Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Сайдыг томилох асуудлыг л хуулиар зохицуулдгаас биш сайд гэдэгт хуулиар тогтоосон шалгуур байхгүйг ойрын өдрүүдийн үйл явдлууд харуулах нь ээ. Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарснаар тэдний үлдээсэн зургаан сайдын оронд Ардын нам томилгоо хийж буй. Энэ хүрээнд У.Хүрэлсүх, Н.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарын нэр цохогдож, тэд сайдаар томилогдох нь тодорхой болж буйг хэвлэлүүд мэдээллээ.

Улс төрийн томилгоонд үйлчилдэггүй учир төрийн албаны зөвлөлөөс тавьдаг шалгуур, болзол зэргийг энд дурдах шаардлагагүй байх. Тэгэхээр сайд хүн ямар байхыг хуульчлаагүй гэсэн үг боловч олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэлэмжээр шалгуур хийх ёстой баймаар.

Эрх барьж буй намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн зөвлөхөөс яамны Төрийн нарийн бичгийн дарга хүртэл алба хашсан, хашиж буй эрхмүүдийг шалгуураар шүүгдээгүй гэж хэлэх мэдээж учир дутагдалтай. Харин Сангийн сайдад яригдаж буй Д.Хаянхярваа, Батлан хамгаалахын сайдад дэвшиж буй Ж.Энхбаяр, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад магадлалтай Ц.Дашдорж нарын хувьд улс төрийн хүрээнд болон олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэлэмж чухам юу вэ?

Д.Хаянхярваа Дархан-Уул аймгийн Засаг дарга байх хугацаанд Хонгор суманд ямар хүнд асуудал үүсч байсныг хүмүүс мартаагүй. Иргэдийн амьд явах, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байхад төрийн хүлээх үүрэг юу байх нь тодорхой. Гэтэл Хонгор суманд хүн, мал химийн бодисын шууд болон шууд бус нөлөөнд хордсоор буй нь илт байхад төрийн захиргааны байгууллага нь гадаад, дотоодын шинжээчидтэй нийлж, “аюултай зүйл алга” гэсэн дүгнэлтээр оршин суугчдынхаа амыг нь тагласаар байгаад мартагнуулсан. Хориннэгдүгээр зуунд хамгийн төвлөрсөн аймгийн оршин суугчид бөөн бөөнөөрөө “хамуурч”, хөгшин залуугүй хорт хавдраар өвчлөх болсны шалтгаан нь хувь хүний ариун цэвэр, ахуйн дэглэмийн муугийнх болоод өнгөрсөн. Аюулгүй орчинд амьдрах эрхээ хөндүүлээд зогсохгүй нэр төрөө гутаалгасан Хонгор сумынхан одоо ч Засаг дарга асан Д.Хаянхярваагаас гомдол нэхэх эрхтэй. Асуудал өмнө нь ийм байдлаар хурцдаж байсан ч тэрбээр УИХ-ын гишүүн болж, халдашгүй хамгаалалтад орж амжсан. Харин одоо Засгийн газрын гишүүн болох гэж байна. Түүнийг уг албанд томилох шалгуур нь “намын бүлгийн олонх нь дэмжсэн” гэдэг үзүүлэлт аж. Өнгөн дээрээ ийм шалгуур үйлчилсэн мэт боловч нидэр дээрээ түүнийг дараагийн сонгуульд тойроггүй үлдээж байгаагийнхаа шанд нам нь уг суудлыг өгч буй гэнэ. Сайдыг ийм шалгуур, хэмжүүрээр томилж болох уу?

Мөн УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийг бүтээн байгуулалт хариуцсан салбарын сайдаар томилох гэж байгаа нь ч олон нийтэд харамсалтай байна. Тэр үйлдвэрлэгч, гэхдээ тамхи үйлдвэрлэгч. Улс төрийн соёл, сонгогчдын боловсрол төлөвшсөн улс орнуудад, хамгийн ойрын жишээ гэхэд Японд архи тамхи үйлдвэрлэгчдийг парламентад нэр дэвшихийг нь хуулиар хориглосон байдаг аж. Хортой бөгөөд монополь ашигтай ийм бизнесийнхнийг улс төрийн шийдвэрийг худалдан авах замаар өөрсдийн тал гаргуулах аюултай гэж үздэг байна. Монголд үүнийг хуулиар хориогүй боловч мөн л олон нийтийн хандлага, үнэлэмжийн төвшинд таашаахгүй байгааг ч хэлэх нь зүй.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэдийгээр генералын хүү боловч энэ цол, тушаал үе дамжин өвлөгддөг зүйл биш. Цэргийн сургуулиас хөөгдөж байсныг нь болоод генерал эцэгтэйг нь эс тооцвол Батлан хамгаалахын сайд болох шалгуур нь юу вэ гэдэг мөн л эргэлзээтэй. Олон нийтийн зүгээс шүүмжлэл, хэл ам дагуулсан ч гэлээ улс төрийн “өөр” шалгуур, шүүлтүүрээр шигшигдсэн ийм л нөхдүүд зургаан сарын хугацаанд алба хаших нь тодорхой болж байна. Хугацаагаа дуусгаад тэд явна, ард нь юу үлдэх вэ? Сайд гэж хэн байх ёстой юм бэ гэдэг жишгийг тэдний хэм хэмжээгээр цаашид үнэлэх үү? Ийм л асуултыг энэ удаагийн томилгоо үлдээх нь байна.

З.БОРГИЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж