Эдийн засагт тус болохгүй ч хорлохгүй байя

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Эдийн засагт тус болохгүй ч хорлохгүй байя

Сүүлийн үед үнэтэй холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй ам дамжсан цуурхал арай хэтэрч байх шиг. Автобусанд суусан ч үнэ, таксинд суусан ч үнэ, дэлгүүрт орсон ч үнийн өсөлт ярьсан хүмүүс болж хувирлаа. Шатахууны үнэ нэмэгдсэн. Гэхдээ нийгэм даяараа “Одоо бусад бараа, үйлчилгээний үнэ дагаад өснө” гэж таамаглан ярьж, өөгшүүлэх хэрэг байна уу. Эргэлзээтэй, тодорхой бус зүйлийн талаар хэн бугай ч байсан асуудал тодорхой болохоос нааш үг унагахыг хүсдэггүй биз дээ. Гэтэл үнийн өсөлттэй холбоотой мэдээлэлд мөн ялгаагүй ингэж л хандах ёстой атал манайхан яагаад ам дамжуулан ярьж, цуурдаг юм бол оо. Бодит үнэний дуу хоолой болох учиртай сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн үнийн мэдээлэлд “уургач морь” мэт ханддаг. Гэхдээ тэд эдийн засгийн эмзэг сэдэв гэж үзэж болох үнэтэй холбоотой түмэн асуудлын дундаас бодит үнэнийг шүүрдэж олон нийтэд хүргэх үүргээ биелүүлдэг бол “уургач морь” шиг байхыг нь буруутгах биш, харин ч ажлаа сайн хийж байна хэмээн  олзуурхах ёстой. Гэтэл тийм биш.

Бензиний үнэ нэмэгдэх нь гэнгүүт л өлгөж аваад “Одоо таксины үйлчилгээний хөлс талийж өгөх юм байна. Нэг километрт  600 төгрөгийн үнэ мөрддөг байсан бол одоо 800 бүр 1000 төгрөг болох юм байна л даа. Талх тарианы үнэ нэмэгдсэн гэнэ үү…” ийм  урьдчилан таамагласан, үнэ хөөрөгдсөн яриаг сэтгүүлч хүн огтхон ч ярьж болохгүй юм. Хэрвээ сэтгүүлч  таксинд суучихсан явж байгаад  дээрхийн адил яриа сонслоо гэхэд дэмжсэн ч юм уу мэдэмхийрсэн үг өгүүлбэр цухуйлгаж болохгүй. Яагаад гэвэл үнэнийг мэдэх гээд үгэнд дурлаад буй  тухайн жолоочид  бодит мэдээллийг нь олж хүргэх хүн Та учраас тэр. Үнэ нэмэгдэх, үгүй нь тодорхойгүй байхад “Өсөх гэнэ ээ” гэсэн ам  дамжсан яриа үнийн өсөлтийг угтан гэрлийн хурдаар тархаж нийгмийг тэр чигт нь “шоконд” оруулж байгаа бол сэтгүүлч таны ажил муу байна гэсэн үг. Үнийг  “үзмэрдэх” нь хамгийн муу зүйл гэдгийг манай хэвлэлийнхэн яс махандаа ойлгож аваасай. Сонин хэвлэл, радио, телевизээр сэтгүүлчдийн мэдэмхийрч яриад байгаа эдийн засгийн тухай мэдээлэл, материалыг  үзэж, уншаад ичиж үхдэг тухайгаа  надад нэгэн танил эдийн засагч  маань сонирхуулж байсан. Тэрхүү мэргэжлийн хүний амнаас зарим мэргэжил нэгт нөхдийнхөө алдааны  тухай нүүр рүү нь хараад сонсоход миний хувьд нүүрнээс минь гал бутрах шиг болсон юм. Хамгийн  харамсалтай нь, ялангуяа үнэтэй холбоотой ам дамжсан  мэдээллийн сургаар ямар нэгэн зүйл олж сонсохыг хүсэж, ам уралдуулаад буй тэр хүмүүс бодит бус мэдээллийн нийгэмд үзүүлэх хор уршгийг огт  мэдэхгүйд хамаг учир буй. Харин сэтгүүлчид бол тэднээс өөр байх ёстой. Өөрөөр хэлбэл, үнэ өсөж байна гэсэн бодит бус мэдээллүүд үнэ өсөх тухай цуу яриа үнэн болоход ташуур болох вий гэсэн болгоомжлол бас ухаарал сэтгүүлч танд байх ёстой шүү дээ. Үүнийг харж болох хамгийн ойрын жишээ гэвэл саяхны  бензиний үнийн өсөлт юм.  Тэгвэл ийм бодит бус мэдээллийг гэрлийн хурдаар тархах  эхлэлийг хэн тавьж байгаа вэ гэдэг дээр тогтож анхаарал хандуулъя. “Эдийн засгийг улс төрчид, сэтгүүлч, зарим эдийн засаг мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг  нөхдүүд  эвдэж, сөрөг нөлөөлөл авчраад  байна” хэмээн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Б.Отгонтөгс дүгнэв. Тэрбээр “Мах, гурил, шатахуун, валют гэх мэт бүтээгдэхүүний ханшийн өсөлттэй холбоотой мэдээлэлд  сэтгүүлч нар  нухацтай хандаж,  олон талын байр суурь, эрх ашгийг бодолцох хэрэгтэй” гэсэн юм.

Мөн СЭЗДС-ийн Эдийн засгийн тэнхмийн эрхлэгч, доктор, профессор Ц.Батсүх “Ам дамжсан мэдээллээр эдийн засаг удирдуулаад байна. Хүлээлт гэдэг чинь нийгэмд тарж буй мэдээлэл. Олон нийт мэдээлэлд үндэслээд шийдвэр гаргачихаад байна. Түүнээс миний бодит цалин өнөөдөр хэд билээ гэдгээ боддоггүй. Юм ховордох нь, барааны үнэ өсөх нь гэсэн хийсвэр мэдээллийг илүүд үзэж байна. Эдийн засгийг бодитоор удирдах боломж нь мэдээллийг  зөв сувгаар түгээх шүү дээ.Тиймээс үүний эсрэг зөв мэдээллийг хүргэх хэрэгтэй” хэмээн учирласан юм. Үүнд хэвлэл мэдээлллийн байгууллагын гүйцэтгэх үүрэг их болохыг эдийн засагчид онцолсон юм. Өөрөөр хэлбэл, Отгонтөгс эдийн засагчийн хэлсэнчлэн эдийн засагч гэсэн тодотголтой л байх юм  бол хамаагүй яриулаад байж болохгүй нь. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч зарчимтай байх учиртай. Нэг үгээр хэлбэл, цуурхалыг бодит мэдээллээр нам дарах хэрэгтэйг Батсүх багш зөвлөсөн хэрэг. Гэтэл үнэ, үнийн өсөлтийг хэвлэл мэдээллийн байгууллагынхан буруу ташаа мэдээлэх, хэт улстөржүүлж мушгин гуйвуулах болсон. Мөн үнэтэй холбоотой мэдээлэлд хэвлэлийнхэн өрөөсгөл хандах нь эдийн засаг эмтэрч, зах зээлд тогтворгүй байдал үүсэхэд  нөлөөлдгийг  эндээс харж болох. Шорвог хоол хэзээ амттай байлаа. Үүнтэй адил хэт  давстай мэдээлэлд иргэд хордож мэдэхийг ийн хэлсэн хэрэг.

Мэдээлэл өөрөө мөнгө болчихсон өнөө цагт  сэтгүүлч ядуу, ядмагхан сэтгэж даанч болохгүй нь. Тиймээс л эдийн засгийн мэдээ мэдээлэлд сэтгүүлчид өөрсдөө шинэчлэл хийх цаг болсныг Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс уриалаад байгаа билээ. Хамгийн үнэн зөв  мэдээллийг зөвхөн  сэтгүүлчид  бичиж байвал нийгэм эрүүл буйн шинж. Эс тэгвээс  эдийн засгийн “алуурчин” нь сэтгүүлч  бид өөрсдөө болж таарах нь. Орой бүр үнийн өсөлт, өдөр бүр сонины тэргүүн нүүрэнд үнийн дарамт байх нь иргэдийг улам л бачууруулж буй. Иргэдийн амьдралд уг нь сэтгүүлч гарц нээж өгөх атал хорлоод байгаа юм биш биз. Хөгжих гэж ядаж байгаа эдийн засагт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн тус болж чадахгүй юмаа гэхэд хорлохгүй байх юмсан.

Б.Баяртогтох

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж