Стосур Австралийн нээлттэй тэмцээнийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Стосур Австралийн нээлттэй тэмцээнийг орхилоо

Талбайн теннисний “Их дуулга”-ын цуврал дөрвөн тэмцээний 2012 оны анхных нь болох Австралийн нээлттэй тэмцээн нэгдүгээр сарын 15-нд Мелбурн хотноо эхэллээ. Энэ жилийн хувьд эмэгтэйчүүдийн төрөлд Америкийн Венус Уильямс болон Германы Андреа Петкович нар тэмцээнийг өнжиж буйг эс тооцвол теннисний энэ цагийн бүх шилдгүүд Мелбурнд цуглаад байна. Энэ жилийн тэмцээний шагналын сан 8,2 сая ам.доллар бөгөөд ганцаарчилсан төрлийн эрэгтэй, эмэгтэй төрөлд түрүүлсэн тамирчид тус тусдаа нэг сая гаруй ам.долларын мөнгөн шагнал хүртэх юм.

Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн нэгдүгээр тойргийн тоглолтууд өндөрлөх дөхөж буй энэ үед австраличуудын найдвар болсон, өнгөрсөн жилийн Америкийн нээлттэй тэмцээний аварга, дэлхийн чансааны зургаад эрэмбэлэгдэж буй Саманта Стосур эхний тойрогт Румины Сорана Криститэй тоглож, 6-7, 3-6-аар ялагдал хүлээлээ.

Саманта Стосурын хувьд өнгөрсөн жилийн Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлэхдээ Австраличуудийн тасалдаад байсан “Их дуулга”-ын цомыг 31 жилийн дараа авчирснаараа онцлог байлаа. Түүний энэхүү амжилт Австрали тамирчдад сэргэлт болж чадсан бөгөөд чансаагаа 2000 оноогоор ахиулж, оны төгсгөлд мастеруудын цувралд оролцож байсан билээ. Австралийн тэргүүн теннисчнийг нутаг дээр нь буулган авсан Румины Сорана Кристигийн хувьд дэлхийн чансааны 59-д эрэмбэлэгдэж байгаа бөгөөд “Их дуулга”-д үзүүлж байсан хамгийн өндөр амжилт нь 2009 оны Францын нээлттэй нээлттэй тэмцээний 1/8-д шалгарч байжээ.

Эрэгтэйчүүдийн хувьд дэлхийн чансааны 38-д эрэмбэлэгдэж буй Австралийн Вернанд Томис дэлхийн чансааны 22-т эрэмбэлэгдэж буй Испаний Фернандо Вердассог 4:6, 6:7, 6:4, 6:2, 7:5-аар хожсон нь Стосурыг алдаад байсан Австраличуудын хувьд нэгэн сэргэлт боллоо. Бусад шилдгүүдийн хувьд эхний тойргийн учраагаа буулгасаар байна.

Ийнхүү энэ жилийн анхны “Их дуулга” өрсөлдөөн эхтэйгээр эхэлж байна.

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж