрэн нүүрсийг шахмал түлш болгож илчлэгийг нь нэмэгдүүлэх технологийн туршилтыг хийлгэсэн. Өөрөөр хэлбэл, 2700 ккл-той хүрэн нүүрсийг 5200 ккл болгох туршилтын ажил амжилттай явагдсан. Мөн Германы эрчим хүч үйлдвэрлэгч RWA компани бас манай үйлдвэрт туршилт хийсэн. RWA нь Европын 30 орчим хувийн эрчим хүчийг хангадаг том газар. Одоо үргэлжлүүлээд судалгаа хийж байна. Ийм газруудаар судалгаа хийлгүүлж байгаа нь эцсийн үр дүндээ Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг хангах, Монгол Улсын үйлдвэржилтийн бодлогын гол хөшүүрэг болсон газрын тосыг орлох бололцоо нэмэгдэж байгаа юм.
-Үйлдвэр баригдсанаар нефтийн хараат байдлыг хэр зэрэг бууруулах бол?
-Эдийн засгийн бүхий л урьдчилсан судалгаануудыг бид гадны мэргэжлийн компаниудтай хамтарч гүйцэтгэсэн. Өдгөө дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ 35 ам.доллараас илүү байгаа тохиолдолд нүүрсийг хийжүүлэн шингэрүүлээд бензин үйлдвэрлэж авах нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэсэн судалгаа байдаг. Гэтэл өнөөдөр нефтийн үнэ хэд болчихоод байгаа билээ. Нефтийн хомсдол даамжирах нь гарцаагүй болчихлоо. Тэгэхээр нефтийн үнэ буурах хандлага огт байхгүй. Оросоос шатахууны 100 хувь хамааралтай манай улсын хувьд дотооддоо бензинээ үйлдвэрлэснээрээ газрын тос, нефтийн бүтээгдэхүүний хараат байдлыг тодорхой хэмжээнд бууруулж чадна.
-Ямар төрлийн шатахууныг ямар технологиор гаргаж авах вэ. Мөн үйлдвэрийн хүчин чадал нь ямар байх бол?
-Хүрэн нүүрсийг хийжүүлээд хийгээ шингэрүүлэн метанол гаргаж авах юм. Метанолоосоо АИ-92-той адил химийн орц найрлагатай бензин үйлдвэрлэхийг л гол зорилгоо болгосон. Энэ бензинийг гаргаж авахын тулд юуны түрүүнд ил уурхайг зохион байгуулах шаардлагатай. Мөн үйлдвэрийнхээ эрчим хүчний хэрэгцээг дотоодоосоо хангах зорилго тавьж, 300 мгв-тын хүчин чадал бүхий цахилгаан станцыг тус орд дээр барьж байгуулахаар төлөвлөөд байна. Үйлдвэр маань жилдээ 400 мянган.тн шатахуун гаргаж авах хүчин чадалтай. Энэ үйлдвэрийн хэрэгцээнд 300 мгв эрчим хүч үйлдвэрлэх чадал бүхий цахилгаан станц барина. Ингэснээрээ ил уурхай, эрчим хүч, жилдээ 400 мянган тн бензин үйлдвэрлэх аж үйлдвэрийн цогц төв бий болж байгаа юм.
-Шатахууны үнээ нэлээд хямд тогтоосон гэсэн. 2017 он гэхэд одоогийн тооцоолсноор байж чадах болов уу?
-Гадны инженер техникийн байгууллагуудтай хамтран олон жилийн хамтын ажиллагааны судалгааны үр дүнд энэ тооцооллыг гаргаж ирсэн. Бүх үнийн өсөлт, хэлбэлзэлийг харгалзсан байгаа. Урьдчилсан байдлаар литр бензины үнэ 1200 төгрөг байхаар тооцоо гаргасан. Тооцооллын энэ аргачлал цаг хугацааны хувьд нэлээд дөхүүлдэг. 10-20 жилийн дараахь байдлаар тооцоогүй, ердөө таван жилийн хугацааны тооцоо учраас харьцангуй бодитой тоо гэж үзэж байгаа. Гэхдээ өнөөгийн байгаа нөхцөлөөрөө явах юм бол өсөх нь тодорхой зүйл. Хамгийн гол нь үйлдвэрийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах.
-Жилдээ 400 мянган тн шатахуун үйлдвэрлэнэ гэхээр дотоодын хэрэгцээний хэдэн хувийг хангана гэсэн үг вэ?
-Манай улс одоогоор 800-гаас сая тн нефтийн бүтээгдэхүүн импортоор оруулж ирж байгаа. Сая тн гэж бодоод үзэхэд бид 40 орчим хувийг нь хангах юм. 2017 онд үйлдвэр, уул уурхай ашиглалт маш ихээр нэмэгдэнэ. Тэр хэрээр нефть бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ ихэснэ. Мэдээж хэрэг ДНБ-ий хэрэгцээ өнөөдрийнхөөс хэдэн хувиар өснө. Тийм болохоор өнөөдөр яг тодорхой тоо хэлэх амаргүй.
-300 мгв-ын цахилгаан станц гэдэг бол маш том хөрөнгө оруулалт. Магадгүй эрчим хүчээ импортлох шаардлага гарч болох юм?
-Юуны өмнө бид дотоод хэрэгцээгээ хангах, зүүн бүсийн эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах зорилготой. Өнөөдөр Чойбалсан хот 35 мгв-ын хүчин чадалтай станцтай. Энэ станц үндсэндээ Дорнод аймаг болон зүүн бүсийн гурван аймаг буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатарыхны эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж байгаа. Гэтэл зүүн бүсэд аж үйлдвэрийн томоохон цогцолборууд нэмэгдэхээр яригдаж байна. Энэ мэтээр дотоодын эрчим хүчний хэрэглээ өсөх учраас 300 мгв-ын станц зөвхөн манай өөрсдийн хэрэгцээнд байна. Илүүдэл эрчим хүчээ зүүн бүсийн гурван аймгийг хангахад зориулна.
-Адуунчулууны ордын нөөц нефтийн үйлдвэрийн хэдэн жилийн хэрэгцээг хангана гэж тооцоолж байгаа вэ?
-Тус ордын нөөцийг 47 жил ашиглах тооцоо гаргасан. Энэ бол 300 мгв цахилгаан станц болон 400 мянган тн бензин үйлдвэрлэх, ил уурхай олборлолтынхоо бүхий л эрэлт нийлүүлэлт бодолцож гаргасан шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаа.
-Ажиллах боловсон хүчин бэлэн үү. Хичнээн ажлын байр шинээр нэмэгдэх вэ?
-Зөвхөн ил уурхайд л гэхэд 280-350 ажлын байр, цахилгаан станц, шатахууны үйлдвэрт гээд нийтдээ 3000 гаруй хүний ажлын байр шинээр бий болно. Бид хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж болж байна. Технологийн хувьд асуудал алга. Хамгийн гол боловсон хүчний асуудал хүнд. Энэ чиглэлээр мэргэшсэн хүн дутмаг байна. Гэхдээ манай компани тус үйлдвэрт ажиллах инженер техникийн ажилтнуудаа Япон, Герман, Швейцарь, Орост сургаж байгаа.
-Аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулах нийт хөрөнгө оруулалт хэд вэ. Гаднаас хөрөнгө оруулалт авах уу?
-Хоёр тэрбум ам.доллараар барилга байгууламж босно. Нарийвчилсан зураг төслийг Германы компаниар сая гаруй ам.доллараар гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн. Хөрөнгө оруулалтыг өөрсдөөсөө л гаргана. Мэдээж хэрэг гадны томоохон банк санхүүгийн байгуууллагуудаас дэмжлэг авах нөхцөл яригдаж байна.
-Төр засгийн зүгээс ямар дэмжлэг авч байна. Дэд бүтцийн асуудлыг яаж шийдэх юм?
-Төр засгийн зүгээс дэмжлэгээсээ дарамт үзүүлэх нь их шүү дээ. Одоохондоо төр засгаас айхтар дэмжсэн ч юм алга. Садаа болсон ч юм алга. Гэхдээ 300 мгв-ын цахилгаан станцыг барих зөвшөөрлийг олгох шатандаа явж байна. Дэд бүтцийн хувьд ямар нэгэн нөлөөлөлгүйгээр үндэсний хэмжээний төмөр замын төсөл хэрэгжээд явж байна. Тэгэхээр асуудалгүй болж байна гэсэн үг. “Мянганы зам” гээд тийшээ явж байна. Автозам, төмөр зам ашиглалтад орчихвол бусад асуудал гайгүй дээ. Эрчим хүчийг бид өөрсдөө үйлдвэрлэнэ.
-Шатахууны үнийн өсөлтийг та хэр бодитой гэж үзэж байна?
-Нефть импортлогчид ярьж байгаад зөвхөн ашиг орлогоо бодоод нэмчихээгүй нь тодорхой. Тэртээ тэргүй олон улсад ч гэсэн нефть өсч байгаа. Нефть импортлогчдод Засгийн газраас 10 тэрбум төгрөгийн торгууль оногдуулж байх шиг байна лээ. Маргааш нөгөөдрөөс нефтийн компаниуд хариу мэдэгдэл гаргах сурагтай байна.
Зохиогчийн эрх “Өдрийн сонин”