-БГД-ийн иргэн Д.Долгор:
-Мэдээж дэмжиж л таарна. Манай улс төрд эмэгтэйчүүдийн уян хатан мэдрэмж, аливаа асуудалд ухаалгаар хандаж чаддаг тэр чанар дутаад байна. УИХ-д сууж байгаа эмэгтэй улстөрч арай л цөөдөөд байна. Хатан ухаан гэдэг аугаа зүйл шүү дээ. Хаадууд хатдынхаа ухаанаар төрийг жолоодож байсан түүх нь байна. Олон газраар явж юм үзэж, судалсан ухаалаг, төр түшилцэх эмэгтэйчүүд байна шүү дээ. Д.Оюунхорол, Д.Арвин, С.Оюун гээд маш цөөхөн хэдэн эмэгтэйчүүд төрд байна. АН-аас лидер улс төрч эмэгтэйчүүд гармаар байна. Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа гэх зэрэг нэр дэвших эмэгтэйчүүдээ сойж байгаа талаар өдөр болгон хэвлэл мэдээллээр цацаж байна. Би дэмжиж байна. Гарах хэрэгтэй. Сүүлийн үед нийтийн эзэмшлийн талбай, ялангуяа ахмадын амрах, хүүхдийн тоглох газрууд дээр барилга байгууламж олноор баригдаж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна гэсэн бидний гомдлын дагуу Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуйтай хамтран ажиллах санамж бичигт С.Одонтуяа гарын үсэг зурсан нь хамгийн чухал цаг үеэ олсон ажил болсон юм.
-БГД-ийн иргэн Н.Наранбаатар
-Ц.Оюунгэрэл, С.Оюун шиг эмэгтэйчүүд нэр дэвшвэл дэмжинэ. Бусад улс төрчдийн хувьд мэдэх юм алга. МАН-аас гарсан эмэгтэй улс төрчид юм хийхгүй байна. Улс төрд гарчихаад иймэрхүү байдлаар хандаад байвал хэн дэмжих вэ дээ. Одоо нийгэм тэр чигээрээ эмэгтэйчүүдийг дэмжинэ гэж ярьж байна. Хүн хүний бодол өөр л дөө гэхдээ миний бодол бол мэдээж дэмжинэ. Төрийг төлөөлөх хүмүүст эмэгтэйчүүд байж яагаад болохгүй гэж. Эмэгтэйчүүд нэр дэвшээд гараад ирвэл 100 хувь дэмжинэ.
-ЧД-ийн иргэн Ц.Батжаргал:
-Болно ш дээ. Мэдээж эмэгтэй хүн. Ар гэрийн түшиг тулгуур нь эмэгтэй хүн байдаг шиг. Улс орныг удирдан залахад эмэгтэй хүний ухаан хэрэгтэй байлгүй яахав. Нэр дэвших эмэгтэйчүүд манай тойрогт гараад ирвэл шууд л дугуйлна. Эр хүн гүндүүгүй, хээгүй сайхан байх хэрэгтэй байдаг. Гэтэл энэ эрэгтэй улс төрчид худлаа хэлж, хулгай луйвар хамгийн сайн хийж байна. Хэн дахиж итгэж гаргах вэ дээ. Харж л байгаарай. Нам болгоноос нэр дэвшсэн эмэгтэйчүүд бүгд гарна. Энэ сонгуульд.
-БГД-ийн иргэн Н.Борчулуун:
-Ер нь бол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын тулд эмэгтэйчүүд гарах ёстой. Дээр үед АИХ-ын депутатуудын ес нь эмэгтэйчүүд байсан. Тухайн үед цаг үе ямар байсан билээ. Тэр үед ингэж олноороо улстөрд орж ирсэн байхад одоо байгаа хэдхэн гишүүд арай л цөөдөөд байна. АН-аас яагаад эмэгтэйчүүд улстөрд орж ирээдүйг гайхаж байна. Чадалтай эмэгтэйчүүд олон байна. Хүнээ олж сонгож чадахгүй байна. Ухаалаг, ямар ч асуудалд тууштай хандаж чаддаг нь манай эмэгтэйчүүдийн давуу тал. Гэхдээ ард түмэн сонголтоо хийхдээ буруу хийгээд байна. Боловсролтой, эрдэмлэг эмэгтэйчүүдээ дэмжээрэй гэж хэлмээр байна. С.Одонтуяа гэхэд л БГД-ийн Эрүүл мэндийн нэгдэл болон 20-р хорооны өрхийн эмнэлэгтэй хамтран алслагдсан хороо болох 20-р хорооны иргэдэд эмэгтэйчүүд, Эхо оношлогоо, зүрх судас, БЗХӨ-ний оношлогоо, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн, зөвөлгөө өгч, эрүүл мэндийн болон сайн дурын үзлэг, шинжилгээ зэргийг үнэ төлбөргүй хийлгэсэн. Энэ мэт цаг үеийнхээ асуудлын олж хардаг хүмүүс улс төрд хэрэгтэй байна.
-СБД-ийн иргэн Н.Эрдэнэчимэг:
-Дэмжилгүй яахав. Чадалтай л бол дэмжих хэрэгтэй. Монголын шилдэг сэхээтэн эмэгтэйчүүд олон байна. Тухайлбал гадаадад боловсрол эзэмшээд ирсэн Ц.Оюунгэрэл, “Отгонтэнгэр” их сургуулийн үндэслэгч гэгддэг Д.Оюунхорол, Эдийн засагч С.Одонтуяа гээд нэрлээд байвал мундаг сэхээтэн бүсгүйчүүд олон байна. Хэн ч байсан дэмжинэ. Эмэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээ дэмжихгүй бол өөр хэн дэмжих вэ дээ. Сонгуулийн хуулиараа ч 20 хувийн квот тогтоосон нь талархууштай хэрэг болсон.
-БГД-ийн иргэн Н.Давааноров:
-Эмэгтэйчүүд төрийн тэргүүн болж, улс орны амьдралыг залаасай гэж хүсч хүлээж байдаг хүн. Одоо арай л цөөхөн байна. Улам илүү их болоосой. Үүний тулд ард түмэн тэднийг сонгоосой гэж хүсч байна. TV5 телевизийн захирал байсан Д.Сарангэрэл, АН-ын мундаг ном бичсэн боловсролтой хүүхэн Ц.Оюунгэрэлээр маш их бахархсан. Англи хэлээр ус цас шиг ярьж, ямар ч хурал цуглаанд торохгүйгээр ярьдаг мундаг боловсролтой бүсгүй. Эгч нь өөрөө АН-ын дэмжигч. Тиймээс С.Одонтуяа, М.Батчимэг гээд намынхаа лидер улс төрч бүсгүйчүүдээр бахархаж, бардамнаж явдаг хүн. Чадвартай шилдэг сэхээтнүүд Монголд олон байна. “Иргэн та баялаг” сан Монголын 50 гаруй ТББ-тай хамтран Залуусын төлөө “ЗА” гэж хэлье уриалга гарган төсөл хөтөлбөр боловсруулан ажиллаж төсөл хөтөлбөр, уриалгынхаа хүрээнд “Төрийн бодлогыг залуусын хүмүүжилд” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулсан байна лээ. Энэ нь зөв алхам болж чадсан. Бид манай тойрогт нэр дэвших С.Одонтуяаг дэмжиж байгаа.
-ХУД-ийн иргэн Ц.Болд:
-Дэмжинэ. Асуулт байхгүйгээр шууд дэмжинэ. Өмнөх сонгуулиас л тэр яриад байгаа квотоо өндөр тогтоож намын шилдэг эмэгтэйчүүдийг гаргаж ирэх хэрэгтэй байсан юм. С.Оюун гээд шилдэг улстөрч байна. Чингис хааныг эх хүн хүмүүжүүлсэн. Тиймээс ард түмнийг эх хүн л хүмүүжүүлэх ёстой. Төрийн тэргүүнд нь эмэгтэй хүн байх ёстой юм. Мандухай цэцэн хатан төрийг хэрхэн авч явсныг түүх харуулдаг. Тиймээс төр түшилцэх эмэгтэйчүүд олон байх тусмаа сайн байна.
-ХУД-ийн иргэн Д.Цэцэгмаа:
-Эмэгтэй хүн гэр орны ажил хийх ёстой гэсэн хуучирсан үзэл баримтлал алга болсон. Эрдэмтэй, ухаалаг, нийгмийг өөрчилж чадах, хөгжлийн хөтөч болох эмэгтэй улстөрч олон байгаатай хэн ч маргахгүй болов уу. Хэвлэл мэдээллээр бид эмэгтэйчүүдийг харж байна. Ном бичсэн ч эмэгтэйчүүд бичиж байна. Өнөөдөр хэн нь хэн бэ, улс төрд хэн хэрэгтэй юм бэ гэдгийг бид ялгаж салгадаг боллоо. Хэн нь тэгээд шилдэг юм бэ гэж асуух хүн гарах л байх. Та нар сайн судал, унш, хар, тэртэй тэргүй тэднийг нийгэм хүлээн зөвшөөрч, улс төрийн хатуу амьдрал тэднээр дутаж байна. Би магтаад байгаа ч зүйл байхгүй. Ерөөсөө л улс төрд эмэгтэйчүүд дутаж байна. Мундаг, мундаг ном бичсэн, эрдэмтэн бүсгүйчүүд олон байна. Бид бахархах хэрэгтэй.
-ЧД-ийн иргэн Х.Батсүх:
-Мэдээж дэмжинэ. Ах нь энэ асуудлыг дэмжиж явдаг хүн. Одоо арай цөөнө хүн байна. Бид тууштай дуугарч чадвал шилдэг эмэгтэй улстөрч олноор төрж гарна. Даанч энэ талаар огтхон ч мэдээлэл өгөхгүй. Тэднийг олон нийтэд таниулах ажил ховор байна. Залуу хүмүүс улстөрд гарах ёстой.
-БЗД-ийн иргэн Г.Батсүх:
Эр эм гэж ялгах хэрэггүй л дээ. Хамгийн гол нь асуудлаа мэддэг эмэгтэйчүүд улс төрд гармаар байна. Одоо байгаа МАН-ын хоёр гишүүн юу ч хийхгүй юм. Зүгээр л сууж байна. Тэр Д.Оюунхорол гээд овоо мэдлэгтэй бүсгүй юм болов уу гэсэн чинь нэмэр алга. Зүгээр л хов ярьж суудаг эмэгтэй хүний зангаар улс төрд хандаад байна. Ингэж болохгүй шүү дээ. Улс төр гэдэг хатуу тоглоом тэр хэрээр эмэгтэйчүүд маань хатуужилтай болж, ямар ч асуудалд эрэгтэй хүнээс дутахгүй шийдвэр гаргадаг баймаар байна.
Эх сурвалж: www.mminfo.mn