Хадгаламжийн даатгалын төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Хадгаламжийн даатгалын төслийг дэмжлээ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хадгаламжийн даатгалын тухай, уг хуулийг дагалдан гарах төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Олон улсын практикт санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлэх, бүтцийн өөрчлөлттэй холбоотой зардлыг хямдруулах үүднээс дараах гурван функцийг төр дангаараа аль эсвэл хувийн хэвшлийн оролцоотойгоор бий болгох шаардлагатай гэж үздэг байна. Үүнд

1.Эцсийн зээлдэгчийн функц (Lender of last resort);

2.Санхүүгийн хяналт шалгалтын функц (Financial Supervision);

3.Хадгаламжийн даатгалын функц (Deposit Insurance) аж.

Монгол Улсын хувьд эдгээр функцуудээс эхний хоёрыг нь үндсэндээ бүрэлдүүлэн бий болгож, Төв банкинд хариуцуулан явж байгаа боловч төсөвт учруулах дарамтыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг хадгаламжийн даатгалын тогтолцоотой холбоотой хууль, эрх зүйн зохицуулалтыг хараахан бий болгоогүй байгаа аж.

Монгол Улс банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд 1995 оноос 2009 оны хооронд 340 орчим тэрбум төгрөгийн зардал гаргажээ. Цаашид дотоод, гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалан санхүүгийн хямрал гарахгүй гэсэн үндэслэл байхгүй тул төсөвт учруулах дарамтыг бууруулах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн тогтвортой өсөх нөхцөл бололцоог бүрдүүлэх үүднээс иргэдийн мөнгөн хадгаламжийн даатгалтай холбоотой харилцааг зохицуулах хуулийг батлан гаргах шаардлагатай болсон гэж уг хуулийн төслийн танилцуулгад дурджээ.

Энэ зорилтын хүрээнд олон улсын туршлага болон Монгол Улсын банк, санхүүгийн салбарын төлбөрийн чадвар зэргийг судлан, хадгаламжийн даатгалд банкнаас бусад санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламжийг даатгалд хамруулах эсэх, хадгаламжийн даатгалын хураамжийг банкны санхүүгийн чадварт үндэслэн ялгавартай тогтоох, хамтын хадгаламжийг даатгалд хамруулах эсэх, банкинд тавих хяналтын системийг боловсронгуй болгох, банкны ил тод байдлыг сайжруулах болон бусад шаардлагатай зарчмуудыг хэрхэн тусгах талаар холбогдох судалгаа дүгнэлтийг хийжээ. Ингээд Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулсан аж.

Монголд хадгаламжийн даатгалыг нэвтрүүлэх нэг чухал шаардлага нь төрөөс банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргасантай холбоотой тул хадгаламжийн даатгалд эхний ээлжинд зөвхөн банкуудыг хамруулахаар төсөлд тусгажээ.

Хадгаламж эзэмшигчийн даатгагдсан хадгаламжийг тооцохдоо даатгалын тохиолдол үүссэн өдрийн байдлаар хадгаламж эзэмшигч бүрийн тухайн банкинд эзэмшиж буй бүх хадгаламжийн дүн болон гэрээний дагуу хуримлагдсан хүүгийн дүнг нэгтгэж, хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь даатгалын тохиолдол үүссэн өдрийн байдлаарх бүх өглөгийг гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн хамт хасч тодорхойлохоор тусгаж өгсөн байна. Түүнчлэн даатгалын тохиолдол үүсвэл Корпораци даатгагдах хадгаламж эзэмшигчдийн тухайн банкин дахь нийт төгрөг ба валютын хадгаламжийг 20 сая төгрөг хүртэл хэмжээгээр нөхөн төлөх нь.

Хадгаламжийн даатгалын санг байгуулах бөгөөд түүний хөрөнгийг бүрдүүлэх болон хэрхэн зарцуулах, мөн түүний хөрөнгө оруулалтын талаарх асуудлуудыг төсөлд тусгажээ. Хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэхэд санхүүжилтийн асуудал чухал бөгөөд даатгалд хамрагдах банкуудаас хураан авсан шимтгэл, хураамж, хадгаламжийн даатгалын байгууллагын хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанаас олох орлогоос санг санхүүжүүлэх аж.

Хадгаламжийн даатгалын гишүүн банкуудын хүлээх үүргийг төсөлд нарийвчлан тусгажээ. Банкууд эхлэлтийн, улирлын ба онцгой хураамжуудыг төлөх бөгөөд эхлэлтийн хураамж нь тухайн банкны дүрмийн сангийн доод хэмжээний 1 хувьтай тэнцэх хэмжээний, мөн онцгой хураамжийн хувь хамгийн ихдээ жилийн 0.5 хувь байхаар тусгаж өгчээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж