Ч.Хүрэлбаатар сайдын халах жагсаалтад хуучин АН-ын гишүүнчлэлтэй байсан агентлагийн дарга, дэд дарга, аймаг дүүргийн харьяалалтай дарга нарын нэр багтсан гэх. 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны хуулиар бол сайд, дэд сайд улс төрийн албан тушаал, харин Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд түүнээс доош нь төрийн албан хаагч юм. Төрийн албан хаагчид хуулийн дагуу намын гишүүнчлэлээсээ гарч төрд хоёргүй сэтгэлээр зүтгэхээр болсон. Гэтэл намаа орхиж төрийн албаа сонгосон хүмүүсийг өмнө нь АН-д байсан гэх шалтгаар ажлаас нь өөрчлөхөөр болсон дуулдана. Тэдний олонх нь хамтарсан Засгийн газраас ч өмнө ажиллаж байсан хүмүүс. Гэвч өнөөгийн Засгийн газар УИХ-ын гишүүдийн шаардлагаар гэсэн шалтгаанаар ийм арга хэмжээ авахаар жагсаалт гаргасан гэнэ. Шатахууны үнэ хөөрөгдсөн дуулианаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандахад арга хэмжээ авахдаа дэд дарга Б.Доржпаламыг хамт халжээ. Гэтэл Б.Доржпалам АН-ын экс гишүүн байсан аж.
Ажлаас халах жагсаалт гаргажээ
Засгийн газрын бүрэлдэхүүнээс АН гарахаа мэдэгдээд удаагүй, орны сайд нар ч томилогдоогүй байгаа энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар албан тушаалаас нь халах хүмүүсийн жагсаалт гаргасан тухай сонсогдож эхлэв.
Д.ОЮУН