Нийслэлийн Засаг даргын санаачлагаар энэ сарын 20 нд “Хөрөнгө оруулалт 2012” зөвлөгөөн болох гэж байна. Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Авто замын газраас хамтран зохион байгуулах энэ арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч нар хариуцсан салбартайгаа холбоотой илтгэл тавих юм. Мөн Газрын харилцаа, барилга геодези зураг зүйн газрын хэлтсийн дарга Б. Гантулга “Зураг төслийн ажлыг хянан баталгаажуулах ажил”-ын талаар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Ням-Очир “Зам барилгын гүйцэтгэлийн ажилд тавигдах шаардлага”-ын талаар илтгэл тавихаар болжээ. Түүнчлэн “Төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг санхүүжүүлэх үйл ажиллагааны чиглэл”-ийн тухай илтгэлийг Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү хөрөнгө оруулагчдад тавих юм. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодлого чиглэл буюу концесстой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Баатарзориг зөвлөгөөнд оролцсон аж ахуй нэгжийн удирдлагуудад өгнө. Энэ долоо хоногийн баасан гаригт Монголын хүүхдийн ордонд болох “Хөрөнгө оруулалт-2012” зөвлөгөөн аж ахуйн нэгж, компани, хөрөнгө оруулагчдад нээлттэй байна. Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотод энэ жил хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл авах боломжтой юм.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn