Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг хэлэлцлээ

Үдээс хойш хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын агентлагуудыг орон нутагт байршуулах агуулга бүхий Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцлээ.

Эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг гишүүд хэлэлцсэн юм. Энэ үеэр гишүүн Э.Бат-Үүл “2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч онц байдал тогтоож, улмаар МҮОНРТ-ээс бусад хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг зогсоосон нь буруу байсан” хэмээлээ. “Хүний эрх, эрх чөлөөг УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хязгаарладаг байтал Ерөнхийлөгч хэвлэл, мэдээллийн үйл ажиллагааг зогсоосон. УИХ дараа нь нөхөн шийдвэр гаргасан. Цаашид ингэж болохгүй” гээд Засгийн газрын төсөлд олон зүйл заалтыг хэтэрхий ерөнхийлж оруулсан байна гэж Э.Бат-Үүл гишүүн хэлсэн юм. Тухайлбал, хүний нэр төр, алдар хүндэд халдвал гэсэн шалтгаанаар сэтгүүлчдийг хэрэгт татна гэсэн заалт оржээ. Иргэний нэр төрд халдаж болохгүй боловч төрийн албаныхныг шүүмжилж болохгүй гэсэн агуулгыг үүний цаана оруулж таарахгүй гэж байлаа.

Хуулийн төсөлд Хэвлэлийн консул буюу зөвлөлийг Ерөнхийлөгчийн дэргэд байгуулна гэснийг Э.Бат-Үүл гишүүн хэвлэлийн эрх чөлөөнд халтай, ноцтой хуулийн төсөл орж иржээ гэсэн юм. Мэдээллийн эх сурвалжаа илчлэх хэд хэдэн тохиолдлыг нэрлэснийг мөн эсэргүүцэж байлаа. Тэрбээр хуулийн төслийг буцаах саналтай байгаагаа ч илэрхийллээ. Өмчлөгчийг зарлах гэдгийг УИХ-ын зарим гишүүн эсэргүүцэж байсныг нуусангүй.

Гишүүн Су.Батболд хэвлэлийг хөрөнгө оруулагч, редакц, санхүү, эздийн дарамтаас ангид байлгах, сэтгүүлчдийг дарамтаас чөлөөлөх ёстой гэсэн юм. Өмчлөгчийг ил зарлах ёстой, хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлж, захиалгат сэтгүүл зүйг халъя гэсэн байр суурьтай байлаа. Гишүүн Н.Энхболд хуулийн нэрийг Хэвлэн нийтлэх, мэдээлэх эрх, эрх чөлөөний тухай хууль гэж өөрчлөх саналтай байв. Хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн дийлэнх дэмжиж гишүүн У.Бат-Үүл цөөнх боллоо.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Үүнийг тун боломжийн төсөл хэмээн Э.Бат-Үүл гишүүн үнэллээ. Энэ төсөлд “сэтгүүлч мэдээллийн эх сурвалжаа нууцлах үүрэгтэй” гэснээрээ “ийм эрхтэй” гэсэн Засгийн газрын төслөөс давуу гэсэн юм. Гишүүн Су.Батболд хэвлэл, мэдээллийн байгууллагын хөрөнгө оруулагч, өмчлөгч, эздийг зарладаг байх, өөрчлөлт орсон тухай бүр нийтэд зарладаг байх нь зүйтэй гэж байв. Зарлаагүй тохиолдолд 300 мянгаас нэг сая төгрөгөөр торгоно гэсэн нь дэндүү бага байна гэлээ. Гэхдээ төсөлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэгээс гурван сая төгрөгөөр торгохоор тусгасан юм байна. Энэ төсөлд хэвлэлийн консулыг сэтгүүлчдийн нийтийн хурлаар байгуулахаар тусгажээ.

Энэ бол хэвлэл, мэдээллийн суурь хууль гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа анхааруулж байсан юм. Төсөлд хариуцлагын гурван шатлалыг тусгажээ. Нэгд, хуулийн, хоёрт, олон нийтийн, гуравт, өөрийн өмнө хариуцлага хүлээхээр тусгасан байна. Тухайлал, захиалгат нийтлэл, нэвтрүүлэгт заавал тэмдэглэл хийж өгөхөөр оруулсан байна. Мөн улстөрчид хэвлэл, мэдээллийн хэрэгсэл өичлөх нь жирийн гишүүдээс илүү аюултай гэдгийг Э.Бат-Үүл гишүүн анхааруулсан юм. Гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашигт харшлах зүйлийг нийтэлж нэвтрүүлэхийг хориглох нь хэвлэийн эрх чөлөөнд харшлахгүй гэж байлаа. Гишүүд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахыг дэмжсэнээр байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж