4 цаг ажиллахгүй байх хугацаанд тус хуудсаар зочилсон хүмүүс Онлайн оюуны өмчийн хулгайг зогсоох акт болон Оюуны өмчийг хамгаалах актын тухай мэдээллийг л олж харах боломжтой байх гэнэ.
Уг шийдвэрийг “Википедиа”-г үндэслэгч Жимми Уэйлс редакторууд болон бичээчдийнхээ санал асуулгын үр дүнд гаргажээ. Учир нь тус сайтынхан энэхүү үйлдлээрээ АНУ-ын эрх баригчдын хэлэлцэхээр зэхэж буй "Интернэтийн ертөнцөд оюуны өмчийг хамгаалах тухай" хуулийн төслийн (Stop Online Piracy Act) эсрэг тэмцэх зорилготой юм байна.
“Хуулийн муу төсөл интернэтийн чөлөөт ертөнцөд саад болох нь” хэмээн “Википедиа”-г үндэслэгч Жимми Уэйлс тэмдэглэжээ. Тэрбээр хэрвээ хууль хэрэгжиж эхэлвэл “Википедиа” сайтын ажил хүндрэлтэй болох нь ойлгомжтой боллоо хэмээн үзэж буй аж.
"Интернэтийн ертөнцөд оюуны өмчийг хамгаалах тухай" энэхүү хуулийн төсөлд заасанчлан интернэт сүлжээний үйл ажиллагаанд оролцож байгаа хэн ч зохиогчийн эрхийг эзэмшигчийн шаардлагаар үйл ажиллагаагаа зогсоох ёстой болж байгаа ажээ. Ингэснээр интернэтэд хязгаар тавьж үг хэлэх эрх чөлөөг боогдуулан, интернэт сүлжээг хөгжихөд саад болж байна хэмээн үзэж байгаа юм.
Өмнө нь “Yahoo”, “Facebook”, “Twitter”, “eBay”, “Google” зэрэг томоохон интернэт компаниуд дээрх хуулийн төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байжээ.
Гэвч энэхүү хуулийн төслийг дэмжигчид бас бий. Тэд бол Холливудын студиуд юм. Тэдний үзэж буйгаар энэ хууль нь "байгууллагын орлого, ажлын байр, оюуны өмчийг хамгаалахад хэрэгтэй" хэмээн мэдэгджээ.
Хэрэв хуулийн төслийг дэмжвэл эрх баригчид хууль бусаар контент тавигдсан цахим хуудсуудыг хаах боломжтой болох юм байна.